ХОРСОЛ ЗАНАЛААСАА АНГИЖРАХ ХОЁР ТҮЛХҮҮР

ХОРСОЛ ЗАНАЛААСАА АНГИЖРАХ ХОЁР ТҮЛХҮҮР

Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно. 1 Коринт 4:5

Манай нэвтрүүлэгт хандан бичсэн захидалд ийнхүү асуусан. “Надад нэг асуулт байна. Намайг доромжилж, намайг хуурч, намайг ичгүүртэй байдалд оруулж байсан хүмүүсийг би хэрхэн уучлах вэ? Тухайн үед надад маш хэцүү байсан ч тэр цаг үе одоо ард хоцорсон. Тэр там шиг цаг үеийг би даван гарч чадсан. Гэвч миний дотор өш хонзонгоо авах хүчтэй хүсэл төрдөг. Би өөрийн мэдэрсэн бүхнийг тэдэнд мэдрүүлэхийг хүсдэг. Би яах хэрэгтэй вэ?” гэсэн байлаа. 
Энэ бүсгүйн нөхцөл байдлыг бид бүгд сайн ойлгож байгаа. Тэр бүсгүй хэдийгээр өөрийг нь зовоож байсан хүмүүсээс холдсон ч сэтгэл санааны хувьд өөр нэгэн зовлонг эдэлсээр явна. Тэрээр үзэн ядалт, үл уучлал, хорсол заналын шоронд хоригджээ. Магадгүй та ч бас энэ бүсгүй шиг байдалд орж байсан байж болох. Тэр хүмүүсийн хийсэн үйлдэл буруу байсан. Тэдний учруулсан зовлон гашуун байсан. Тэдний гаргасан авир гэм нүглээр дүүрэн байсан. Тэгвэл ийм нөхцөл байдалд танд өгөх хоёр зөвлөгөө байна. Энэ хоёр зөвлөгөөг сайтар эргэцүүлэн бодсоноор та үзэн ядалт, хорсол заналын шоронгоос өөрийгөө суллаж чадна. 
Нэгдүгээрт, ёс бус зүйлийг үйлдэгчдэд хүртэх ёстой шанг нь хүртээх эрх мэдэл та бидний хэнд ч байхүй. “Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” (Ром 12:19) хэмээн Бурхан айлдсаныг сана.
Нэрт зохиолч Лоу Приоло “Бид өш хонзонгоо өөрсдөө авах гэж хичээх үедээ Бурханы өмнө явж очоод титмийг нь тэргүүнээс нь булаан авч байгаа мэт үйлдэл гаргаж байдаг” хэмээсэн. Ийм үйлдэл гаргаж буй хүн Бурханы талаар тун ядмаг ойлголттой нэгэн болохоо баталж байгаа хэрэг. Энэ үйлдлээрээ бид “Бурхан минь, Таныг энэ хэргийг шударгаар шийдэж чадна гэдэгт би итгэхгүй байна” гэсэн санааг илэрхийлж байдаг. Харин Библи “Тэнгэрээс шүүлтийг Та сонсгов. Бурхан, дэлхийн дорд хүмүүн бүхнийг аврахаар шүүхийн тулд босох үед газар айж, дуугүй байв” (Дуулал 76:8-9) хэмээн заадаг.
Хоёрдугаарт, болсон явдлыг шударгаар шүүж, тохирох хариуг өгөх чадвар бидэнд байхгүй. Учир нь бид бүх баримтыг мэдэхгүй. Өшөө авалт нь Бурханых. Учир нь хүмүүний зүрх зүрх, оюун санаанд юу байгааг нэвт харж чадах нэгэн бол гагцхүү Бурхан. Энэ талаар зохиолч Приоло “Танд муу зүйл хийсэн хүн нэг сарын хугацаанд танд хийсэнтэйгээ адил зүйлийг өөр 12 хүнд хийсэн гэж бодъё. Энэ тохиолдолд тэр хүн таны бодож байгаагаас ч илүү хатуу шийтгэл хүлээвэл зохино. Бурханы шударга ёс нь хүмүүний хүсэл зорилго, сэдлийг бүрэн мэдэх мэдлэг дээр нь тулгуурладаг юм” гэсэн байдаг. 
Танд гэж хэлэхэд, таны шийтгэл тухайн хүнд хөнгөдөж болзошгүй. Хэрвээ таны дайсныг шударгаар шүүж чадах эсэхэд нь Бурханд эргэлзэж байгаа бол та Хуучин Гэрээг судлаад үзэхэд гэмгүй. “Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна” (Зефаниа 3:19). 
Хэн нэгэн хүн ёрын мууг үйлдээд шийтгэл хүртэхгүй яваад байна гэдэг нь тэр хүн огт шийтгэгдэхгүй гэсэн үг биш. Бурханы товлосон цаг бидний товлосон цагаас ялгаатай. “Би тогтоосон цагийг сонгохдоо чигч шударгаар шүүх билээ” (Дуулал 75:2) хэмээн Бурхан айлдсан. Мөн Библид “Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ” (Иеремиа 32:19) хэмээдэг. 
Бурхан гэм нүгэлд маш ноцтой ханддаг. Учир нь гэм нүглийн улмаас Бурхан Өөрийн Хүүг золиослоход хүрсэн. Тиймээс ч Бурханы шүүлт бол энэ дэлхий дээрх цорын ганц төгс зөв шударга шүүлт. Та битгий мартаарай. Буруу мууг үйлдсэн хүмүүсийг шийтгэх эрх мэдэл бидэнд байхгүй. Мөн тэдгээрийг шударгаар шүүхэд шаадрлагатай бүх баримт мэдээлэл бидэнд байхгүй. 
Би тэднийг яаж уучлах вэ? гэсэн асуултад хариулахад, бидэнд шударга бус хандсан хүмүүс шийтгэлээс мултрахгүйг бид санах хэрэгтэй. Бид өшөө авалтаа Бурханд өргөх үедээ амьдралдаа эрх чөлөө авчирч байдаг. 
Эцэст нь та бодоод үзээрэй. Таны өнгөрсөн амьдралд эсвэл өнөөдөр таныг хохироож, танд таагүй хандсан хэн нэгнээс та хариугаа авахыг хүсэж байна уу? Хэрвээ та өнөөдөр үзэн ядалт, өшөө хорслын шоронгийн хоригдол бол, эсвэл өшөө авалтаа өөрөө хэрэгжүүлээд эхэлсэн бол Бурханаас уучлал өршөөлийг гуйгаарай. Тэгээд Бурхан Өөрийн товлосон төгс цагт, төгс шүүлтийг хийх болно гэсэн амлалтад итгэж, амар тайван амьдраарай. 


ӨШӨӨ АВАЛТ НЬ БУРХАНЫХ.