БҮҮ ЗОГС!

Тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ Түүний хэлсэнчлэн, ЭЗЭН надтай хамт байж, тэднийг би хөөн гаргах учиртай юм гэв.  Иошуа 14:12 

Зарим хүмүүсийн эрч хүч, урам зориг шавхагдашгүй мэт байдаг. Тэд ямар ч дарамт шахалт мэдэрсэн, ямар ч хүчтэй цохилтод орсон хамаагүй босож ирээд үргэлжлүүлдэг. Алхах бүү хэл гүйж, гүйх бүү хэл өндрөөс өндөр оргилд авирч гарч чаддаг. Тэд бол зогсохоо мэддэггүй хүмүүс. Тэгвэл нэгэн ийм эрч хүчтэй өвгөн Иошуатай уулзаж хүсэлтээ илэрхийлсэн тухай Библид тэмдэглэгдэн үлджээ. “Өнөөдөр би наян таван нас хүрлээ. Мосе намайг илгээсэн тэр өдрийнх шиг би одоо ч хүчтэй хэвээрээ байна. Би яг л тэр үеийнх шигээ тулалдах, гарч орох хүч тэнхээтэй байна. Тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ Түүний хэлсэнчлэн, ЭЗЭН надтай хамт байж, тэднийг би хөөн гаргах учиртай юм” гэж тэр хэлсэн. (Иошуа 14:10-12).
Энэ хүн хэн бэ? Тэр зүгээр нэг зөнөсөн өвгөн байсан уу? Эсвэл бидний үлгэрлэн дуурайх ёстой итгэлийн баатар байв уу? Та Тооллого 13, 14-р бүлгээс Калебын талаар унших боломжтой. Тэр бол Амлагдсан газар луу Мосегийн илгээсэн 12 туршуулын нэг. Тэдгээр 12 туршуулын 10 нь Амлагдсан газар дахь ард иргэдийн аварга том бие, хот тосгодынх нь өндөр ханан хэрмээс айж сүрдсээр ирсэн бол гагцхүү Иошуа, Калеб хоёр л Бурханд итгэх итгэлээр дүүрэн байлаа. “Хэдийгээр тэмцэл тулаан амаргүй байх боловч Эзэн бидэнд энэ газрыг заавал өгөх болно” гэж тэд тунхагласан.
Дараа нь Иошуа 14-р бүлэг дээр Калеб дахин гарч ирдэг. Энэ удаад тэр өндөр настай болсон байдаг. Гэхдээ тэр “Би тулалдсаар ядарлаа. Тиймээс залуучуудыг тулалдаж байх зуур би тэтгэврээ авч, ая тухтай газарт амармаар байна” гэж хэлээгүй. 
Тэр тэргүүн эгнээнд явахыг хүссэн. “Надад энэ уулыг өг” гэж тэр шаардсан. Энд бидний анхаарах ёстой өөр нэгэн хүчин зүйл бий. Калебыг Библид кениз хүн гэж тодорхойлсон байдаг. Кенизчүүд бол дархны ажил голчлон хийдэг нүүдэлчин овгийн хүмүүс байв. Тиймээс тэр өөрийгөө цэвэр еврей цусны хүн гэж дөвийлгөх аргагүй байлаа. Тэр бол алх барьж гарын хүчээрээ амьдралаа залгуулдаг төмрийн дархан нэгэн байсан.  
Улмаар тэр Абрахамын хүү болон үрчлэгдэж Иуда овгоор овоглох болсон байна. Тэр өөрийгөө ч хангалттай нотолсон. Амлагдсан нутгийг тагнахаар явахад арван хоёр туршуулын нэгээр Калеб сайн дураараа явсан. 
Хэдийгээр 85 нас хүрсэн ч тэр дахин тулалдахдаа бэлэн байлаа. “Бидэнд санамж болсон амьдрал” хэмээх номдоо И.К.Кокс Калебын тухай өгүүлэхдээ “Нас гэдэг бол амьдралаас нь оргилох амийн булгаар хэмжигддэг зүйл. Энэхүү булгийн ундарга ширгэсэн л бол 30 нас, 40 настай байсан ч хамаагүй тэр хүн хөгширчээ гэсэн үг. Харин энэ булаг ширгээгүй цагт хүн 100 настайдаа ч залуу байж чаддаг. Хэрвээ та үүнд итгэхгүй байгаа бол Израильчуудыг тулаанд удирдан морин дэл дээр хийсэж явсан Иошуаг санаарай. Дайчин эрстэй мөр зэрэгцэн өдөржин аялж, ирт сэлмээрээ дайснуудынхаа дундуур зам гарган цавчиж явсан Калебыг санаарай” хэмээжээ.
Үнэхээр Калеб өөрийнхөө хүссэн уулыг хүлээн авч чадсан. Харин дараа нь юу болсон бол? Бид мэдэхгүй. Магадгүй түүхчид энэ тухай бичихээ мартсан байж болох. Ямартай ч Калебыг тэнгэрт одох үед Израиль улс түүн шиг дайчин эрээр дутсан нь лавтай. 
Нэрт генерал Дуглас МакАртур “Ахмад дайчид хэзээ ч үхдэггүй. Харин аажмаар замхардаг” хэмээсэн. Үнэхээр Калеб итгэл үнэмшлээ бат баримталж, түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэхээс буцахгүй шилдэг эрсийн эгнээнд зүй ёсоор багтсан. 
Би одоо ч нас бол сэтгэл санааны асуудал гэдэгт итгэдэг. Хэрвээ та үүнийг тоохгүй бол танд нас ямар ч хамаагүй болно гэсэн үг. Хэдийгээр бидний бие махбод 40 настай үеийнх шигээ хүч тэнхээтэй байхаа больсон ч бидний сүнс, сэтгэл зүрх бүргэд мэт дүүлэн нисэж, хүлэг морь мэт хурдлан давхих чадалтай хэвээрээ. 
Өнөөдөр хүмүүсийн дундаж наслалт улам бүр нэмэгдсээр. Магадгүй та ч бас над шиг өндөр настан байж мэднэ. Магадгүй зарим зүйл дээр та өөрийгөө хүчлэх хэрэгтэй болдог байж болох ч битгий зогс, битгий бууж өг. Сэтгэл гутрал, гутранги үзэлд битгий бууж өг. Таныг Бурхан амьд мэнд байлгаж байгаа л бол танд хандсан зорилго Түүнд байгаа л гэсэн үг. 


БУРХАН БИДНИЙ ДУНДААС ЗҮРХ СЭТГЭЛ, СҮНС, БИЕ МАХБОД НЬ ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН, БУРХАН ӨӨРИЙГ НЬ “ГЭРТЭЭ ХҮРЭЭД ИР” ХЭМЭЭН ДУУДАХ ХҮРТЭЛ ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ ХЭМЭЭН ШИЙДСЭН ЗОРИГ ШИЙДЭЛ ТӨГС ОЛОН, ОЛОН КАЛЕБЫГ БОСГОН ГАРГАЖ ИРЭХ БОЛТУГАЙ.