ТАНЫ СОНГОЛТ ТАНЫ ХУВЬ ТАВИЛАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

ТАНЫ СОНГОЛТ ТАНЫ ХУВЬ ТАВИЛАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Хүнд өөрт нь зөв мэт зам Харин эцэс нь үхлийн зам. Сургаалт үгс 14:12 

Каир хотоос өмнө зүгт 600 бээрийн алсад, эртний Нил мөрний эрэг дээр, тухайн цаг үедээ хамгийн гайхамшигтай барилгуудын нэгд зүй ёсоор тооцогддог асан Карнакын сүм сүндэрлэн байдаг. Нил мөрний эсрэг талаас сүр жавхлант хаадын хөндий үргэлжлэх бөгөөд эртний фараонуудын сүр жавхланг илэрхийлсэн гайхамшигтай пирамидуудыг бид тэндээс үзэж болно. 
Карнакын сүмийн ханан дээр чулуун дээр сийлсэн 3000 жилийн настай зургууд бий. Сүмийн ханан дээрх нэгэн зургийн голд Египетийн фараон Шишакийг зурж, түүний эргэн тойронд түүний цэрэг дайны олз болсон жижиг хаадыг хүзүүнээс нь олс буюу гинжээр гинжилсэн буйгаар илэрхийлсэн байдаг. Дайнд ялагдсан тэдгээр хаадын ихэнхийг нь бид мэдэхгүй боловч нэгийг нь бид танина. Тэр бол Израилийн хаан Соломоны хүү Рехобоам юм. Тэрээр “хуваагдсан хаанчлалын үед” Иудаг захирч эхэлсэн анхны хаан. Рехобоамын түүх Хуучин гэрээний 1Хаад 14 болон 2Шастир 12-р бүлгүүдэд тус тус бичигдсэн байдаг. Энэхүү тэмдэглэлүүдийн нэгийг нь тахилч, нөгөөг нь гүүш хүн бичсэн боловч хоёулаа үнэн зөв бөгөөд өөр хоорондоо зөрөлдөөнгүйгээр бичигдсэн. 
Сүмийн ханан дээрх энэхүү зургийн цаана нэгэн хүний гунигт түүх агуулагддаг. Энэ бол өөрийн нөөц бололцоондоо хүрч чадаагүй хүний гунигт түүх бөгөөд өөрийнх нь хийсэн буруу сонголт хувь тавиланг нь өөрчилж орхисон хүний цадиг.
Эцэг Соломоныхаа үхлийн дараа Рехобоам хаан болсон боловч түүний хаанчлалын үед хаант улс нь хуваагдсан. Иеробоам хаан болж Израилийн 10 овгийг захирах болсон бөгөөд Умард Израилийн Данд тахилын ширээ босгосон. Харин Рехобоам Иерусалимд үлдэж, эцгээ залгамжлан Өмнөд Иудаг захирах болжээ. 
Тэр үед Рехобоамын захиргаанд Иудад юу тохиолдсон тухай ийнхүү тэмдэглэгдэн үлджээ. “Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдийнхөө хийсэн бүгдээс илүү нүгэл үйлдсэнээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв. Учир нь тэд ч бас өндөр толгой бүрийн орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онго баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив” (1Хаад 14:22-24).
Заримдаа Бурханы шударга ёс гүйцэлдэхгүй дэндүү удаж байгаа мэт санагддаг. Харин зарим тохиолдолд Бурхан шударга ёсыг маш хурдан гүйцэлдүүлдэг. Рехобоамын хувьд энэ нь тийм ч удаан хүлээлгэсэнгүй. Түүний хаанчлалын тав дахь жилд Египетийн захирагч Шишак Иудатай дайн зарлаж ялалт байгуулсан. Тэрээр Соломоны барьсан сүмийг тонож, алтан бамбайнуудыг булаан авч оджээ. 
Тахилчийн бичиж үлдээсэн түүхэн сурвалжаас үзвэл сүмээс авч одсон алтан бамбайнуудын оронд Рехобоам гуулин бамбайнуудыг орлуулан тавьсан. Магадгүй тэр бүх бамбайг хийх түүхий эдийг Мөхсөн тэнгисийн өмнөд хэсэгт орших Соломоны эзэмшлийн Негевийн уурхайгаас олборлосон байж болох. 
Рехобоам хаан Бурханаас нүүр буруулсныхаа хариуд алтан бамбайнуудаа булаалгаж, тэдгээрийг гуулин бамбайнуудаар орлуулахад хүрчээ. Хэдийгээр гуулин бамбайнууд нь харахад өмнөх алтан бамбайнуудтай төстэй харагдаж байсан байж болох ч үнэ цэнийн хувьд хаана нь ч хүрэхгүй.
Тэгвэл өнөөдрийн бидний амьдралд ч бас үүнтэй адил зүйлс тохиолддог шүү дээ. Хялбар аргаар мөнгө олох гэж үнэн шударга зангаа хойш тавих үедээ бид эцсийн дүндээ ийм үр дагаврыг хүлээж авдаг. Бид зуурдын зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөж гэр бүлээ хойш тавих үедээ мөн л ийм байдалд ордог. Бид өөрсдийн алтыг алдаад түүнийгээ гуулиар орлуулахад хүрдэг. Хийж буй сонголтууд маань үргэлж бидний амьдрал, хувь тавиланг тодорхойлж байдаг.
Тэр тусмаа бид Бурханаас нүүр буруулан өөрийнхөө хүслийг дагах сонголтыг хийх нь бүр ч ноцтой үр дагаварт хүргэдэг. Рехобоам хаан уг нь хаан эцгийнхээ сургаалыг дагаж, түүний “Хүнд өөрт нь зөв мэт зам. Харин эцэс нь үхлийн зам" (Сургаалт үгс 14:12) үгийг санаж болох л байсан.
Карнакын сүмийн ханан дээрх зураг бидэн үнэхээр чухал үнэнийг сануулж байна. Тэрхүү зургаас энэ Египетийн хааны агуу ялалтын түүхийг харж болох ч үүний хажуугаар бид Бурханы хүүхдүүдийн агуу бүтэлгүйтлийг харж болно. 


ХҮНДЭЭ ХӨНГӨНӨӨС ӨГЧ, ӨӨРИЙН АМЬДРАЛЫН АЛТЫГ ГУУЛИАР СОЛИХ УРУУ ТАТЛАГАД ОРОХ ҮЕДЭЭ РЕХОБОАМЫН ТҮҮХИЙГ САНААРАЙ.