КЕЛЛСИЙН НОМ

КЕЛЛСИЙН НОМ

 “Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг мөнхөд байна”. Исаиа 40:8

Хамгийн үзэсгэлэнтэй сайханд тооцогддог ном бол “Келлс”. Тэгвэл “Келлс гэж хэн бэ?” гэсэн асуулт төрнө. Гэвч “Келсс гэж хаана байдаг вэ?” гэж асуувал илүү тохиромжтой. Учир нь Келлс нь Ирланд улсад байсан нэгэн тосгон юм. Келлсийн Сүм дуганд санваартнууд шавилан суудаг байж. Тэд Шинэ Гэрээний эхний дөрвөн номыг уйгагүйгээр хуулан бичсэн. Бичихдээ урьд хожид хийгдэж байгаагүй хамгийн нарийн гоёмсог уран аргаар бичсэн юм. Мөн дэлхийн хамгийн шилдэг музейн уран зурагтай өрсөлдөхүйц зургуудаар чимжээ. Ийм учраас Хамгийн үзэсгэлэнтэй номд тооцогддог. Энэ бүтээл бүр VII-IX зуунд бүтээгдэхдээ түүхий эдээс гаргаж авсан бэх будгаар урлан хийгдсэн гэдэг.
Энэ бүтээл Ирландийн нийслэл Дублин дэх “Тринити” коллежийн номын санд одоог хүртэл хадгалагдсаар байна. Тиймээс би энэ номыг “заавал үзэх ёстой” жагсаалтынхаа нэгдүгээрт тавьсан байлаа. Тэгээд төсөөлж байснаас минь илүү гүн сэтгэгдэл үлдээснийг тантай хуваалцъя.
Тринитид очиход шилэн хоргод тавигдсан үзэсгэлэнт номыг үзэхээр дугаарлан буй маш их хүн байв. Би ч гэсэн ээлжээ хүлээн зогсохдоо номыг нямбайлан хуулж бичиж байсан үнэнч санваартнуудын тухай бодож эхэлсэн юм. Тэд малын арьсыг жижиглэн ойролцоогоор 23 см өргөнтэй, 33 см урттай хэрчмүүдэд хувааж дээр нь номоо хуулж бичээд, мөн хавтсыг нь модоор хийн савхиар бүрдэг байж. Номын өнгө будаг хүртэл маш сайн хадгалагдаж. Нарийн хийцтэй мөртлөө ийм үзэсгэлэнтэй зүйлийг бүтээсэн эдгээр уран гартай эрчүүд, эдүгээ биднийг гайхшруулж буй нууцлаг домог болоод үлджээ.
Хамгийн гол нь тэд урласан зүйл дээрээ нэр усаа тавьсангүй. Харин хуулж бичиж, зурж урласан номынхоо ач холбогдлыг илүүтэй онцолсон байлаа. Келлсийн ном тэнгэрэлч, араатан ба чөтгөр, гэгээнтэн ба нүгэлтэн, бас мэдээж Есүс болон шавь дагалдагчдынх нь зургаар дүрэн.
Дараа нь би номд бичигдсэн Сайн Мэдээний тухай бодов. “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн үгийг биелүүлээгүйн улмаас шашны аян дайн эхэлж улс орныг доройтуулсан тухай ч бодоод амжлаа. Учир нь шилэн хорго доторх ном сайн хадгалагдах боловч унших боломжгүй. Үүний адил Есүсийн үгийг дагаагүйгээс энэ бүхэн болсныг би тунгаасан юм.
Келлсийн ном бол замаасаа төөрсөн, гэртээ эргэж ирэх шаардлагатай дэлхийн хүмүүст зориулсан Бурханы хайрын захидал юм. Гэвч та “Би Ирландад шилэн хоргод буй номыг яаж унших вэ?” гэж бүү бодоорой. Эдүгээ Библи нь анх Латин хэлнээ бичигдсэн ч дэлхийн мянга мянган хэлнээ орчуулагдан таны гарт хүрсэн билээ. Энэ бол Бурханы хайр Түүний Хүү, Есүс Христээр илчлэгдсэн гайхамшигт түүх юм.  .
Хэрэв та Шинэ Гэрээг огт уншиж үзээгүй бол Иоханы Сайн Мэдээнээс эхлээд, дараа нь Матай номыг, тэгээд Марк болон Лук номуудыг уншаарай.


ГЭХДЭЭ ГОЛ НЬ ТҮҮХ АГУУЛГЫГ НЬ ОЙЛГОЖ АВААРАЙ.