Аврал гэж юу юм бэ? Энэ бол хүнд нөхцөл байдлаас чөлөөлөгдөх буюу алдсан байсан зүйлийг эргүүлэн олж авах гэсэн утгатай юм. Жишээ нь хэн нэгэн хүн хүнд байдалд орж, гэр бүлээ тэжээхийн тулд гэр бүлийнхээ өвлөгдөж ирсэн үнэтэй эрдэнэсийг зарах ёстой болжээ гэж бодъё. Харин дараа нь тэр хүн мөнгөтэй болоод тэрхүү зарсан үнэт зүйлээ эргүүлэн олж авах юм бол тэр хүн үнэтэй зүйлээ үүрд алдахаас аврагдлаа гэсэн үг юм. Эсвэл нэгэн эмэгтэй үнэтэй зоосоо гээчихээд гэрээ нэгд нэгэнгүй нэгжиж байгаад гээсэн зоосоо олох юм бол тэр хүн алдагдсан байсан зоосоо эргүүлэн олж авлаа гэсэн үг. 
    Тэгвэл үүрд алдагдсан зүйл нь үнэт эрдэнэ эсвэл зоос биш хүн өөрөө байвал яах вэ? Хүн өөрийнхөө буруу сонголт, алдаатай шийдвэрээсээ болоод өөрийгөө хүлээсэнд оруулж эсвэл дааж давшгүй өрөнд унагасан бол яах вэ? Тэр бүү хэл хүн төрөлхтөн бүхэлдээ гэм нүглээсээ болоод үүрд алдагдсан бол яах вэ? Хүн төрөлхтнийг хэрхэн аврах вэ? 
    Өнөөдрөөс эхэлж буй энэ цуврал түүх нь бидэнд хүн төрөлхтнийг аврах энэхүү авралын түүхийг өгүүлэх болно. Энэ бол бүх хүн төрөлхтнийг гэм нүгэл, сул дорой байдал, муу зуршил, алдаа зөрчил, ихэрхэл бардамнал, үзэн ядалт, амин хувиа хичээх үзлээс нь аврахын тулд Бурханы үйлдсэн авралын үйлсийн тухай өгүүлэх “Авралын түүх” юм. Энэ бол бидний хүн нэг бүрийг хайрласан Бурханы агуу хайрын тухай түүх юм. Ингээд хамтдаа “Агуу эхлэл” хэмээх эхний дугаарыг хүлээн авч сонсоцгооё.