ХҮҮХДИЙГ БУЦААХ БОЛОМЖГҮЙ ТУЛ ЭХНЭЭС НЬ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛ

ХҮҮХДИЙГ БУЦААХ БОЛОМЖГҮЙ ТУЛ ЭХНЭЭС НЬ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛ

“Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг. Умайн үр жимс бол шагнал юм”. Дуулал 127:3-5

“Хэрэв бид хүүхдүүдээ халамжилдаг тэр хэмжээгээрээ, цэцэг ургамал ургуулж арчилдаг байсан бол өдийд ширэнгэн ой дунд амьдрах байсан” гэж Ургамал судлаач Лютер Бюрбанк хэлсэн байдаг.
Гэтэл ширэнгэн ой бүтээх хэмжээний хайр халамж зориулаад байхад зарим хүүхэд яагаад эцэг эхийнхээ үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг юм бол. Ийм хүүхэдтэй хүн “Болдогсон бол балчир үрээ, арай томоотой нэгнээр сольчих юмсан” гээд бодоод явж байж болох юм. Яагаад гэвэл “Хүүхэд өсгөнө гэдэг ийм хэцүү гэдгийг надад хэн нэг нь хэлэхгүй яасан юм бэ?” гээд цөхөрч буй ээжтэй таарч байлаа.
Тиймээс хүүхдийг бага балчир байх тусам жаахан зүйл дээр ч гэсэн буулт бүү хий. Өөрөөр хэлбэл “Хоолоо идсэний дараа аягаа хураана. Унтахдаа заавал шүдээ угаагаарай” гэж  та хэлсэн гэж бодъё. Аягаа хураасан боловч шүдээ угаагаагүй бол хэчнээн унтах гэж нойрмоглосон ч хүүхдийнхээ шүдийг өөрөөр нь угаалга. “За яах вэ миний хүү. Яг маргааш аягаа хураагаад, шүдээ угаагаарай” гээд л буулт  хийгээд байвал хүүхэд жаахан гэлтгүй зүйлд хувь хүнээс бие хүн болон төлөвших үйл явц нь удааширдаг. Тэр хэрээр өсвөр насан дээр ирэхдээ ээж аавынхаа үгийг хүлээн авч сонсдоггүй. Өөрийнхөөрөө зөрүүд нэгэн болдог. Барилгын хамгийн чухал нь суурь байдагтай адил хүн болон төлөвшихөд хамгийн чухал үе бол яах аргагүй өсөж яваа нас. Буулт хийхгүй гээд хүүхдэдээ тулган шаардалт хийхийг энд огт дурдаагүй. Харин хүүхдийг хүүхэд гэлтгүй хүндлэн харилцах тухай анхааруулмаар байна.
Дөрвөн настай хүүхдийг эцэг эх нь нэлээд тансаг зэрэглэлийн зоогийн газар дагуулан орж гэнэ. Зөөгч ирээд хүн бүрийн захиалгыг нямбайлан авахдаа дөрвөн настай хүүгээс “Та ямар хоол захиалах вэ?” гээд чин сэтгэлээсээ захиалга авчээ. Зөөгчийг хоолны захиалга аваад дуусахад хүү эцэг эх рүүгээ харснаа “Ямар гоё вэ. Зөөгч намайг жинхэнэ хүний ёсоор хүлээн авч захиалга авлаа” гэсэн гэдэг.
Та яг хүүхэдтэйгээ харилцдаг шиг хүмүүс тантай харилцвал ямар санагдах вэ? Заримд нь таатай сайхан санагдах хэдий ч зарим нэг нь хүлээн авч чадахгүй байх аа. Яагаад гэвэл бид хүүхэдтэйгээ харилцахдаа “Боль чи, Нүдээ аниад унт, Наадахаа асгалгүй аятайхан ид, Дуугүй л даалгавраа хий” гэх мэтчилэн харилцдаг шүү дээ. Энэ үед хүүхэд “Ээж аав надтай хүний ёсоор харилцахгүй байна” гэдгийг мэдэрдэг.


ХҮҮХДҮҮД БОЛ БИДНИЙ ТОЛЬ БИШ ГЭЖ ҮҮ? ЭЕРЭГ САЙН ХҮҮХДИЙГ ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ТАНААС ЭХЭЛЖ, БАС ТАНААР ДУУСНА ГЭДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТААРАЙ