БУРХАНД ИТГЭЖ СУРАХ НЬ

БУРХАНД ИТГЭЖ СУРАХ НЬ

Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй. Матай 7:12

Та нэг ийм дүр зургийг төсөөлөөд үзээрэй. Нэгэн бяцхан охин шатаж буй байшингийн цонхон дээр зогсоно. Хоёр давхрын цонхон дээр зогссон бяцхан охины хувьд газар дэндүү хол санагдана. Харин цонхон доор том малгай, шар хувцас, том хар гуталтай, биерхүү гал сөнөөгч залуу зогсоно. Тэр залуу гараа сунгаад охин руу хандан “Зүгээр ээ, охин минь, үсрээрэй. Би чамайг бариад авна. Яах ч үгүй. Алив, охин минь, үсрээрэй” хэмээн хашхирна.
Бяцхан охины зүрх айдсаар дүүрчээ. Тэр охин гал сөнөөгч ахыг танихгүйгээс гадна, өөрөө хэтэрхий өндөрт байгаа мэт санагдаж байв. Хэрвээ гал сөнөөгчийн оронд тэр охины аав нь тэнд зогсож байсан бол тэр охин эргэлзэхгүй үсрэх байсан биз. Уг нь гал сөнөөгч тэр охины ааваас илүү бэлтгэлтэй, мэргэжлийн хүн учраас тэр охиныг барьж авах магадлал аавынхаас нь илүү өндөр. Учир нь тэр ийм зүйлийг олон удаа хийж байсан. Гэвч энэ нь бяцхан охины айдсыг арилгаж чадахгүй. Бяцхан охин аавыгаа мэддэг. Аавдаа итгэдэг. Тийм ч учраас хичнээн айж байсан ч бяцхан хүүхдүүд аавынхаа гар луу эргэлзээгүй үсэрдэг.
Тэгвэл эндээс бид Бурхантай харилцах харилцаагаа нухацтай авч үзэх хэрэгтэй. Та Бурханд хэрхэн итгэж сурах вэ? Таны урмыг хугалах вий, бүх зүйл бүтэлгүйтэх вий гэсэн айдсаа даван хэрхэн Бурханд итгэж найдаж сурах вэ?
Нэгдүгээрт, Бурханыг Түүний Хүү Есүс Христээр дамжуулан таньж мэдэх. Энэ нь та Библиэ гаргаад Бурхан гэж хэн бэ гэдгийг олж мэднэ гэсэн үг. Паул Дамаск орох замд Есүс Христтэй уулзах үедээ тэр хамгийн түрүүнд “Та хэн бэ?” гэж  асуусан байдаг. Хэрвээ та Библиэ нээгээд энэ асуултынхаа хариултыг бүрэн дүүрэн авсан бол дараа нь та өөрийнхөө айдас эргэлзээтэй нүүр тулах ёстой. Бурхан намайг голох болов уу? Тэр надаас хэрээс минь хэтэрсэн зүйлийг шаардах болов уу? Бурхан миний итгэлийг алдах болов уу? гэсэн эргэлзээ тээнэгэлзлүүдээ дарах ёстой. 
Бид Бурхантай итгэлцлийн харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ? Мэдээж та танихгүй хүнд итгэхгүй шүү дээ. Өнөөдөр бид хүүхдүүддээ хичнээн сайхан зантай, гаднаа сайхан харагдсан ч танихгүй хүнд итгэж, үгэнд нь орж болохгүй гэдгийг сайтар зааж өгөх ёстой. Тийм ч учраас зарим хүүхдүүд аавынхаа гар луу үсрэхээс айдаггүй хэрнээ гал сөнөөгчийн гар луу үсрэхээс айдаг.
Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа Өөртөө эгэл жирийн хүмүүсийг дуудсан. Тэдгээр хүмүүс цаг нь ирэхэд энэ дэлхийг орвонгоор нь өөрчлөх ёстой байсан. Харин Есүс тэднээс нэг л зүйлийг хүссэн. Өөрийг нь дагахыг хүссэн. Тэр тэднээс ямар нэгэн урт хугацааны зориулалтыг шаардаагүй. Зүгээр л Өөрийг нь дагахыг хүссэн. Гэхдээ Түүнийг дагах шийдвэр гаргасан хүмүүс ихэнхдээ үхэн үхтлээ Түүнийг дагасан. Есүс тэднийг өөрт байгаа бүхнээ хаяад, даяанчлан амьдар гэж шаардаагүй. Гэхдээ Түүнийг дагасан хүмүүс өөрсдийгөө үгүйсгээд зогсохгүй өөрт буй бүхнээ Христийн зорилгын төлөө зориулсан. 
Үнэндээ Есүс зөвхөн “Намайг дага” л гэж хэлсэн. Хэн нэгнийг дагана гэдэг хэн нэгнийг урдаа гаргаад түүний араас дуулгавартай, тууштай явна гэсэн үг. 
Өөрийг нь дагасан хүмүүс Өөрийг нь таньж мэднэ гэдгийг Есүс мэдэж байсан. Улмаар тэд Есүсийг таньж мэдэх үед Түүнийг хайрлана, Түүний хайрлах үедээ тэд Түүний сургаалыг дагана, Түүний сургаалыг дагах үедээ тэдний амьдрал зорилго чиглэл, утга учраар дүүрнэ гэдгийг Есүс мэдэж байсан. 
Тэгвэл та Бурхантай ойр дотно харилцаатай болохыг хүсэж байна уу? Тэгвэл Түүний Хүүтэй хамт байх цагийг гарга. Залбирлаар, Библи уншлагаар дамжуулан Түүнийг таньж мэд. Залбирлын тэмдэглэл хөтөлж та юу залбиран гуйсан, Бурхан хэрхэн хариулсан гэдгийг тэмдэглэж бай. Библийг уншихдаа өөрт төрсөн сэтгэгдэл болон Бурхан танд юу гэж хэлж байгаа юм шиг танд санагдаж байна тэр бүхнийгээ бичиж ав. 
Бурханыг таньж мэднэ гэдэг хамаг юмаа орхиод ууланд гарч даяанчилсан хүмүүсийн л чаддаг зүйл биш. Харин бид өдөр тутмын амьдрал дундаа ч Түүнтэй холбоотой байж, Бурханыг таньж мэдэж чадна. 


ЭНЭ БОЛ БУРХАНААС БИДЭНД ХАНДСАН ТҮҮНИЙ ХҮСЭЛ ЗОРИЛГО. ХАРАМСАЛТАЙ НЬ ҮҮНИЙГ ДАГАЖ, ХЭРЭГЖҮҮЛДЭГ НЬ ДЭНДҮҮ ЦӨӨХӨН.