АМАР ТАЙВАН, ЭВ НЭГДЭЛ, ЭМХ ЦЭГЦЭЭР ДҮҮРЭН АМЬДРАЛЫГ ОЛОХ НЬ

АМАР ТАЙВАН, ЭВ НЭГДЭЛ, ЭМХ ЦЭГЦЭЭР ДҮҮРЭН АМЬДРАЛЫГ ОЛОХ НЬ

Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг. 1 Коринт 14:40

Шөнөжин залбирсныхаа дараа Есүс Өөрийг нь дагах арван хоёр эрийг дууддаг. Тэд бол загасчин, жижиг бизнес эрхлэгч, төрийн албан хаагч гэх зэрэг эгэл жирийн эрс байсан. Тэдний дунд их сургууль төгссөн эсвэл өндөр боловсролтой хүмүүс байгаагүй. Бүгд л гар нь эвэршсэн, хувцаснаас нь хөлс ханхалсан, шаахай нь шавар болчихсон борог эрчүүд байсан.
Дараа нь Есүс тэдэнд Бурханаас өгөгдсөн үл үзэгдэх нэгэн хаанчлал буюу Бурханы хаанчлалын тухай сургасан. Олон түмэн Түүний сургаалыг сонсож байхдаа Есүсийн ярьсан хаанчлалыг өөрсдийн мэдэх хаанчлалуудтай харьцуулан бодож байсан байх аа. Тухайн үед Иудейчүүд Ромын эзэнт гүрэнд эзлэгдээд байсан. Иудейчүүдийг захирч байсан Херод зэрэг захирагчдыг ард түмэн нь эх орноосоо урвасан урвагчид гэж үзэж байв. Харин эзэн хаанд үйлчилдэг албан тушаалтнууд нь бүгд албан тушаалаа мөнгө хээл хахуулиар худалдан авсан хүмүүс байлаа. 
Тиймээс ч Есүс тэдэнд хаанчлалын тухай ярихад энэ нь тэдэнд үнэхээр гайхалтай сайхан сонсогдсон нь мэдээж. Гэхдээ тэд Есүсийн ярьсан хаанчлалыг нүдэнд үзэгдэх хаанчлал буюу Ромын захиргаанаас ангид Давидын хүүгээр захируулсан Иудейчүүдийн хаант улс байна хэмээн төсөөлж байсан. 
Харин Есүс тэдэнд энэхүү хаанчлал нь Бурханы хүүхдүүдийн зүрхэнд орших үл үзэгдэх хаанчлал болохыг удалгүй тайлбарлаж өгсөн. Энэхүү хаанчлалын иргэд дайснуудаа найз нөхөд мэт үздэг, өөрсдийг нь хавчигсдын төлөө залбирдаг, илүү дээлээ нөгөөдөө илүүчилдэг байх болно гэдгийг Есүс хэлсэн. Энэхүү хаанчлалын хууль дүрэм нь Ромын хууль дүрмээс тэс өөр гэдгийг Есүс тайлбарласан. Мэдээж ийм хаанчлалын иргэн байх нь зарим хүмүүст таалагдахгүй нь дамжиггүй. 
Тэгвэл би танд Бурханы хаанчлалын онцлогуудыг хэлж өгье. Нэгдүгээрт, Бурханы хаанчлал бол баяр хөөрийн хаанчлал. Хоёрдугаарт, Бурханы хаанчлал бол амар тайвны хаанчлал. Шинэ Гэрээнд Бурханыг таван удаа “Амар тайвны Бурхан” хэмээн тодорхойлдог. Ромын итгэгчдэд хандан бичсэн захидалдаа Паул хоёр удаа “амар тайвны Бурхан” хэмээн хэлсэн. Ингэхдээ тэр амар тайвны Бурхан “Сатаныг хөл дор чинь бяцлах болно” гэж Паул тунхагласан.
Хүн төрөлхтний түүхийн туршид хувь хүний хувьд ч тэр, улс үндэстний хувьд ч тэр амар тайвныг олно гэдэг маш хэцүү даваа байсаар ирсэн. Каин Абел хоёрын тэмцлээс эхлээд өнөөг хүртэл энэ дэлхий дээр зөрчил тэмцэл тасарсангүй. Бидний хувьд гэр бүл, айл хотол, улс үндэстнээрээ амар тайвныг хүсэмжилдэг ч тэр бүр хүссэн шигээ түвшин сайхан амьдарч чаддаггүй шүү дээ. Улс орнууд энх тайвныг тогтоохоор хурал цуглаан, чуулга уулзалт зохион байгуулдаг ч үр дүнд хүрсэн нь үгүй. Үнэхээр амар тайвныг тогтооно гэдэг маш бэрх.  
Харин Есүс Өөр лүү нь ирэгсдэд зүрх сэтгэл дэх дотоод амар тайвныг амласан. Есүс тэдэнд энэ дэлхийд ноёлж буй үзэн ядалт, хагарал хуваагдлын дагуу, нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэсэн зарчмаар амьдрах шаардлагагүйг тайлбарласан. 
Тэгвэл энэхүү нүдэнд үл үзэгдэх хаанчлал энэ дэлхийн хаанчлалуудаас юугаараа ялгаатай юм бэ? Энэ хаанчлал нь баяр хөөр, амар тайвны хаанчлал төдийгүй энэ бол эв нэгдэл, эмх цэгцийн хаанчлал. Өнөөдөр энэ дэлхийд эв нэгдэлгүй байдал, эмх замбараагүй байдал гаарч буйг бүгд л мэднэ. Тэр бүү хэл эмх цэгц, зохион байгуулалтыг зориудаар эвдсэн урлаг, хөгжим, утга зохиолыг бий болгож, түүнийгээ орчин үеийн урлаг гэж сурталчилж байна.
Нэгэн зургийн үзэсгэлэн дээр зураачийн 4 настай хүүгийн зурсан зургийг байрлуулсан байсныг би санаж байна. Тэр зургийг зурахдаа тэрхүү дөрвөн настай хүү өөрийн унадаг дугуйныхаа урд дугуйнд будаг түрхээд дугуйныхаа рулийг эргүүлж, дугуйн дээр түрхсэн будгаа зотон даавуун дээр буулгаж зурсан ажээ. Ямар азаар Ремберандт ийм зүйлийг урлаг гэж үздэг цаг үеийг нүдээр үзээгүй юм бэ.
Харин Есүс Христэд итгэж, Түүний хаанчлалын иргэн болсон хүмүүсийн амьдралд амар тайван, баяр хөөр, эв нэгдэл дүүрдэг. Тийнхүү эмх замбараа, эв нэгдэл, амар тайвнаар цангаж буй энэ дэлхийд амьдарч буй хүмүүс Есүс Христийн хаанчлалаар дамжуулан амар тайван, баяр хөөр, эв нэгдлийг хүлээн авдаг. Бид Есүс Христийг хүлээн авч, өөрсдийн эвдэрсэн амьдралыг Бурханд өргөх үед Тэр бидний амьдралыг өөрчилж, эв нэгдэл, баяр хөөр, амар тайвнаа дүүргэдэг. Бурханы хаанчлалын иргэн болохын утга учир үүнд оршдог. 


БУРХАНЫ ХААНТ УЛС - ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАН, БАЯР ХӨӨРИЙН ХААНЧЛАЛ.