СОНГОГДСОН ХҮҮХЭД

СОНГОГДСОН ХҮҮХЭД

Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.” (1 Петр 2:9)

Миний бодлоор бидний амьдарч буй зовлон шаналалаар дүүрэн дэлхийд тохиож болох хамгийн сайхан, хайраар дүүрэн үйл явдал бол хүүхэд үрчлэх буюу өргөж авах явдал. Өөрийг нь халамжлан хайрлах эцэг эхгүй хүүхэд асрамжийн газар байя гэж бодъё. Гэтэл өөр нэг хүн гарч ирээд “Би энэ хүүхдийг өөрийн үрээ болгомоор байна. Энэ хүүхдийг хайрлаж, хэрэгтэй бүхнээр хангамаар байна. Би түүний ээж эсвэл аав болмоор байна” гэж хэллээ. Үнэхээр гайхалтай гоё байгаа биз!
Тэгвэл юу гээч? Та Есүс Христийг өөрийнхөө Аврагчаа болгож авсан гэж бодъё л доо. Тэгэх юм бол та Бурханы гэр бүлд үрчлүүлсэн гэдгээ ойлгож байна уу? Тийм ээ, Бурхан таныг Өөрийнхөө гэр бүлдээ оруулахаар сонгосон гэсэн үг. Энэ тухай элч Петр ярихдаа: “Харин та нар сонгогдсон угсаа ... Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм” гэж хэлжээ.
Гэр бүлд шинэ үр мэндлэхэд ээж аав нь ямар ч хүүхэд байлаа гэсэн хүлээн авахаас өөр аргагүй биз дээ? Мэндэлсэн хүүхдээ буцаагаад, өөр хүүхэд захиалах боломжгүй шүү дээ. Гэтэл үрчлэх буюу өргөж авах явцад хүүхдийг сонгож авдаг юм. Нэгэн ээж өөрийн өргөж авсан үрдээ ингэж тайлбарлажээ. “Ихэнх хүүхдүүд ээжийнхээ гэдэснээс гардаг бол харин чи минь ээжийнхээ зүрхнээс гарсан юм шүү” гэсэн гэнэ.
Тэгвэл, анд минь, та Бурханы зүрхнээс мэндэлсэн шүү. Ефес номын 1:5 дээр биднийг“Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ.” гэсэн байдаг. Шинэ Гэрээний цаг үед Ром улсын хууль үйлчилж байсан. Тэр хуулиар бол үрчлүүлсэн хүү байгалийн жамаар төрсөн хүүгийн адил бүхий л эрх ямбыг өвлөн авдаг байжээ. Үрчлүүлэхээсээ өмнө боол байсан ч хамаагүй, тэр бүх эрх ямбыг эдлэх боломжтой байв. Урьд нь ямар нэг гэмт хэрэг үйлдсэн байлаа ч тэдгээрийг өршөөж, тэр хүүг түүгээр цаашид яллахгүй байсан. Тэр хүү шинэ нэртэй болдог. Мөн тэр хүү байгалиас заяасан хүүхдүүдтэй ижил хэмжээнд эцгийнхээ өмч хөрөнгийг өвлөн авч, тэр эрхийг түүнээс хэн ч буцаах боломжгүй болдог байв.
Та Бурханы хүүхэд болохдоо бас Түүний хүүгийн бүрэн эрхийг авдаг юм. (Галат 4:5) Харин та Түүнтэй Эцэг хүүгийн харьцаатай болж амжаагүй бол өөрийг чинь гэр бүлдээ авч багтаахыг Түүнээс одоо гуйгаарай. Тэгвэл та ч гэсэн Түүнийг “Аав аа” гэж дуудах боломжтой болно.


ТЭР БОЛ ТАНЫГ ҮНЭХЭЭР ХАЛАМЖЛАХ ТАНЫ ТЭНГЭРЛЭГ ААВ.