ХАЙР БОЛ БОДИТ ЗҮЙЛ

ХАЙР БОЛ БОДИТ ЗҮЙЛ

“...Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг.” Ром 5:5

 “Хайраар дүүрэн байхад даван туулж чадахгүй зовлон бэрхшээл гэж үгүй. Хайраар дүүрэн байхад эдгээж чадахгүй өвчин гэж үгүй. Хайраар дүүрэн байхад нээж чадахгүй хаалга гэж үгүй. Хайраар дүүрэн байхад нураан буулгаж чадахгүй хана гэж үгүй. Хайраар дүүрэн байхад зольж аварч чадахгүй нүгэл гэж үгүй. Гагцхүү хайраар дүүрэн байж чадвал та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай, хамгийн хүчирхэг нэгэн болно” гэж яруу найрагч Емметт Фокс шүлэглэсэн байдаг. Гэтэл түүний үгэнд нэг алдаа байна. “Та гагцхүү хайраар дүүрэн байж чадвал”...
Хайрын хүчний тухай ярих нь нэг зүйл. Харин өөрт ирсэн дайралтаас ч илүү хүчтэй хатуу хахир хайраар хайрлах нь тэс өөр зүйл юм. Ихэнхдээ бидний хайр яг л туяхан цэцэг шиг эмзэгхэн. Цөлийн халуун салхи үлээмэгц л бидний хайр шууд л гандаж үгүй болдог. Онолын хувьд хайр хэдий үзэсгэлэнтэй ч амьдрал дээр хатуу хахир байдаг юм.
Тэгэхлээр нэгдүгээрт: “Би хайрыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Яавал үр хүүхдээ илүү ихээр хайрладаг ээж аав болох вэ? Гэр бүлийнхээ хайр хүрмээргүй гишүүдийг яаж хайрлаж чаддаг болох вэ?” гэдэг нь гол асуудал юм.
Ер нь хүний зүрх сэтгэл гайхмаар зүйл гэдгийг би хамгийн түрүүнд онцлон яримаар байна. Анд минь, таны зүрх сэтгэлд хэдэн зуун хүнийг хайрлах, тэр байтугай хэдэн мянган өөр өөр хувь хүнийг хайрлах чадвар бий. Хамгийн гол нь та хувиа хичээдэггүй байх хэрэгтэй. Учир нь хувиа хичээгч хүнд бусдыг хайрлах зай үлддэггүй бөгөөд өөр өөр хувь хүнийг хайрлах чадвараа гацааж орхидог.
Миний хуваалцах хоёрдугаар ажиглалт: Хайр бол золиос. Гэхдээ жинхэнэ хайр хэзээ ч төлөөсөө тоолдоггүй. Өнөө цагт ихэнх нь бусдаас авах зүйлсийнхээ тухай боддог бол харин жинхэнэ хайр зориулалт бөгөөд золиос билээ. Энэ нь та өөрийгөө болон өөрт байгаа юмсаа өөр хэн нэгэнд өгөхийг шаардана. Үүнд таны оюуны чадамж, таны сэтгэл хөдлөл, таны бие махбод болон таны сүнс бүгд багтана. Өөрөөр хэлбэл, золиос дотор бүгд багтана. Энэ нь бусдын ашиг сонирхлыг өөрийн ашиг сонирхлоос дээгүүр тавина гэсэн үг.
Гуравдугаарт:  Хэрэв танд хайр үгүй бол өөр хэнд ч хайрыг өгч чадахгүй. Хүн өөрт байхгүй зүйлээ хуурамчаар үйлдэх боломжгүй. Элч Иохан “Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр.” (1 Иохан 4:8) гэж бичсэн байдаг.
Хайр гэдэг мэдрэмж юм уу эсвэл сэтгэл хөдлөл биш. Хайр бол хүч юм. Энэ нь эдгэрлийг бий болгодог агуу хүч. Харилцааг салшгүй болгодог наалдан пад. Өвчнийг илааршуулдаг гавар. Амьдралын өдөр тутмын хуурайшилд түрхдэг тос.  Зүрх сэтгэлийг баяр хөөрөөр дүүргэдэг шидэт ундаа. Харилцан хамааралтай хүмүүст амьсгал авах боломжийг өгдөг хүчилтөрөгч юм. Хайр бол сая дурдагдсан зүйлс бөгөөд үүнээс ч илүү зүйлүүд юм.


ЭНЭ ХАЙР НЬ НИГҮҮЛСЛИЙН СЭНТИЙН ӨМНӨ БАЙХ БӨГӨӨД  ТА ЗӨВХӨН ЗАЛБИРСНААР АВЧ ЧАДНА.