ЗАЛУУ НАСНЫ УНДАРГА

ЗАЛУУ НАСНЫ УНДАРГА

“Гоёл чинь үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.” 1 Петр 3:3-4

Кристофор Колумб шинээр нээсэн тивээ орхиод гэртээ харихаар шийдэх үед түүний далайчдын нэг Хуан Понче Де Леон одоогийн Пуерто Рикод үлдэхээр болов.
Түүний үлдсэн шалтгаан “Одоогийн Куба улсаас хойд зүгт нууцлаг нэгэн усны ундарга бий. Түүнд өөрийгөө булхсан хүн залууждаг” гэсэн цуу яриаг сонссонд байлаа. Ингээд 1513 онд Понче Де Леон одоогийн Флорида мужийн эрэгт бууж, Мөнхийн залуу насны ундаргыг хайж эхлэв. Харамсалтай нь олсонгүй. Олох нь бүү хэл өөрөө найман жилийн дараа нас барсан юм.
Гэтэл өнөө цагт энэхүү залуужуулах ундаргыг, гоо сайхны мэс ажилбар орлох болжээ. Улмаар гоо сайхны хагалгаанд орох хүмүүсийн тоо гэрлийн хурдаар өсөж байна. Зөвхөн эмэгтэйчүүд л тав, арван насаар залуужихыг хүссэнгүй. Эр эмгүй мөнгө нь байвал, байхгүй байсан ч өр тавиад ч болов гоо сайхны мэс засалд орохоос буцахгүй болжээ. Гэвч тавин нас хүрчхээд хорьтой юм шиг харагдах боломж үнэндээ байхгүй.  
Нэг асуулт асууя: Яагаад та өөрийгөө толинд харчхаад сэтгэл хангалуун бус байдаг вэ? Бүсгүйчүүд рүү нь эрчүүд харц шидэхгүй, Эрчүүдийнх нь араас хүүхнүүд гүйхгүй болохоор тэр... Үүнээс илүү “Залуу насны ундаргыг гадна талаас хийж, өнгөцхөн зүйлийг хүсдэг” байдал миний сэтгэлийг хамгийн их зовоож байна. Яагаад гэвэл хүний дотроос ундран гардаг амьдралын жинхэнэ гоо үзэсгэлэнг ор тас умартжээ.
Солонгосын мэргэ төлөгч Пак Сан-Жун Валл Стрит Жорнал сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс гоо сайхны мэс засалд орох болсноор  миний ажил дампуурч байна. Яагаад гэвэл гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн хэн нэгэн хүн над дээр ирэхэд би түүний царайг хараад мэргэ тавьж чадахгүй байна” гэсэн гэдэг.
Сахарын цөлөөс урагш байрлах Африкийн улсуудад амьдардаг, ДОХ-ын улмаас эцэг эхээ алдаж өнчирсөн 20 сая хүүхэд “Өөхөө яаж соруулах вэ? Харвингаасаа яаж салъя даа” гэдэгт санаа зовдоггүй. Тэдний хамгийн гол зовнил бол хангалттай хэмжээний хоол хүнс, унтах амрах орон байр, ирээдүйд итгэх итгэл найдвар юм.
Гэтэл бид “Би хэн бэ?” гэдэг нь “Би бусдад ямар харагдаж байгаагаас хамаагүй чухал” гэдгийг харж чадахаа больжээ. Мөн зөв зүрх сэтгэлтэй байж дотроосоо гэрэлтдэг төрөлхийн гоо үзэсгэлэнг мартсан байна. Мартаад зогсохгүй хэзээ ч гундахгүй, муудаж доройтохгүй, хэзээ ч моодноос гарахгүй гэдгийг нь ч умартжээ.
Тэгвэл тэр хэзээ ч моодноос гардаггүй залуу насны ундаргыг хаанаас олж авах вэ? Христ таны амьдралд орж, Тэр таны дотор амьдрах үед залуу насны ундарга дотроосоо гадагш гэрэлтдэг. Энэ нь нас нэмэх тусам улам л үнэ цэнэ нь нэмэгддэг.


ДОТООД ГОО САЙХНЫГ ЯМАР Ч ОО ЭНГЭСЭГ, ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ОРЛОЖ ЧАДАХГҮЙ.