БИ ЧАМД ХАЙРТАЙ, ЧИ МИНЬ ТӨГС ШҮҮ, ОДОО ӨӨРЧЛӨГД

БИ ЧАМД ХАЙРТАЙ, ЧИ МИНЬ ТӨГС ШҮҮ, ОДОО ӨӨРЧЛӨГД

 “Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дор хүлээн авч, түүнд хэрэг болох аливаа юманд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байсан юм.” Ром 16:2   

“Би чамд хайртай, чи минь төгс шүү, одоо өөрчлөгд” гэдэг нь нэгэн хошин жүжгийн нэр юм. Энэ жүжигт бид хэн нэгэн хүнийг анх зүгээр л гайхамшигтай хэмээн түүнд галзууртлаа дурладаг хэр нь хожим түүнийг өөрчлөх гэж тэмцдэг байдлыг элэглэжээ. Бид заримдаа үглэн яншдаг. Тэгснээ заримдаа ятгаж, заримдаа аргалж, заримдаа заналхийлдэг. Гэлээ ч хань ижил маань тэглээ гээд өөрчлөгддөггүй. Гахайд дуулахыг зааж буйтай яг адил. Тэглээ гээд гахайд ч тааламжтай байхгүй, таны хайран цаг зав ч дэмий үрэгдэнэ. Үүнийг мэдсэн хэр нь л Адам Евагийн цаг үеэс авахуулан өнөөг хүртэл хүмүүс өөрийн гэрлэсэн нэгнээ өөр хүн болгох гэж хичээсээр...
Яг үнэндээ эр эм хүйсний хүмүүс адилхан өөрчлөлтийг хүсэн хүлээдэг. Ялангуяа сүйт бүсгүй гэрлэхдээ гуравхан зүйлийн тухай боддог. Нэгдүгээрт, БИ аавдаа хөтлүүлээд гэрлэх ёслолын танхимын голын эгнээгээр явна. Хоёрдугаарт, би сүйт бүсгүй байснаа, эхнэр болж ӨӨРЧЛӨГДӨНӨ. Гуравдугаарт, би ТҮҮНИЙ хамт сайхан амьдарна. Ингээд ямар ч эхнэр хүн “Би чамд хайртай, чи минь төгс шүү, одоо өөрчлөгд” гэсэн араандаа орж “Би нөхрөө өөрчилнө” гэсэн ажиллагаанд ордог.
Тэгэхээр та гэрлэсэн хүнээ өөрчлөх гэж хичээж буйгаа ажиглаж байсан уу? Хэрэв та үнэхээр өөрчлөлтийг олж харахыг хүсэж байгаа бол танд гурван зарчмыг санал болгоё. Энэ гурван зарчим таны амьдралд үйлчлэх нь баталгаатай юм шүү.
Зарчим 1: Хань ижлээ өөрчлөхийг хичээхээ больж, түүнийгээ “байгаагаар нь” хайрла. Хайр хүний байгаа байдлаас нь эхэлдэг. Харин өөрчлөлт бол тухайн хүний амьдралд Бурханы Ариун Сүнс ажлаа хийж буйн үр дүн билээ. Өөрчлөлт бий болохын тулд учир шалтгаан байх зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл та хүний өмнөөс өөрчлөлтийг хүсэх нь тухайн хүний дотор зан төлөвийн жинхэнэ өөрчлөлтийг бий болгохгүй нь лавтай.
Зарчим 2: Бурханы хүссэн хүн болж өөрөө өөрчлөгдөхийг хичээгээрэй. Бид бусдыг өөрчлөх гэж үнэхээр их цаг хугацаа, эрч хүчийг зарцуулах нь их билээ. Тэгтэл бид өөрсдөө ямар хүн болж өөрчлөгдөх ёстой гэдэгтээ зориулах цаг зав бидэнд даанч үлддэггүй. Өрөөлийг зөв хүн болгоход биш, харин өөрөө зөв хүн байхдаа анхаараарай.
Зарчим 3:  Бурхан хань нөхрийн чинь зүрх сэтгэлд ажлаа хийж эхлэхийн төлөө залбирч эхлээрэй. Эмэгтэйчүүд ихэнхдээ “Миний нөхөр Христитгэгч биш шүү дээ” гэж хэлэхэд нь би тэднээс “Та нөхрийнхөө төлөө залбирч, Бурхан түүнийг Өөртөө аваасай гэж гуйсан уу?” гэж асуудаг. Тэд “Тэгсэн, би залбирсан” гэдэг. Тэгвэл “Миний нөхөр Христитгэгч арай болж амжаагүй” гэж ярихыг би тэдэнд зөвлөдөг. Ингэснээр Бурхан таны гуйлтыг сонсож, Өөрийнхөө хүссэн цагтаа таны хань ижлийн зүрхэнд ажлаа хийх болно гэсэн хүлээлтийг та тусган харуулна.
Би чамд хайртай, чи минь төгс шүү, одоо өөрчлөгд. Ингэж хэллээ гээд өөрчлөлт бий болохгүй. Харин “Би чамд хайртай. Чи минь төгс шүү. Бурхан бидний амьдралд ажлаа хийж хамтдаа өөрчлөгдье” гэвэл энэ нь Бурханы хүсэл юм.


БУРХАН БИДНИЙ АМЬДРАЛД АЖЛАА ХИЙЖ ХАМТДАА ӨӨРЧЛӨГДЬЕ