ҮР НӨЛӨӨТЭЙ ҮЛГЭР ДУУРАЙЛ

ҮР НӨЛӨӨТЭЙ ҮЛГЭР ДУУРАЙЛ

“Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ... Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв”  (2Хаад 14:3)

Стийв Максвелл ийм нэг болсон явдлыг хуваалцжээ. Тэдний гэр бүл шинэ байр руугаа нүүж байхдаа нэгэн зоогийн газар хоол идэхээр болжээ. Зөөгч залуу тэднээс хоолны захиалга авахаар ширээнд нь ирэв. Тэдний ууган хүү Нейтан зөөгчид захиалгаа өгч дуусаад гэр бүлээрээ хоолны төлөө Эзэнд талархан залбирах тухайгаа зөөгчид хэлжээ. Мөн өөрт нь залбируулахаар ямар нэг асуудал байгаа болов уу? гэж зөөгчөөс асуув. Зөөгч мэл гайхсан ч хормын дотор сэхээ орж, залбируулах зүйлээ хэллээ. Түүний найз бүсгүйн аав нь зүрхний хүнд өвчнөөр эмнэлэгт хэвтсэн болохоор тэрний төлөө залбирч өгвөл ихэд баярлана гэв. Зөөгч залуугийн сэтгэл хөдөлсөн, баярлан талархаж буй нь царайнаас нь илт харагдаж билээ.
Нейтан хүү яагаад ингэх болсоноо тайлбарлахдаа, “Өмнө нь өөр хүн ингэж асууж байхыг харсан. Тэгээд энэ удаад өөрөө асуумаар санагдсан” гэсэн юм. Хэн нэгэн хүн Нейтанд үлгэрлэн харуулсанд, хүү харсанаасаа сурсан байна.
Үр нөлөөтэй үлгэр дуурайл гэж энэ дээ! Нэг хүнээс нөгөөд, тэрнээс дараагийн хүнд... үлгэр дуурайл ингэж дамжин тархдаг. Таныг хэн нэгэн ажиглан буйг та мэдээ ч үгүй байж болно. Мэдсэн ч мэдээгүй ч, та өөрийнхөө амьдрал үйлсээр бусдыг халамжлан хүмүүжүүлдэг юм шүү. Учир нь хамгийн шилдэг сургамжийг бид заримдаа үг ухуулгаар биш, харин үйлдлээрээ өгч байдаг.
Та магадгүй Амазиа болон Иоаш гэдэг хоёр хааны тухай огт сонсоогүй байх. Харин тэднээс суралцах зүйл байгааг өнөөдөр ярьцгаая. Ариун Бичээст Амазиагийн тухайд: “Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ... Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв” гэж өгүүлжээ. Ингэж бодоход, Иоаш хүүдээ үлгэр жишээ үзүүлж, хүү Амазиа нь аавынхаа мөрөөр дагасан байна.
Та үр хүүхдүүддээ хайртай гэдгээ хэлдэг байх. Тэгэхдээ үгээр хайраа илэрхийлэх нь дотны хайрт хүмүүст ямар чухал болохыг зааж өгч байдаг. Харин заримдаа эрэмдэг зэрэмдэг, хөөрхийлөлтэй хүмүүст тэвчээртэйгээр үйлчлэх үе бий. Энэ нь Бурханы мэлмийд бүх хүн үнэ цэнэтэй болохыг сургаж буй хэрэг.
Урамтай байгаарай. Хүмүүс таны үйлсийг анзаардаг юм шүү.


ТАНЫ ҮЛГЭР ДУУРАЙЛ БУСДЫН АМЬДРАЛЫГ ХУРЦАЛЖ БАЙДГИЙГ САНААРАЙ.