ХАЙР ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛЫГ ҮГҮЙ БОЛГОДОГ

ХАЙР ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛЫГ ҮГҮЙ БОЛГОДОГ

“Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс. 13 Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил” Колоссай 3:12-13

Флоренс Олшорн бол Сүмийн Илгээлтийн Нийгэмлэгээс Уганда улс руу илгээлтээр явсан хүн юм. Гэхдээ энэ нь нар мандаж жаргахын хооронд далай тивийг туулан гаталдаг хурдны усан онгоц бүтээгдэхээс өмнөх үйл явдал л даа. Флоренсээс өмнө тэнд хэд хэдэн илгээлтийн эзэд очсон боловч бүгд сэтгэлээр унаад буцсан гэдэг. Буцах шалтгаан нь хэл ус мэдэхгүй байдал ч юм уу эсвэл цаг агаар,  хорхой шавж биш. Учир нь тэнд бүр урьд нь ирсэн, төмөр шиг хатуу үзэл баримтлалтай нэгэн ахмад илгээлтийн эзэн эмэгтэй байсан юм. Ямар сайндаа л тахал гарахад зогсоохын тулд бүхэл бүтэн тосгоныг ганцаараа шатааж байх вэ дээ.
Өөрт нь оногдсон сууцандаа ирэнгүүтээ л Флоренсийн хувьд урьд нь илгээлтээр ирсэн эзэд яагаад буцах болсон шалтгааныг даруй мэдсэн юм. Тэр сууц дундаа хөшигтэй. Төмөр хатагтайн тал маш гоёмсог тав тухтай. Гэтэл Флоренсийн талд ор, ширээ, сандал гурвыг эс тооцвол хоосон өрөө байж. Энэ нь мэдээж муу хэрэг боловч гол асуудал нь тэр ахмад эмэгтэйн зан аашинд байсан юм. Тэр эмэгтэй туйлын ааштай, тогтворгүй зантай, хэд хэдэн өдрийн турш Флоренстэй огт яриагүй гэдэг. Ер нь бол өмнөх илгээлтийн эздийн адил бараг л бууж өгсөн байлаа.
Хэрэв энэ газар тогтож үлдмээр байвал Флоренс, ахмад илгээлтийн эзэн эмэгтэйгээс хэл сурах ёстой байлаа. Гэхдээ тэр Библи дэх хайрын бүлэг болох 1 Коринт 13-р бүлгийг санав. Тэрээр “Хэрэв Бурхан надад энэхүү илгээлтийн эзэн эмэгтэйг хайрлахыг зааж өгөхгүй бол, өөрөөр хэлбэл би өөрөө хайрлаж сурахгүй бол миний тусламжийг хүлээж буй хүмүүсийг би яаж хайрлаж чадах билээ дээ” гэж дүгнэв. Ингээд 1 Коринт 13-р бүлгийг жилийн турш уншиж аль хэдийн үзэн ядаад эхэлсэн ахмад эмэгтэйн төлөө чин сэтгэлээсээ залбирч эхлэв. Үүний үр дүнд тэрээр өнөөх эмэгтэйгээс олж харж байгаагүй сайхан чанаруудыг нь харж эхэлжээ. Ингээд эцсийн эцэст Бурхан түүнд үзэн яддаг байсан хүнээ хайрлахыг зааж өгчээ.
Флоренс Олшорн тэмдэглэлдээ “Хүнийг хайрлана гэдэг Христийн хайраар түүнийг байгаагаар нь хүлээн авч хайрлана гэсэн үг. Тэр хүн өөрийн гэм буруугаа хаяад, өөр болох хүртэл нь хүлээнэ гэвэл энэ хайр биш. Ингэж байж л түүнийг зорилго руу нь хөтлөхийг хэлнэ” гэж бичжээ. Таны хань ижил ч бай, эсвэл таны өсвөр насны хүү, охин ч бай, хэрэв та хүнийг өөрийнхөө төгс хүнээ болтол нь хүлээгээд дараа нь түүнийг хайрлах гэж байгаа бол та магадгүй тэр хүнийг хэзээ ч хайрлаж сурахгүй.
Бид гэрлэлт дотор сайн хань болж чаддаггүйн нэг шалтгаан бол эхнэр буюу нөхрөө хэн нэгэн болгон өөрчлөх гэж шамддагт байгаа юм. Шамдаж байхдаа өөрөө ямар хүн байх ёстойгоо мартдаг нь хамгийн том гарз.


ӨӨРӨӨ ЗӨВ ХҮН БАЙХ НЬ ЗӨВ ХҮНИЙГ ОЛЖ ГЭРЛЭХЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ ЮМ.