ЭХЛЭЭД ТОМ ЧУЛУУГААР ДҮҮРГЭ

ЭХЛЭЭД ТОМ ЧУЛУУГААР ДҮҮРГЭ

“Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?” Амос 3:3

“Чухал юмсыг урьдаар” номын гол зохиолч Стивен Кови болон хамтран бичилцсэн зохиолчид өөрт тохиолдсон явдлын жишээг номондоо багтааж бичсэн байдаг. Нэг удаа тэд цаг төлөвлөхийн ач холбогдлын тухай нэгэн сургалт семинарт хамрагдсан гэнэ. Сургалтын зааварлагч багш заасан сэдвээ сайтар ойлгуулахын тулд нэгэн дүрслэлээр жишээ авчээ. Өргөн амсартай, цилиндр хэлбэртэй шил гаргаж ирээд, зангидсан гарын хэмжээтэй чулуугаар дүүргэв. Тэгээд оролцогчдоос “Энэ шил дүүрэн байна уу?” гэж асуув. Шилэнд өөр том чулуу нэмж хийх боломжгүй тул бүгд толгой дохин дүүрсэн гэсэн хариу өгчээ.
Тэгтэл зааварлагч багш хувинтай хайрга гаргаж ирээд, том чулуунуудын дээрээс хайрга нэмж хийснээ шилийг сэгсрэн хайргаа чулууны завсраар чигжив. Тэгээд дахин “Энэ шил дүүрэн байна уу?” гэж асууж гэнэ. Хүмүүс хэсэг зуур бодсоноо өмнөх хариулт нь нэгэнт буруудсан тул “Шил дүүрэн биш юм шиг байна” гэцгээв.
Тэгж хариулах нь ч зөв байжээ. Учир нь зааварлагч багш савтай элс гаргаж ирэн хайрган дээрээс хийж, үлдсэн зайг дүүргэв. Дахин нөгөө асуултаа тавилаа. “Энэ шил дүүрэн байна уу?” Мэдээж хэн ч хариу хэлсэнгүй.
Тэгтэл зааварлагч багш гүцтэй ус аваад, шилэнд ус цутган дүүргэсэн гэнэ. Зорилгодоо хүрсэн багш “Ингэж үзүүлэхийн утга учир юу вэ?” гэж асуулаа. Хүн амьдралдаа илүү ихийг олж авч хэзээд чадна гэж зарим нэг нь хариулав. Тэгтэл зааварлагч багш: “Үгүй. Гол утга учир бол – Хэрэв та том чулуунуудыг эхлээд шилэнд хийхгүй бол цаашид хийх ямар ч боломж гарахгүй” гэжээ.
Цаг төлөвлөх дээр ийм зарчим үйлчилдэг шиг хүүхэд өсгөх ч мөн адил. Хүний зан төлөвийн сэтгэл судлалын дүгнэлтээр хүүхэд насан туршид мэдэх зүйлсийнхээ талыг нь 3 нас хүртлээ сурч, бүх мэдлэгийнхээ дөрөвний нэгийг долоо нас хүртлээ эзэмшдэг байна. Балчир хүүхдийн хувьд юм бүрийг соргогоор хүлээн авдаг энэ насан дээр нь л та түүний суурийг буюу амьдралын том том чулуунуудыг тавьснаар тэдгээрийн дээр бусад бүхий л юмс баригдана.
Эцэг эхчүүд шинээр төрсөн үрээ өлгийдөн авахын цагтаа л өөрийнх нь үүрэг хариуцлага ямар их гэдгийг ухаардаг. Зарим нь бүр мэдээчгүй байдаг. Нялх үрийнх нь хамгийн эхний сар, жилд тохиох юмс нь түүний сэтгэл хөдлөл, бие махбод болон сүнслэг өсөлт хөгжилд нь нөлөөлж, цаашдын амьдралд хүүхэд ямар замаар замнахыг тодорхойлдог.
Тэгвэл хүний амьдралын суурь болдог тийм чулуу нь юу юу байдаг вэ? Бат бөх суурийг бүрдүүлж өгдөг зургаан зүйлийг дурдъя.
1. Хариуцлагат зориулалт
2. Халамж
3. Харилцаа
4. Холбоо уялдаа
5. Хэмжээ хязгаар
6. Хамгаас чухал юмсыг буюу итгэл ба үнэт зүйлсийг илрүүлэх.

Эцэг эхийн хувьд таны хариуцлагат зориулалт үнэхээр чухал. Хүүхдийнхээ амьдралын суурийг ганцаараа тавьж буй эцэг болон эхчүүдийг би хэдийгээр өрөвдөн энэрдэг боловч нөгөөтэйгүүр үрс чинь хоёр хөл, хоёр гартай байдгийн адил эцэг эх хоёулангаар халамжлуулах шаардлагатай. Хүүхэд өсгөх нь хоёр хүний үүрэг алба. Гэр бүлийн хоёр нэг нэгэндээ хайртай, үрсээ өсгөхөд өөрсдийгөө зориулсан байвал хүүхдүүддээ зөв өсөлт хүмүүжлийн орчныг бүрдүүлж өгдөг. Тэдний үлгэр дуурайлал нь эсрэг хүйстэй харьцахын боловсрол, цогц үнэт зүйлс нь болж өгдөг. Эрт дээр үед эш үзүүлэгч Амосын: “Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?” (Амос 3:3) гэсэн асуултын хариулт бол мэдээж “Үгүй”.
Эцэг эхчүүд өөрсдийгөө юунд зориулах ёстой вэ? Юуны өмнө нэг нэгэндээ. Аав хүний хүүхдэдээ хийж өгөх хамгийн сайн юм бол ээжийг нь хайрлах билээ. Түүн дээр нэмээд тэд цогц үнэт зүйлсэд зориулалт гаргах шаардлагатай. Чухал ач холбогдолтой, буулт хийх боломжгүй юу байна гэдгийг шийдээд сонгосон үнэт зүйлсэд амьдралаа захируулах хэрэгтэй. Эцэст нь, эцэг эхчүүд Амьд Бурханд үйлчлэхэд өөрсдийгөө зориулж, гэр орондоо тэнгэр диваажингийн уур амьсгалыг оруулж ирэх хэрэгтэй. Насанд хүрээгүйчүүдийн шүүхийн нэгэн шүүгч “Манай шүүхийн хаалгыг татдаг хөвгүүд охидоос итгэл үнэмшлээр хүмүүжигдсэн нь тун ховор байдаг” гэж хэлж билээ.


АМЬДРАЛЫН ҮНДЭС СУУРИНД ТОМ ЧУЛУУГ ЭХЛЭЭД ШИГТГЭХ НЬ ЧУХАЛ