АМЬДРАЛД ТОХИОЛДДОГ АСУУДЛУУД ЯАГААД БИДЭНД ТУСТАЙ ГЭЖ?

АМЬДРАЛД ТОХИОЛДДОГ АСУУДЛУУД ЯАГААД БИДЭНД ТУСТАЙ ГЭЖ?

Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. Тооллого 14:9

Нэгэн хүүхдийн цуглааны багш хүүхдүүддээ Давид Голиат хоёрын түүхийг ярьж өгч гэнэ. Харин тэдний ангид нэгэн атаман хүү байж гэнэ. Тэр хүү өөрийгөө их мундаг гэж боддог тул багш нь түүнд Голиатыг хэр том болохыг нь дүрслэн үзүүлэхийн тулд түүнийг Яао Минээс ч өндөр гэж хэлж өгч гэнэ. Яао Мин бол тухайн үед Америкийн сагсан бөмбөгийн холбооны Хьюстон Рокетс багт тоглодог 2 метр 29 см өндөр, Хятадын төвийн тоглогч байсан. Улмаар тэр багш нөгөө хүүд “Тийм том залуутай тулалдах болвол чи яах вэ?” гэж асуув. Харин нөгөө хүү хулмалзаж “Яаж тийм том залууг бардаг юм бэ? Харин надтай адил нуруутай хүүхэд байвал би дор нь зодно” гэж хэлсэн гэдэг. 
Харамсалтай нь бидний амьдралд ирдэг асуудал бэрхшээлүүд бидний хүссэн шиг хэлбэр хэмжээтэй байдаггүй. Зарим асуудал бидний хэрд нийцсэн мэт санагддаг бол зарим асуудал хэрээс дэндүү хэтэрсэн санагддаг. Гэтэл тухайн асуудлын хэмжээ ямар байхаас үл шалтгаалаад бид түүнтэй нүүр тулахаас өөр аргагүй. 
Иошуа болон түүний нөхөд Канаан газрыг туршихаар яваад ирэхдээ аварга том дайснуудын тухай мэдээтэй ирсэн. Гэхдээ тэр бүх нөхцөл байдлыг дүгнэн хэлэхдээ Иошуа “Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун” (Тооллого 14:9) хэмээн уриалсан. 
Тэдгээр аварга биет дайснуудын тухай өгүүлэхдээ Иошуа “тэд бидний хоол болно” гэж хэлсэн. Энд гарч байгаа “хоол” гэдэг үг нь зарим орчуулгад “талх” гэсэн үг байдаг. Тухайн үеийн талх нь бидний мэдэх бинтэй адил байсан. Өөрөөр хэлбэл “та нарын айгаад байгаа бидний дайснууд бидний өмнө хавтгай бин шиг болох болно” гэж хэлсэн. Тэднийг зажлахгүй залгих болно гэж хэлсэн. “Тэднийг Бурхан хэрхэн бут цохихыг харахдаа та нарын итгэл батжих болно, хүн хоол идээд хүчтэй болдог шиг дайснууд чинь бут цохигдохыг хараад Бурханд итгэх итгэл чинь хүчтэй болох болно” гэж Иошуа тунхагласан.
Аварга том асуудлууд бидний сул дорой байдлыг бидэнд мэдүүлдэг. Тийнхүү тэр том асуудлыг ялан дийлэх үедээ бидний хүч чадал, мэргэн ухаан биш харин Бурханы хүч чадал тэр том асуудлыг ялан дийлэхэд тусалсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нөгөөтэйгүүр тэр том асуудлын өмнө бидний дотор төрж буй айдас бидний итгэлийн хэмжээг илтгэн харуулдаг. Бид ихэвчлэн тэр том асуудлыг давж, тэрхүү асуудлаас ч агуу том Бурханыг ширтэн харж чаддаггүй. Гэтэл бид Бурханыг харвал Түүний дэргэд тэр том асуудал өчүүхэн жижиг болохыг олж харж чадна.
Тэд бол та нарын хувьд талх байх болно гэж Иошуа хэлсэн. Нэгэн ухаантай хүн ийнхүү хэлсэн байдаг. “Чи хүнд хэцүү асуудалтай нүүр тулах бүртээ, давж гарах аргагүй мэт санагдах нөхцөл байдалд орох бүртээ өөрөөсөө ийнхүү асуу. “Би энд өлсөж үхэх үү? Эсвэл би үүнийг идэх үү?” гэж. Хэрвээ чи Бурханд найдаж, Бурхан ялалтыг өгнө гэдэгт итгэх юм бол чи тэнхээ тамираа сэлбэх болно. Хоолоо сайн иддэггүй хүн өсч төлөвшиж чаддаггүй. Тэгвэл бидний хоол бол зөвхөн Бурханы үг биш, зөвхөн Бурханы хүсэл биш харин бидний амьдралд тулгардаг аварга том асуудлууд юм. Бид тэдгээрийг Бурханы хүчээр даван, тэдгээрийг идсэнээр хүчийг олж, өсч төлөвшдөг юм” хэмээн хэлсэн байдаг. 
Тэгвэл таны өмнө томоохон асуудал хөндөлсвөл та яах вэ? Урдаас нь инээмсэглээд “Миний идэх ёстой талх гараад ирлээ” гэж хэлээрэй. Тэгээд тэр аварга том асуудлыг Бурханы хүчээр ялан дийлнэ гэж Бурханд талархаарай. 
Эцэст нь, Иошуа аварга том дайснаа “талх” гэж хэлсэн шиг Бурхан таны зам дээр ч мөн идэх ёстой “талх”-ыг чинь тавьдаг гэдгийг санаарай. Та Бурханы хүчээр тэр асуудлыг даван гарах үедээ итгэлээр улам өсөх болно. Иошуагийн зөвлөгөөг та бүү март. Бурханы эсрэг бүү тэрсэл. Аварга том асуудлаас бүү ай.


ДАВИД ШИГ ЭЗЭНИЙ НЭРЭЭР ТҮҮНТЭЙ НҮҮР ТУЛЖ, ТҮҮНИЙГ ЯЛАН ДИЙЛ. ТЭР ЦАГТ ТЭРХҮҮ АВАРГА ТОМ АСУУДАЛ ЧИНЬ СҮНСИЙГ ТАНЬ ТЭТГЭХ ХООЛ БОЛНО.