ҮЛ ҮЗЭГДЭХ ХААНЧЛАЛЫГ ХЭРХЭН ЭРЭЛХИЙЛЭХ ВЭ?

ҮЛ ҮЗЭГДЭХ ХААНЧЛАЛЫГ ХЭРХЭН ЭРЭЛХИЙЛЭХ ВЭ?

Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. Ефес 2:8-9
Бид Бурханы хаанчлал болон Түүний зөвт байдлыг эхэнд тавин эрэлхийлэх ёстой хэмээн сургах үедээ үүнийг маш чухалчлан захидаг. Ингэхдээ Бурханы хаанчлал бол бүхий л цаг зав, хичээл зүтгэлээ зориулан байж эрж хайх ёстой үнэ цэнтэй зүйл гэдэг санааг Есүс илэрхийлсэн. Хэрвээ бид Бурханы хаанчлалыг хайсаар олбол бид эрж хайдаг бусад зүйлсийг олоод зогсохгүй, материаллаг зүйлсийг эрж хайсан амьдралаас хэзээ ч олж чадахааргүй тэр бүх сүнслэг ивээл ерөөлийг хүртнэ гэдгийг Есүс хэлсэн. 
Та ихэнх цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ? Дэлхийн бүх хүнийг юуны төлөө амьдарч байна вэ гэж авч үзвэл ихэнх хүмүүс дараах гурван зүйлийн төлөө амьдардаг юм шиг санагддаг. Нэгдүгээрт, хөрөнгө мөнгө, хоёрдугаарт, алдар нэр, гуравдугаарт хүч чадал, нэр нөлөө. Гэтэл хачирхалтай нь Есүс бидний амьдрал ямар байх ёстой тухай сургахдаа эдгээр гурван зүйлийг огт дурдаагүй.
Бурханы хаанчлалын үүдэн дээр зогсох үед бидэнд ямар ч алт мөнгөний хэрэг байхгүй. Өнөөдөр 21-р зуунд мөнгө маш олон үүд хаалгыг нээж чадах ч дэлхийн бүх хөрөнгө мөнгө нийлээд ч онгойлгож чадахааргүй үүд хаалга гэж байдаг.
1914 онд удирдаж явсан Эндьюранс хөлөг нь Арктикийн мөсөнд цохигдон эвдрэх тэр үед энэхүү гашуун үнэнийг Сэр Эрнэст Шаклтон биеэрээ мэдэрсэн гэдэг. Хөлөг онгоцны зохион бүтээгч мөс, хөлөг онгоцыг дээш өргөж, хөлөг онгоц мөсөн тавцан дээр гарч зогсоно хэмээн тооцоолж байсан ч тийм зүйл болсонгүй. Мөс хөлгийг тэр чигт нь эвдэж орхисон. Ингээд Шаклтон хүмүүсээ дуудаад амьд үлдэх явдал хамгийн чухал болоод байгааг хэлжээ. Тэдний байгаа газраасаа зорьж яваа Зааны арал хүртлээ хэдэн мянган бээр үргэлжилсэн Арктикийн мөсөн талыг туулах ёстой болсон нь энэ байв. Тэрээр багийнхандаа нэг хүн зөвхөн хоёр кг ачаа л авч явах ёстой бөгөөд ингэхдээ зөвхөн амь насанд нь амин чухал шаардлагатай зүйлсийг л биедээ авч явах хэрэгтэй гэдгийг санууллаа. Хэлэх гэсэн санаагаа батлахын тулд тэрээр тамхины алтан асаагуур болон өөрт байсан алтан зооснуудаа газарт хаяад хөлөөрөө гишгэн мөсөнд шигтгэж орхижээ. Үнэндээ арктикийн мөсөн талд алтан зоос ямар ч хэрэггүй. Үүний нэгэн адил Бурханы хаанчлалд ч мөн хөрөнгө мөнгө хэрэггүй билээ. 
Тэгвэл бид бүхий л амьдралаа амжилт бүтээл, эд хөрөнгийн хойноос зүтгэсээр барах нь үнэт цагаа дэмий үрж буй хэрэг гэдгийг Есүс сануулан хэлсэн. 
Тэгвэл хүмүүсийн үхэн хатан хөөцөлддөг хоёр дахь зүйл буюу нэр алдрын төлөө амьдралаа зориулах нь хэр зөв бэ? Амжилт бүтээлээрээ олонд танигдах сайхан хэрэг. Гэхдээ Бурхан Оскарын шагнал ч юм уу, Нобелын шагналд тэгтлээ их ач холбогдол өгнө гэж үү? 
Нэгэн амжилттай яваа бизнесмэн эрийн нислэг нь хойшлогджээ. Уурлаж бухимдсан бизнесмэн эр билетийн агент руу явж очоод билетээ харуулан боломжтой нислэг байгаа эсэхийг асуусан ч ямар ч нислэг байхгүй гэдэг хариу авч. Уурлаж бухимдсан эр агент бүсгүйгээс “Чи намайг хэн болохыг мэдэж байна уу?” гэж асууж гэнэ. Харин ядарсан агент бүсгүй тэр эр лүү нэг харснаа, микрофоноо аваад “Энэ эрхэм өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй байна. Хэрвээ түүнийг таних хүн энд байвал наашаа хүрч ирнэ үү” гэж зарласан гэдэг. 
Алдар хүнд, нэр нөлөө таны өмнө үнэтэй клубын үүд хаалгыг нээж өгч чадах ч Бурханы хаанчлалын үүд хаалгыг гагцхүү Бурханы нигүүлсэл л нээж өгдөг. Тиймээс ч Паул үүнийг тайлбарлахдаа, “Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд  үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно” (Ефес 2:8,9) хэмээсэн.
Бурханы хаанчлалд багтсан бүх хүн ахан дүүс болдог. Тэнд ямар нэгэн алдар нэр, албан тушаал хамаагүй. Тэнд бүх хүн эрх тэгш байх болно. Гэхдээ тэрхүү хаанчлалд багтсан хүмүүсийн дундаас өөрийнхүчээр тийшээ орсон хүн нэг ч байхгүй. Учир нь Бурханы Хүү Есүс Христ энэ дэлхийд ирж бидэнд тэнгэрийн улс руу хүрэх замыг зааж өгсөн. 


БУРХАНЫ ХААНЧЛАЛ БОЛ “НҮДЭНД ҮЛ ҮЗЭГДЭХ” ХААНЧЛАЛ БОЛОВЧ БУРХАНД ИТГЭЖ ТҮҮНИЙ ХҮҮГИЙН ӨМНӨ ӨВДӨГ СӨГДСӨН ТЭР БҮХ ХҮН НЭГДЭЖ ЧУУЛГАН ХЭМЭЭХ НӨХӨРЛӨЛИЙГ БАРЬЖ БАЙГУУЛДАГ БОДИТОЙ ХААНЧЛАЛ ЮМ.