БИ ХӨРШӨӨ ХЭРХЭН ХАЙРЛАХ ВЭ?

БИ ХӨРШӨӨ ХЭРХЭН ХАЙРЛАХ ВЭ?

Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН. Леви 19:18

Иерусалим дахь Кнессет буюу Израилийн парламентын ордны эсрэг талд Британиас Израильд бэлэглэсэн аварга том менорагийн хөшөө бий. Үүнийг нэрт уран барималч Бенно Елкан барьсан бөгөөд тус менора дээр Израилийн түүхийг илэрхийлсэн зургуудыг товойлгон урлажээ. Менора нь долоон салаа бүхий дэнлүүний суурь бөгөөд энэ нь Бурханы дүүрэн байдлыг илэрхийлдэг. 
Тус менорагийн долоон салааны нэгэн дээр нэгэн рабби болон түүний өмнө нэг хөл дээрээ зогсож буй шавийнх нь дүрсийг урласан буй. Тэр рабби бол Иудейн түүхэн дэх хамгийн агуу раббинуудын нэг болох Хиллэл. Харин шавь нь яагаад нэг хөлөө өргөн зогсож байгаа юм бол? Уламжлалын дагуу үзвэл нэгэн шавь нь Хиллэлээс нэг хөл дээрээ зогсож байх зуур нь хуулийг бүхэлд нь зааж өгөхийг хүссэн гэдэг. Харин Рабби Хиллэл хариуд нь Дэд хууль 6:5-ийг эш татаж “Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла" хэмээн хариулсан гэдэг. Мосегийн үед амьдарч байсан хүмүүс үүнийг хэрэгжүүлж тэр бүр чаддаггүй байсны нэгэн адил өнөөдөр бид ч бас тэр бүр энэ үгийн дагуу амьдарч чаддаггүй. Бидний амьдралд маш олон зүйл Бурханы байр суурийг булаасан байдаг. 
Нөгөөтэйгүүр Еврейчүүд хөршөө өөрийн адил хайрлах нь хоёр дахь агуу тушаал гэдгийг мэддэг байв. Есүсээс хүмүүс “Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ?” гэж асуухад Есүс хариуд нь “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм” хэмээсэн байдаг (Матай 22:37-40).
Хамтдаа Есүсийн хэлсэн үгсийг эргэцүүлэн бодоцгооё. Тэр хэлэхдээ Эхлэл, Гэтлэл, Леви, Тооллого, Дэд хууль номд бичигдсэн бүхэн, мөн Исаиа, Иеремиа, Езекиел, Даниел болон 12 бага эш үзүүлэгчдийн бичсэн бүхэн бүгдээрээ нийлээд хоёр чухал үнэнийг тунхагладаг хэмээв. Энэ бол “Бурхан Эзэнээ бүх зүрхээрээ хайрла, хөршөө өөрийн адил хайрла” гэсэн тушаал.
Бурханыг хайрлана гэдэг амаргүй боловч хажуу хаалганд амьдардаг хөршөө хайрлана гэдэг бүр ч бэрх. Хогоо хаа хамаагүй хаяж, шөнө орой унтуулахгүй чанга хөгжим хангинуулж, эсвэл нохойгоо хаа хамаагүй баалгаж шээлгэн, таны ая тухыг байнга алдагдуулдаг хөршөө хайрлана гэдэг бүр ч хэцүү. 
Мөн бид дэлхийн мэдээнээс Израильчууд Бурханаа хайрлах болон хөршөө хайрлах тал дээр үнэхээр асуудалтайг харж болно. Гэхдээ нэг зүйл тодорхой. Та эхлээд Бурхан Эзэнээ бүх зүрхээрээ хайрлахаас нааш хөршөө өөрийн адил хайрлаж чадахгүй. Тиймээс ч Паул Бурханы хайр бидэнд өгөгдсөн Түүний Сүнсээр дамжуулан бидний зүрхэнд цутгадаг тухай өгүүлсэн (Ром 5:5).
Тэгвэл бид Бурханыг яаж хайрлаж сурах вэ? Бид Түүнийг хэн бэ гэдгийг таньж мэдсэнээр хайрлаж сурна. Танд хандсан Түүний агуу хайр, Түүний хайр энэрлийг ойлгож ухаарах үед та “Тийм ээ Эзэн минь, Би Таныг хайрлаж, Танд үйлчилье” хэмээн хэлэх болно. Тэр цагт Бурханы агуу хайр таны дотор дүүрч, танаар дамжуулан таны гэр бүлийнхэн, айл хөршийнхөн, ажлын газрынханд хүрэх болно.
Энэ бүхний цаад түлхүүр нь Бурхан Өөрөө. Тиймээс Түүнийг таньж мэдэн, Түүнийг хайрлаж, тэр л хайраар дамжуулан хөршөө хайрлахад маань Бурхан бидэнд туслах болтугай.


БУРХАН ЭЗЭНЭЭ БҮХ ЗҮРХЭЭРЭЭ, ХӨРШӨӨ ӨӨРИЙН АДИЛ ХАЙРЛА!