БУСДАД ЗААЖ СУРГАХ ИТГЭМЖТЭЙ ХҮМҮҮС

БУСДАД ЗААЖ СУРГАХ ИТГЭМЖТЭЙ ХҮМҮҮС

 “Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.” 2 Тимот 2:2

Буухиа гүйлтийн тамирчид нэг нэгэндээ уралдааны савх мод дамжуулан гүйдэг. Үүний адил гүйлтийн зам дээр ч бай, эсвэл албан тушаал, итгэлийн үйлчлэлд ч гэсэн бусдад залгамж халаагаа дамжуулан өгөх нь амаргүй. Гэтэл хүний амьдралд үүрэг хариуцлагаа хэн нэгэнд дамжуулан өгөхөөс өөр аргагүй цаг зайлшгүй ирдэг шүү дээ. Өв залгамжлалаа дамжуулан өгөхгүй бол бага багаар хорогдсоор, дараагийн үеийнхэнд залгамжлуулан үлдээх үүрдийн үнэ цэнэ гэж бараг үгүй болдог.
Элч Паул үүнийг өөр дээрээ мэдэрсэн. Ром хотод хоригдож байсан шоронгийн өрөөнөөсөө “...Паулаас хайрт хүү Тимотдоо. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар амгалан байг” гээд л захидал бичсэн.  Захидалдаа  Тимотыг хувийн амьдралдаа зориг зүрхтэй байхын ач холбогдлыг онцлон тэмдэглээд “Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга” гэсэн байдаг.
Үүнийг орчин цагийн хэллэгт хөрвүүлбэл: “Тимот оо,.. Чи намайг олон хүний урд сургаал зааж байхыг сонссон. Харин одоо тэр хүмүүс бусдад зааж халамжлан хүмүүжүүлэх чадвартай байх ёстой. Тиймээс миний чамд хэлж ярьсан агуу үнэнүүдийг чи тэдэнд хэлж өгөөрэй” гэсэн үг.
Үүгээрээ Паул Тимотыг үргэлж түшин хажууд нь байж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тимот ч дараагийн үеийнхэнтэйгээ үргэлж хамт байхгүйг түүнд сануулж байсан. Тийм ч учраас ажил үүргийг нь үргэлжлүүлэн хийх хүмүүсийг сургаж бэлтгэхийг Паул Тимотод ятгаж байна.
Буухиа гүйлтийн савх модыг дараагийн тамирчинд дамжуулах нь нэлээд төвөгтэй үйл ажиллагаа. Савх модыг дараагийн тамирчны гарт бат бариулж, тамирчин тэр савхыг хүчтэй атгаад шинээр түлхэлт хийн хурдтайгаар урагш ухасхийж чадахгүй бол энэ үйл ажиллагаа бүхэлдээ бүтэлгүйтнэ. Хэрэв тамирчин уралдааны савх модыг унагаах юм уу бүдэрч хөл алдах юм бол тэр багийн хувьд уралдаан дуусаа л гэсэн үг.
Тэгвэл зарим нь уралдааны савх модыг нигүүлсэнгүйгээр дамжуулдгийг та анзаарсан уу? Тэд залуучуудад урагш гарч, үеийнхнийгээ удирдан дагуулах боломж нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тэгтэл бас өөр хандлагатай хүн бий. Хийж байгаа зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун, тухайн ажлыг өөр шиг нь сайн хийж чадах хүн үгүй гэж боддог нэгэн ч бий. Тиймээс бусдад өвлөн залгамжлуулах хэрэг байна уу? гэж тэд боддог.
Миний хувьд нэлээд удаан амьдарсан тул зааж сургаж ирсэн ахмад үеийнхэн минь тайз тавцан дээрээс буусаар буйг харж ирлээ. Тиймээс би “Ахмад үеийнхэн минь байсан ч болоосой. Тэгвэл хэн нэгэнтэй нь асуудлаа хуваалцах юмсан, эсвэл үүссэн нөхцөлийн талаар тэдний саналыг сонсох юмсан” гэж үргэлжид боддог боллоо.


ӨВ ЗАЛГАМЖЛАЛАА ДАМЖУУЛАН ӨГӨХГҮЙ БОЛ БАГА БАГААР ХОРОГДСООР, ДАРААГИЙН ҮЕИЙНХЭНД ЗАЛГАМЖЛУУЛАН ҮЛДЭЭХ ҮҮРДИЙН ҮНЭ ЦЭНЭ ГЭЖ БАРАГ ҮГҮЙ БОЛДОГ.