ЖИНХЭНЭ БАЯР ХӨӨРИЙГ ОЛОХ ГАЗАР

ЖИНХЭНЭ БАЯР ХӨӨРИЙГ ОЛОХ ГАЗАР

Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.  Ром 14:17

Есүсийг амьдарч байх үеийн Грек-Ромын ертөнцийнхөн Газар дундын тэнгисийн эрэг дээрх Палестин хэмээх зурвас газрыг яах ёстой вэ гэдгээ төдийлөн сайн мэдэхгүй байсан. Ромчууд Каесарид гимназиуд болон томоохон усан сангуудыг байгуулж эхлэх үед Иудейчүүд бослого дэгдээж эхэлсэн. Эцэст нь Цезарь легионуудаа илгээж бослогыг нам дарсан. Улмаар тэд Ромчуудад эргэлзээгүй үнэнч Иудейн удирдагчидтай холбоотон болж тэднээр дамжуулан Иудейчүүдийг захирах болсон. 
Есүсийг үйлчилж байх үед Галилыг Херод хаан захирч байв. Тэр бол Ромчуудад үнэнч зүтгэдгээсээ болоод ард түмэндээ үзэн ядагдсан нэгэн байлаа. Тиймээс үй олон хүн Есүсийг дагаж, Бурханы хаанчлалыг байгуулах тухай Есүсийн сургаалыг шимтэн сонсож эхлэх үед Ромын төрд үнэнчээр зүтгэдэг Иудейчүүд ямар ихээр айж сандарсан нь ойлгомжтой. Ийм сургаал ард олны дунд үймээн самуун дэгдээх боломжтой байв. Гэвч Есүсийн тунхаглаж байсан тэрхүү хаанчлал нь хүмүүсийн зүрхэнд орших “үл үзэгдэх хаанчлал” байлаа. Тиймээс ч Есүс тэдэнд “Бурханы хаанчлал нь та нарын дунд байна” (Лук 17:21) хэмээн айлдсан.
Гэсэн ч тэд итгээгүй. Дээрээс нь тэд Есүсийн ярьсан зүйлсийг ойлгоогүй. Тэгвэл Есүсийн тунхаглаж асан Бурханы хаанчлал нь энэ дэлхийн хаанчлалуудаас юугаараа ялгаатай юм бэ? Энэ бол маш чухал асуулт. Бурханы хаанчлалын маш олон шинж чанараас тавыг нь онцолъё. 
Юуны түрүүнд Бурханы хаанчлал бол баяр хөөрийн хаанчлал. Ромын Эзэнт гүрний төв болсон Ром хотын чуулганы итгэгчдэд хандан бичихдээ Паул “Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм” (Ром 14:17) хэмээсэн.
“Баяр хөөр гэдэг бол Хаан Эзэн нь сэнтийдээ заларсан ордны өндөрт намирах туг юм” гэж нэгэн мэргэн хүн хэлсэн. Бурханы хаанчлал бол нүдэнд үл үзэгдэх хаанчлал. Энэ хаанчлал таны дотор байгаа. Энэ бол таны амьдралыг удирдах Бурханы захиргаа. Нэрт Библийн багш Жорж Свитинг “Зарим үгийг сүнслэг утгаар ойлгох ёстой бөгөөд тэдгээрийг зөвхөн Бурханы хүүхдүүд л хэрэглэвэл зохино” хэмээн хэлсэн. Тэгвэл тэдгээр үгсийн нэг нь баяр хөөр.
Сонирхолтой нь Библид баяр хөөр гэдэг үг 200 гаруй удаа давтагддаг. Си.Эс.Льюис бурхангүй үзлээс Бурханд итгэх итгэл рүү хүрсэн аяллынхаа талаар бичсэн номоо “Гэнэтийн баяр хөөр” гэж нэрлэсэн. Бурханы хаанчлалыг эрэн хайх тухай Есүсийн сургаал нь бидний сайн мэдэх “Уулын сургаалын” нэг хэсэг. Тэгвэл Есүсийн заасан Уулын сургаал нь ерөөлийн тухай өгүүлж эхэлдгийг та санаж байна уу? Сүнсэн дотор ядуу хүмүүс ерөөлтэй еэ, гашуудагсад ерөөлтэй еэ, даруу хүмүүс ерөөлтэй еэ гээд үргэлжилдэг шүү дээ.  
Бурханы хаанчлалын иргэд болсон хүмүүсийн амьдралд буудаг Бурханы ивээл ерөөлүүд нь тэдний амьдралд гайхамшигтай баяр хөөрийг авчирдаг. Энэ баяр хөөр нь эд хөрөнгө, эрүүл мэнд, нөхцөл байдлаас үл шалтгаалах баяр хөөр. Энэ бол бидний амьдралд мутраа хүргэж, амьдралыг өөрчилсөн амьд Бурхантай харилцах харилцаанаас ирэх баяр хөөр. 
Эрт цагт Давид “Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн” (Дуулал 16:11) хэмээн тунхагласан. Энэ эшлэл надад мөнхийн улс бол нулимсаар биш харин баяр хөөрөөр дүүрэн газар болохыг сануулдаг. Батшебатай үйлдсэн гэм нүглээсээ болоод Бурхантай харилцах харилцаа нь тасрах үед Давид хаан “Авралын баяр хөөрөө надад сэргээж өгөөч” хэмээн залбирсан юм. 
Есүс энэ дэлхийд амьдарч байхдаа цовдлогдохынхоо өмнө дагалдагч нартаа зовлон бэрхшээлийн өмнө баяр хөөртэй байхыг сануулдаг. Тэрээр дагалдагчдадаа “Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв” (Иохан 15:11) хэмээсэн.
Мөн “Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна” (Иохан 16:24) хэмээн өгүүлсэн. Элч Паул ч мөн баяр хөөр нь Ариун Сүнсээр дүүрэн итгэгчдийн амьдралаас ургадаг Ариун Сүнсний үр жимс гэдгийг онцлон хэлсэн. 
Бурханы нүдэнд үл үзэгдэх хаанчлалыг тодорхойлох олон шинж чанарыг бид дурдаж болно. Гэхдээ би нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Хэрвээ та Бурханы хүүхэд атлаа баяр хөөргүй амьдарч байгаа бол та Бурханаас танд бэлдсэн нэгэн онцгой чухал зүйлийг алдаж байна гэсэн үг. Баяр хөөр гэдэг бол Бурханы хаанчлалын иргэдээс илэрдэг онцгой чухал тэмдэг. 


БАЯР ХӨӨР БОЛ БУРХАНААС ТАНД ӨГЧ БУЙ ЕРӨӨЛТ ӨВ. ТАНЫ АМЬДРАЛ ӨНӨӨДӨР БАЯР ХӨӨРӨӨР ДҮҮРЭН БАЙХЫН ТӨЛӨӨ БУРХАН ЭЦЭГЭЭСЭЭ ГУЙН ЗАЛБИР.