АМЬДРАЛЫН ХҮНД ХЭЦҮҮ АСУУДЛУУД БОЛОН БУРХАНЫ ТУХАЙ БОДРОЛ

АМЬДРАЛЫН ХҮНД ХЭЦҮҮ АСУУДЛУУД БОЛОН БУРХАНЫ ТУХАЙ БОДРОЛ

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. Харин сайрхагч нэгэн нь Намайг ЭЗЭН гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг. Хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг Би ЭЗЭН. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Иеремиа 9:23-24

Өөрт нь таагүй зүйл тохиолдсон хүмүүс ихэвчлэн “Хайраар дүүрэн Бурхан ийм зүйл хийнэ гэж үү?” гэж асуудаг. Мөн “Бурхан яагаад ийм нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож ямар нэг зүйл хийгээгүй юм бэ?”, “Бурхан үнэхээр хүчирхэг юм бол яагаад ийм зүйлээс урьдчилан сэргийлээгүй юм бэ?” гэж асуудаг. Үнэндээ хүмүүс үеийн үед энэ асуултыг ахин дахин тавьсаар ирсэн.
Ойр дотны хүн нас барах, хайртай хүмүүс нь хүндээр өвчлөх, аваар осолд орох үед бид Бурханыг буруутгаж “Бурхан хаана байсан юм бэ?” гэж гомдоллодог. Би нэгэн танилтайгаа өдрийн хоол идээд сууж байхдаа түүнээс “Хэдэн хүүхэдтэй вэ?” гэж асуутал тэр “Хүүхэд байхгүй ээ. Эхнэр бид хоёр гэрлээд 14 жил болсон ч хүүхэдтэй болоогүй л байна. Магадгүй бид хоёрыг сайн эцэг эх байж чадахгүй гэж үзээд Бурхан бидэнд хүүхэд өгөхгүй байгаа байх” гэсэн. Өөрөөр хэлбэл “Бид эцэг эх байх шалгуур тэнцээгүй учраас Бурхан биднээс хүүхэд харамлаж байна” гэсэнтэй адил хариултыг тэр надад өглөө. 
Зарим хүмүүс Бурханыг бидний амьдралд оролцож чадахгүй сул дорой нэгэн мэтээр төсөөлдөг бол зарим нь Бурханыг хэтэрхий хахир хатуу шүүгч мэтээр төсөөлдөг. Магадгүй надтай ярилцсан танил маань мөн ийм л төсөөлөлтэй байсан. Ийм бодолтой хүмүүс Бурхан өөрийнх нь үйлдсэн муу бүхнийг нэг бүрчлэн бүртгэж аваад хариуг нь тэр дор нь өгдөг нэгэн мэтээр төсөөлдөг. 
Бидний энэ мэт буруу ойлголтуудын ихэнх нь Бурханыг таньж мэдээгүй, ойлгоогүйтэй холбоотой. Тиймээс ч бидэнд тохиолдох учиргүй гэж бодож байсан зүйлс бидэнд тохиолдох үед бид нэг бол Бурханыг буруутгадаг, нэг бол өөрсдийгөө буруутгадаг. Өөрөөр хэлбэл би өөрөө Бурханы анхаарлыг татахуйц сайн хүн байж чадаагүй учраас Бурхан надад туслахгүй байна гэдэг. 
Дамаск орох замд Есүс Христтэй уулзах үедээ Саул Түүнээс “Та хэн бэ?” гэж асуусан. Мосе Фараонтай тулж, Бурханы тушаасны дагуу “Миний ард түмнийг явуул” гэж хэлэх үед Фараон хариуд нь “ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй” (Гэтлэл 5:2) гэж хариулсан байдаг.
Таны өмнө хүнд хэцүү асуудал тулгарах үед Бурханд уурлаж гомдохын оронд Бурхан руу эргэж, Түүнийг таньж мэдээрэй. Энэ бол эхний алхам. Бид бүгд гэм нүгэлд унасан дэлхий ертөнцөд амьдарч буйгаа мартаж болохгүй. Заримдаа бидэнд тохиолдож байгаа зүйлс хүмүүсийг гэм нүглээс үүдэлтэй. Заримдаа бид тарьснаа хураадаг. Зарим зүйлс бидний амьдралд яагаад тохиолдсоныг бид яаж ч хичээгээд ойлгож чаддаггүй. Бурхан тайлбарлаж өгсөн ч ойлгож чадахгүй байх үе бидэнд бий.
Тиймээс Бурхан бол сайн бөгөөд биднийг хайрлаж халамжилдаг Нэгэн гэдгийг ойлгож ухаарах нь хамгийн чухал. Хүүгээ хайрладаг эцэг хүн шиг Бурхан бидний бодож төсөөлдгөөс ч илүүгээр биднийг өрөвдөн хайрладаг юм шүү. Бид Бурхан бол сайн Бурхан гэдгийг бүрэн ойлгож ухаарах үед бид зовлонгийн цагт хүчтэй байж чаддаг. Тэр цагт бид Бурханд бүрэн итгэж “Би ойлгосон ч ойлгоогүй ч бүх асуудлаа Түүнд даатган зөвхөн Түүнд үйлчлэх болно. Учир нь Тэр бол Бурхан” хэмээн тунхаглаж чаддаг.
Тиймээс бидэнд тулгарсан зовлон бэрхшээлийн шалтгаан нь Бурхан хэмээн бодохын оронд Бурхан бол бидний зовлон бэрхшээлийн цорын ганц зөв шийдэл хэмээн харах нь чухал.
Иан МакФерсоны зохиосон Английн нэгэн эртний магтуу дуунд “Хэрвээ би Таныг таньж мэдсэнсэн бол миний зүрх Таныг бүрэн дагах байсан” гэсэн үг гардаг. 


ҮНЭХЭЭР БИД БУРХАНЫГ БАЙГААГААР НЬ ТАНЬЖ МЭДВЭЛ АМЬДРАЛЫН ЯМАР ОЛОН АСУУДАЛ БЭРХШЭЭЛ ҮГҮЙ БОЛОХ БОЛ?!