АМЬДРАЛЫН ХЯНАЛТАА АЛДАХ НЬ ЗАРИМДАА ЯАГААД САЙНААР ТУСДАГ ВЭ?

АМЬДРАЛЫН ХЯНАЛТАА АЛДАХ НЬ ЗАРИМДАА ЯАГААД САЙНААР ТУСДАГ ВЭ?

Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно. Матай 16:25

Бидний ихэнх нь Бурханы өмнө залбирахдаа дараах маягаар залбирдаг. “Бурхан, энэ зүйлийг миний хүслээр болгож өгөөч. Надад зовлон бэрхшээлгүй амар амгалан амьдралыг өгөөч. Библийн ганц нэг эшлэл уншчихаад яваад байхад болохоор зовлон багатай амьдрал өгөөч”.
Хэрвээ та ингэж залбирдаг хүмүүсийн нэг бол тантай адил хүмүүс маш олон байдаг гэдэгт итгэлтэй байж болно. Гэвч Бурхан Өөрийн хүмүүстээ дэндүү хайртай. Тиймээс ч Бурхан бидний энэ мэт залбирлуудад бидний хүссэн ёсоор хариулдаггүй. Учир нь бид амьдралынхаа жолоог өөрөө атгахыг хүсдэг. Харин Бурхан бидний амьдралын эзэн нэртэй тэгсэн хэрнээ бидний амьдралын жолоог бидний гарт атгуулсан чигээр нь орхихыг хүсдэггүй. 
“Бид өөрсдөө бүхнийг хяналтдаа байлгах гэж оролдох үедээ Бурханаас өөр хэн нэгнээр амьдралаа удирдуулах сонголтыг хийж байдаг” хэмээн Синтиа Хилд өөрийн “Бурханы зүрх сэтгэлд хүрэх аялал” хэмээх номдоо өгүүлсэн. Тэрээр үргэлжлүүлэн бичихдээ “Хэдийгээр амьдралаа өөрөө хянаж байх нь зүй тогтолтой, аюулгүй мэт санагдаж болох ч амьдралаа ганцаараа хянаж явна гэдэг бидний хувьд хэтэрхий хүнд, дэндүү ганцаардмал ажил” хэмээн бичжээ. Үнэхээр өөрөө өөрийнхөө амьдралын бурхан болох гэж хичээх нь бидний хувьд дэндүү хүнд ачаа. 
Гэтэл бид амьдралынхаа эзэн нь байх гэж хичээгээд зогсохгүй хайртай хүмүүсийнхээ амьдралыг ч өөрсдийнхөөрөө удирдан жолоодохыг хүсдэг. Эцэг эхчүүд бид энэ тал дээр үнэхээр мэргэжилтнүүд. Библийн эхний ном болох Эхлэл номд Ребека гэдэг нэгэн эх өөрийн хүү Иаковын ирээдүйг шийдэж өгөх гэж маш их хичээсэн тухай өгүүлдэг. Хэдийгээр өөрийнх нь амьдралд Бурханы онцгойгоор ажиллахыг Ребека харсан боловч Эхлэл 24-р бүлгээс харвал Ребека төлөвлөгөөгөө Бурханыхнаас илүү гэж бодсон байдаг. 
Ребека бол Исаакийн эхнэр, Иаков, Есав хэмээх ихэр хөвгүүдийн эх. Хэдийгээр Есав нь том хүү бөгөөд эцгийнхээ хууль ёсны залгамжлагч байсан ч Ребека Иаковт илүү хайртай байв. Нэг өдөр Исаак хөгширч, нүд нь юм үзэхээ больсон хойно Есав хүүгээ дуудаж түүнийг ерөөхөөр болсон. Харин Ребекад энэ нь таалагдаагүй учир төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр Есавыг эзгүй хойгуур нөхрийнхөө дуртай, Есавын хийдэгтэй адил шөлийг Исаакт хийж өгсөн. Тэгээд тэр шөлөө Иаковт өгөөд Иаковын гар болон хүзүүг ишигний арьсаар бүрээд хараа муутай эцэг рүү нь оруулж түүгээр ерөөлгөсөн. Энэ заль мэх нь амжилттай болж Иаков Есавт очих ёстой байсан ерөөлийг хүртсэн. Тэр цагаас хойш энэхүү хууран мэхлэлтийн үр дагавар Иаковын амьдралаас огт салаагүй.
Бид ихэвчлэн зальжин төлөвлөгөөгөөрөө дамжуулан өөрсдийгөө “аварч”, ойр дотны хүмүүсийнхээ амьдралд “туслахыг” хичээдэг. Гэвч ингэлээ гээд бид юу ч хождоггүй. Бүхнийг хяналтдаа байлгах гэж хичээх нь бидний амьдралыг улам бүр дараа дарамттай болгосоор эцэст нь амьсгал авахад ч хэцүү болдог. Та ийм байдалд орж үзсэн үү? “Бурхан Эцэг чинь таны амьдралын жолоог атгаж, таныг хамгаалж, таныг хүчирхэгжүүлж, амьдралын аян замд чинь таныг тайвшруулан тайтгаруулахыг хүсдэг юм шүү” хэмээн Хилд бичжээ. 
Бид өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралыг өөрсдөө шийдэх гэж хичээсээр эцэст нь хөдөлж ч чадахаа болин цөхрөх хүртэл Бурхан биднийг тэвчээртэйгээр хүлээсээр байдаг. Гэвч бид Бурханы өмнө буун өгч, амьдралын жолоогоо Түүнд атгуулах хүртлээ олон хоног шаналдаг. Эцэст нь бид гараа өргөн Түүнд буун өгөх үед Тэр бидний амьдралын орооцолдсон асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж өгдөг. Тиймээс бидний хувьд Корри тэн Бүүмийн бичсэнчлэн “Бүх зүйлийг сулхан атгаж сурах хэрэгтэй. Эс тэгвээс Бурхан бидний атгасан гарыг тавиулах гэж оролдох үед бидний гар маш их өвдөх болно.”
Харин бид Бурханд бууж өгөх үед Тэр бидний амьдралд ажлаа хийж эхэлдэг. Түүний ажил бидний амьдралд хийгдэж эхлэх үед бидний ачаа хөнгөрч, амар тайвныг бид хүлээж авдаг. Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралын бүх хяналтыг өөрөө атгах гэж зовохын оронд Түүнд өргөх нь юутай их тайвшрал билээ! Хэрвээ та энэ амар тайвныг хараахан амсаж үзээгүй байгаа бол яг энэ өдөр өөрийн амьдралын жолоог Бурханд атгуулаарай.


ХЭН АМИА АВРАХЫГ ХҮСНЭ, ТЭР ТҮҮНИЙГЭЭ АЛДАНА.