БУРХАНЫ ХААНЧЛАЛЫН ИРГЭН БАЙХЫН УТГА УЧИР

БУРХАНЫ ХААНЧЛАЛЫН ИРГЭН БАЙХЫН УТГА УЧИР

Тэр дээл болон хормой дээрээ “ХААДЫН ХААН, ЭЗДИЙН ЭЗЭН” гэж бичсэн нэртэй ажээ. Илчлэл 19:16

Хэрвээ Английн хатан хаан Букинхэмийн ордноосоо зарлиг буулгаж, Английн бүх ард иргэд эв найрамдалтай амьдарч, бие биеэ үзэн ядахаа тэр даруй зогсоож, гэр бүлийн аливаа зөрчлийг үгүй болгож, гэмт хэрэгтнүүд бүх хууль бус үйлдлээ таслан зогсоохыг тушаавал яах вэ? 
Хүмүүс энэ зарлигийг шоолон хүлээж авна. Яагаад? Яагаад гэвэл зөвт байдлыг захиран тушаах замаар бий болгох аргагүй. Учир нь асуудал хүмүүс бидний зүрхэнд нуугдаж байдаг. Бид хаана амьдарч байхаас үл шалтгаалаад асуудал бидний зүрхэнд, таны болон миний зүрхэнд оршдог. Тийм учраас Бурхан хүний зүрхийг өөрчлөхөөс нааш хүн өөрчлөгдөх аргагүй. Тийм учраас энх тайвныг тогтоож, буруу бүхнийг шударгаар шүүж байхын тулд цагдаа сэргийлэх, эргүүл харуул, цэрэг арми байхаас өөр аргагүй.
Тэгвэл Өөрийнх нь сургаалыг сонсохоор хуран цугларсан үй олон хүнд хандан Есүс Бурханы хаанчлал болон Түүний зөвт байдлыг юуны түрүүнд эрж хайх учиртайг сануулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Есүс энд үл үзэгдэх хаанчлалын тухай өгүүлсэн. Бурхан үүнийг “Бурханы хаанчлал” хэмээдэг. Энэ хаанчлалд зөвхөн зөвт хүмүүс л багтах болно гэдгийг ч хэлсэн. Үнэхээр өнөөгийн бидний амьдарч буй хаанчлалаас ялгаатай нь Бурханы хаанчлал бол зөвхөн зөвт хүмүүст зориулсан хаанчлал. Бид тэрхүү хаанчлалд бие махбодоороо хараахан ороогүй. Бидний өнөөдөр амьдарч буй энэ дэлхий бол гэм гүгэл ёрын муугаар дүүрэн. Энэ дэлхий дээр өдөр бүр тэмцэл тулаан өрнөсөөр. Хэрвээ та итгэл үнэмшлийнхээ төлөө олны өмнө бат зогсох юм бол асар их эсэргүүцэлтэй нүүр тулна. Үнэхээр өнөөгийн нийгэм улам бүр ялзран доройтож, хүнлэг бус, аюул заналаар дүүрэн болсоор. 
Бидний нийгэмд тулгараад буй тэр бүх асуудлын амин зүрх нь хүмүүсийн зүрхэнд оршдог гэдгийг Есүс сургасан. “Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг” (Матай 15:19) хэмээсэн. Тэгвэл бүх зүйл нь буруугаар эргэсэн энэ дэлхий ертөнцөд бид хэрхэн гэрэл давс болох болж байна вэ? гэж та гайхаж болох. Харин 2Коринт 5:17 эшлэлд Пау “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” хэмээн тайлбарлажээ. 
Энэ нь Бурханд итгэж, Түүний хаанчлалын иргэн болсон хүмүүсийн амьдралыг Бурхан дотроос нь өөрчилдөг гэсэн үг юм. Бид Есүс Христэд итгэж, Түүнийг Аврагч Эзэн, бидний амьдралын Хаан хэмээн хүлээн зөвшөөрөх үед бид өөрсдийн гэм нүгэлт мөн чанарт удирдуулах биш харин Бурхан Ариун Сүнсээр удирдуулж эхэлдэг. 
Бурханы үл үзэгдэх хаанчлал нь нөгөөтэйгүүр Бурханы хайраар дүүрэн хаанчлал. Тиймээс ч Бурханаар өөрчлөгдсөн хүмүүс өөрсдийн үзэн ядаж, үл ойлголцдог байсан хүмүүсийг Бурханы хайраар хайрлах хүчтэй болдог. Наполеон нэгэнтээ Есүсийг “Хайрын Эзэн хаан” хэмээн тунхагласан. Бурханы хаанчлал болон Түүний зөвт байдлыг эрэлхийлэн амьдрагч хүмүүсийн хамгийн гайхамшигтай онцлог нь бусдыг хайрлах тэдний хайр. 
Ариун Сүнсний хүчээр Бурханы хаанчлалын хайр таны амьдралыг дүүргэх үед юу болдог тухай Паул “Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой” (Галат 2:28) гэж хэлсэн. Бурханы хаанчлалын хайр нь ямар ч хагарал хуваагдлыг мэдэхгүй. 
Нэг л өдөр Английн хатан хаан Елизабет суудлаасаа бууж ач хүүдээ хаан ширээгээ өгнө. Тэр үед олон зуун жилийн турш дагаж ирсэн уламжлалын дагуу Кантербургийн тэргүүн хамба хаан титмийг өвдөг сөгдсөн ханхүүгийн тэргүүн дээр тавьж “Та бүхний өмнө би хууль ёсны Эзэн Хааныг чинь танилцуулж байна. Та бүхэн хүндэтгэл үзүүлнэ үү.” хэмээн хэлнэ.
Харин үүний нэгэн адил та Бурханы өмнө “Есүс ээ, Та миний зүрх сэтгэл, амьдралын Эзэн Хаан болооч. Би таныг Хаанаа болгон өргөмжилж байна. Та миний амьдралыг удирдаач” гэж хэлээрэй. Тэр цагт та үл үзэгдэх гайхамшигт хаанчлал буюу Бурханы хаанчлалын иргэн болно.


ЕСҮС БОЛ БИДНИЙ ХААН.