СЭТГЭЛИЙН ГОО САЙХНЫ ХАГАЛГАА

СЭТГЭЛИЙН ГОО САЙХНЫ ХАГАЛГАА

Бурхан “Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ” Эхлэл 1:26

Танд Англи улсад болдог Крафтсын нохойн өндөр зэрэглэлийн уралдааны үеэр тохиолдсон нэг зүйлийн тухай ярьж өгье. Энэ уралдаан хамгийн сайн нохдоо дэлхий нийтэд үзүүлэн болгож онгирдог уралдаан юм. Гэтэл уралдааны дээд байранд шалгарсан Денни гэх бээжин хав, гоо сайхны мэс засалд орсон гэж буруутгагдав. Нэлээдгүй шуугиан болсны дараа Денни “Аварга цолоо Бурханаас заяасан бие төрхөөрөө шударгаар олж авсан гэдэг” нь тогтоогджээ. 
Нохойн эзэн Алберт Ийсдон “Нью Иорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Гол асуудал нь  хүмүүс зүгээр л “Ямар хөөрхөн нохой вэ?” гэж хэлээд сэтгэл ханамж авч чаддаггүйд байгаа юм” гэж ярьжээ. Тэгвэл бодит байдал дээр хүмүүн бид ч гэсэн гоо үзэмждээ сэтгэл хангалуун байж чаддаггүй. Толинд хараад гоо заслын мэс ажилбарт орчихвол мөн чанараа өөрчилж чадна гээд итгэчихсэн явдаг. 
Тэгвэл гоо сайхны мэс ажилбаргүйгээр, мөн өр ширэнд орохгүйгээр гадаад төрхөө эрс өөрчлөхийг та хүсэж байна уу? Миний зөвлөгөөг дагагтун. Танд баталгаатай өөрчлөлт гарах болно. 
1-рт: Хэн нэгэнд тоогдох гэж байгаа юм шиг бүү инээмсэглэ.  Харин хүүхэд рүү харж байгаа юм шиг чин сэтгэлээсээ инээмсэглээрэй. Баримт дурдахад, аз жаргалгүй хүн инээмсэглэдэггүй. Тиймээс хуурамч биш, чин сэтгэлээс гарч буй инээмсэглэл таны гадаад төрхийг ямар ч гоо сайхны хагалгаанаас илүүтэйгээр өөрчлөх хүчтэй. 
2-рт: Амьдралд ач холбогдолтой зүйлсэд анхаар. Бусдын хэрэгцээг олж хараад, хангахыг хичээгээрэй. Энэ үед  та нүднийхээ дор үрчлээтэй байна уу, эсвэл гарын чинь арьс тэнэгэр биш байна уу гэдгийг анзаарахаа болино. Тэгээд дотроос чинь гарч ирэх гоо үзэсгэлэн таныг засаж өөрчилнө. 
3-рт: Хандлагаа засаж тохируул. Учир нь хандлага бүхнийг тодорхойлдог. Юуны түрүүнд ивээл ерөөлөө тоологтун. Та дутуу зүйлээсээ зуурахаа болиод болж байгаа зүйлдээ анхаараарай. Өөртөө хэтэрхий анхаарал хандуулж зовниж байсныхаа төлөө Бурханаас уучлалт гуй. Мөн бусдыг анзаардаг, өвдөлт шаналал, хэрэгцээ болон гарз хохирлыг харж чаддаг зөөлөн зүрх сэтгэлийг Бурханаас гуйгаарай.
4-рт: Бусадтай цагийг хамт өнгөрүүл. Өөрийнхөө жижигхэн ертөнцөд өлгийдүүлсэн мэт, зөвхөн л “Би ямар харагдаж байна. Бусад хүн миний тухай юу гэж бодож байна.  Би өөр хэн нэгэн шиг харагдахын тулд яах ёстой вэ?” гэж боддог хүнээс илүү өчүүхэн зүйл гэж үгүй.
5-рт: Зорилготой амьдар. Та юуны тулд амьдарч байна вэ? Хэдийгээр та үзэсгэлэнтэй, гоё биетэй, ганган байлаа ч дотоод сэтгэлдээ туйлын ядуу байж болох юм. Тиймээс Зорилготой амьдралыг Бурхан л өгч чадах тул Түүнийг амьдралдаа  оруулаарай.  
Мэдээж хамгийн сайхан дүр төрхтэй болохыг би дэмждэг. Гэхдээ Бурхан таныг яаж өөрчлөхийг хүсэж байна, тэр хүн нь болохыг зөвшөөрөөрэй. Тэгвэл та утга учиртай, аз жаргалтай амьдрах болно. 


ДОТООД ЗҮРХ СЭТГЭЛИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭНТ ТАНЬ, ГАДААД ТӨРХИЙГ ЧИНЬ УЛАМ ИЛҮҮ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХАРАГДУУЛНА.