БУРХАНЫ ХААНЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

БУРХАНЫ ХААНЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.  Матай 6:33

Диснейланд соёл амралтын хүрээлэнгээ “Шидэт хаант улс” хэмээн нэрлэдэг. Харин өөр нэгэн хаанчлал буюу “Үл үзэгдэх хаанчлал”-ын талаар хамтдаа ярилцъя. Есүс үүнийг “Бурханы хаанчлал” хэмээн нэрлэсэн. Энэхүү үл үзэгдэх хаанчлалд хил хязгаар гэж үгүй. Хилийн харуул, цагдаа сэргийлэх гэж үгүй. Хайрын хуулиас өөр хууль гэж үгүй. Гэхдээ та Бурханы хүмүүстэй хаана уулзана, тэнд Бурханы хаанчлал тэдний дунд буйг анзаарна. 
Фарисайчууд Есүсийг бүдрүүлж, хэрэгт унагах гэж оролдох үед Есүс “Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу эсвэл “Хараач, энд байна” гэж хэлэхгүй. Харагтун, Бурханы хаанчлал нь та нарын дунд байна” (Лук 17:21) гэж хэлсэн байдаг. Тиймээс энэ бол үл үзэгдэх хаанчлал юм.
Зарим теологичид Бурханы хаанчлалыг Бурханы захиргаа гэж үздэг. Энэ нь эхлээд хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж улмаар Есүс Христийг энэ дэлхийг захирахаар дахин ирэх үед бүх дэлхийд түгэх болно гэж үздэг. Гэхдээ энэ бол ирээдүйд болох зүйл. Харин бид одоо цагт амьдарч байна. 
Есүс дагалдагч нартаа энэхүү хаанчлалыг чин сэтгэлээсээ эрэлхийлэх тухай сургахдаа нэгэн сонирхолтой үгийг хэрэглэсэн. Тэрээр “маш шаргуугаар эрж хайх” гэсэн утгатай Грек үгийг хэрэглэсэн. Энэ үгийг Олимпийн эрхээ авах гэж байдгаараа хичээж буй тамирчин, эсвэл их сургуульд элсэх гэж мэрийж буй оюутан, компанийнхаа зорилгод хүрэхийн тулд чадах бүхнээ дайчилж буй бизнесмэнийг тодорхойлохдоо хэрэглэдэг. 
Есүсийн хэрэглэсэн өөр нэгэн үг нь “өөрт байсан зүйлээ алдаад, түүнийгээ дахин олж авахаар хичээнгүйлэн зүтгэх” гэсэн утгатай үг байдаг. Энэ үг бидэнд Бурхан анхнаасаа биднийг Өөртэйгөө нөхөрлүүлэхийн тулд бүтээсэн гэдгийг сануулж байна. Хэдийгээр бид Бурхантай нөхөрлөхийн тулд бүтээгдсэн боловч явцын дунд бид Бурханаас нүүр буруулж Бурхантай тогтоосон ойр дотно харилцаагаа алдсан. Тиймээс ч эш үзүүлэгч Исаиа хэлэхдээ “Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав” (Исаиа 53:6) хэмээсэн.
Хэрвээ хаан байхгүй бол ямар ч хаанчлал байх боломжгүй. Бүгд найрамдах улс болон хаант улс хоёрын ялгаа үүнд оршдог. Жишээ нь: Хятад улс бол Бүгд найрамдах улс. Харин Англи бол Хаант улс. Тэгвэл Есүс энд Бурханы хаанчлалын тухай ярьсан. Тэрээр энэ дэлхийд ирэхийн тулд 30 жилийн өмнө орхисон тэр тэнгэрийн хаанчлалынхаа тухай ярьсан. Есүс Христ энэ дэлхийд хүмүүн болон мэндлэхдээ тэнгэрийн хаант улсын сүр жавхлангаа орхижээ. Бидэнтэй адил болохын тулд Бурхан Эцэгийнхээ баруун гар талын суудлыг орхисон. Бидний өлсгөлөнг ойлгохын тулд Тэр өлссөн. Бидний ганцаардлыг ойлгохын тулд Тэр ганцаардсан. Бидний зовлон шаналлыг ойлгохын тулд Тэр шаналсан. Тэр яг л тань шиг байдалд орж, таны адил соригдон зовсон. 
Харин Түүний тунхаглаж байсан хаанчлалын хувьд Паул нэгэн чухал зүйлийг хэлсэн. Есүс Христ дахин ирж энэ дэлхийд Хаанчлалаа байгуулна гэдгийг Паул гэрчилсэн. Тэрээр Тимотод хандан “Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаагүй, өө сэвгүй сахь. Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. Түүн ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен” (1 Тимот 6:14-16) хэмээн бичсэн.
Харин Есүсийг дахин ирэх хүртэл Бурханы хаанчлал Түүний ард түмний зүрхэнд буюу Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан гэм нүглээ цагаатгуулж, Бурханы гэр бүлийн гишүүд болсон тэр бүгдийн дотор байсаар байх болно. Бурханыг өөрийн Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөгч хүн нэг бүрийн дотор, тэдний хамтдаа байгаа тэр газарт Бурханы хаанчлал оршин байсаар байна. 


БУРХАНЫ ХААНЧЛАЛ “НҮДЭНД ҮЛ ҮЗЭГДЭХ” ХААНЧЛАЛ. ГЭХДЭЭ ЭНЭ БОЛ БИЕ БИЕЭ ХӨНӨӨН СҮЙТГЭЖ БУЙ ГЭМ НҮГЭЛТ ЕРТӨНЦӨД ГЭРЭЛ, ДАВС БОЛОН АМЬДАРЧ БУЙ ХҮМҮҮСИЙГ НЭГТГЭСЭН ҮНЭХЭЭР ХҮЧИРХЭГ ХААНЧЛАЛ.