ТАНД ХЭРЭГТЭЙ НӨХӨРЛӨЛ

ТАНД ХЭРЭГТЭЙ НӨХӨРЛӨЛ

Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. Малахи 3:16

Эргэн тойрныхноосоо ганцаараа сондгойрчихсон мэт сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан уу? Жишээ нь та нэг чухал арга хэмжээнд оролцох ёстой болжээ гэж бодъё. Та тэнд очихыг хүсээгүй ч очихоос өөр арга үгүй. Ингээд тухайн арга хэмжээнд очтол эргэн тойрныхон зөвхөн хоорондоо ярилцаад л, инээлдээд л. Гэтэл та болохоор танхимын хамгийн ард ганцаараа биеэ барьчихсан, яахаа мэдэхгүй зогсоод л. Бушуухан явах юм сан, аль болох хурдан эндээс гараад арилж өгөх юм сан гэх бодол таны толгойд эргэлдээд л...
Чухамдаа ийм байдалд орох вий гэсэндээ олон хүн чуулганд ирэхээс цааргалдаг. Хэдийгээр тэд Бурхантай нөхөрлөж, мөн Түүнд итгэдэг хүмүүстэй танилцаж, тэдэнтэй ойртож нөхөрлөхийг хүсдэг боловч чуулганд ирээд гадны хүн мэт сондгойрч хоцрох вий гэхээс болгоомжилдог.
Нэгдүгээр зууны үеийн эрч хүчтэй итгэгчдийн тухай өгүүлэхдээ Үйлс номд “Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа” (Үйлс 2:42) хэмээсэн байдаг. Энд нийтдээ дөрвөн элемент гарч байна. Элч нарын сургаал буюу библийн сургаал, нөхөрлөл буюу итгэгчдийн хоорондын нөхөрлөл, талх хуваалт буюу Эзэний зоог тэгээд мэдээж Бурханд хандан өргөх гуйлт залбирал. 
Тэгвэл өнөөдөр чуулган энэ эрч хүчтэй байдлаа алдсан гэж үү? Зарим нь алдсан байх. Гэхдээ зарим нь алдсан эрч хүчээ эргүүлэн олж авч эхэлж байна. Тэр бүү хэл сүүлийн үед итгэгч нар том чуулгануудаас холдож илүү жижиг гэр чуулгануудад илүүтэйгээр хамрагдах болсон. Учир нь тэд цөөхүүлээ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд итгэлээ хуваалцаж, ойртож нөхөрлөхийг хүсдэг. Тэд энэхүү жижигхэн чуулганаа бахархалтайгаар “миний чуулган” гэдэг. 
Учир нь томоохон чуулгануудын хувьд орхигдох хандлагатай байдаг нэг зүйл бол нөхөрлөл. Энэхүү нөхөрлөл гэдэг үг нь Грекээ коинониа гэсэн үг юм. Британийн пастор Кэмпбэлл Ж.Морган “Бид ихэнхдээ нөхөрлөлийн хүчийг орхигдуулдаг. Итгэгч хүмүүсийн хувьд Христтэй холбоотой зүйлсийн талаар өөр хоорондоо ярилцахад улам бүр хэцүү болсоор байна. Итгэгч хүмүүс өдөр тутмын амьдрал дундаа өөр хоорондоо сүнслэг зүйлсийн талаар төдийлөн ярихаа больжээ. Тэд сүнслэг зүйлсийн тухай ярилцах замаар нэг нэгнээ босгон байгуулах учиртайг тэр бүр мэдэхгүй байгаа нь санаа зовоож байна” хэмээн өгүүлсэн байдаг.
Үхлээс амилсныхаа дараа Есүс энэ дэлхий дээр дөчин өдөр байж дагалдагчидтайгаа нөхөрлөж, тэдэнтэй хооллож, хамт байх цагийг гаргасан.
Хэрвээ таныг чуулганд очих үед танд миний түрүүний хэлж байсан шиг сондгойрсон мэт мэдрэмж төрвөл та Есүс Христийг таньж мэдэх, Түүнийг магтан хүндлэх, Түүний үгийг сурч судлахад чинь тус болж чадах хүмүүсийг хайж олоод тэдэнтэй нөхөрлөөрэй. Учир нь та Бурханы хүслийн дагуу хүүхэд байхын тулд итгэлийн ахан дүүстэйгээ ойртож нөхөрлөх учиртай.
Эцэст нь, Бурхан бидний дотор бусадтай болон Бурхантай нөхөрлөх хэрэгцээг бий болгож өгсөн. Тиймээс ч Бурхан Еден цэцэрлэгт Өөрөөс нь нуугдаж байсан Адамтай уулзаж нөхөрлөхөөр ирж байсан. Нөгөөтэйгүүр Бурхан бидний дотор нөхөрлөлийн энэхүү хэрэгцээг бий болгож өгөөд зогсохгүй тэрхүү хэрэгцээг хангах арга замыг ч мөн бидэнд өгсөн. 


БИД НӨХӨРЛӨЛИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ БУРХАНТАЙ БОЛОН БУСАДТАЙ НӨХӨРЛӨЖ БҮРЭН ДҮҮРЭН ХАНГАЖ ЧАДНА.