ТАНЫ ХУВЬД ЕСҮС ХЭН БЭ?

ТАНЫ ХУВЬД ЕСҮС ХЭН БЭ?

Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.  Марк 4:39

Галил тэнгисийн эргэн тойрныг харанхуй нөмөрсөн байлаа. Аймшигтай хар үйлс хуйлран хуралдсанаас жирийн үедээ түг түмэн оддоор дүүрэн байдаг Палестины тэнгэрт тэр шөнө ганц ч од харагдахгүй байв. Тэнгисийн эргээс 13 эр нэг нэгээрээ завинд цувран суусаар эцэст нь бүгд сууж дуусахад завь эргийг чиглэн хөдөлж эхлэв. 
Сүүлийн хэдэн өдөрт болсон үйл явдал тэднийг бүгдийг нь туйлдуулж ядраажээ. 12 эрийн хувьд багшийгаа дагаж Галил аймгийн том жижиг хот тосгодоор нэг бүрчлэн дайрсан байлаа. Хар үүлс хуралдан салхины эрч чангарах тусам завин дээрх эрчүүд түгшүүр улам бүр нэмэгдсээр. Гэвч тэдний Багш айсуй яваа салхи шуургыг тоосон шинжгүй амрахаар хажуулджээ. 
Өөр өөрийн гэсэн ачаа дарамттай, өөр өөрийн гэсэн асуудал зовлонтой мянга мянган хүн хот тосгон руу нь хөтөлсөн замыг амдан тосож Назарын Есүс гэгч эш үзүүлэгчийг угтан авна. Хэдийгээр тэд улайран дайрч, байдгаараа түлхэж зүтгэж байсан ч Есүс төвөгшөөлгүйгээр тэднийг эдгээж, сургаалаа заадаг байлаа. Түүний тэсвэр тэвчээрт хязгаар байхгүй мэт дагалдагчдад нь санагдана. Тэр хүмүүст сургаал айлдаж, тэдний төлөө залбирч, тэднийг эдгээж, тэдэнд заавар өгч дууссаныхаа дараа Есүс тэднийг гэр гэрт нь тараагаад эцэст нь нам гүм газар олж амардаг байв. Харин тэр шөнийн хувьд Есүс Галил тэнгисийг гаталж буй завин дотор амрахаар шийджээ. Дагалдагчид нь ойртон яваа салхи шуургад завиа бэлдэх зуур Тэр унтаж орхисон байв. 
Гэтэл нэг л мэдэхэд тэд томоохон асуудалд оров. Хар үүлс хуйлран байснаа гэнэт бороо асгарч, тэнгисийн давалгаа ер бусын хүчтэй оволзож, бяцхан завийг нь хөмрүүлэх шахлаа. Хүчит шуурга бяцхан завийг яг л зомгол мэт шидлэв. 12 хүчирхэг эр хэчнээн хичээгээд ч байгалийн сүрт үзэгдлийн өмнө хүчин мөхөсдөж байлаа. Эцэст нь тэд цөхөрч эхлэв. Аймшигт шуургыг ялж чадахгүй гэдэг нь илэрхий болж ирэв. Эрчүүд нэг нэгээрээ бууж өгөн завиа сэлүүрдэхээ болиод бүгд л завиныхаа хаа нэгтэйгээсээ амиа аргацаан зуурч эхэлжээ. Ямар нэгэн гайхамшигт тохиолдохгүй л бол тэд аврагдахаасаа өнгөрчээ.  
Тэдний нэг нь давалгаанд савлан буй завин дундуураа арай ядан урагшилсаар хитэг рүү очиж, тэнд унтаж байсан Есүсийн араас дарж ойчих шахан чангаар “Багшаа туслаарай, биднийг авраарай, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” гэж хаширчээ.
Есүс сэрээд салхинд цохигдон савлаж буй завин дээр өндийн зогсоод, нэг гараараа завины хашлагаас барьж, нөгөө гараа өргөөд “Чимээгүй. Намд” хэмээн хашхирав. Салхи шуурга тэр даруй намжсан нь дагалдагчдад бүр ч аймшигтай санагджээ. Тиймээс тэд өндийн босоод айсан байдлаар бие бие рүүгээ ширтэн “Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ?” гэцгээв (Марк 4:41).
Хоёр мянган жилийн өмнө асууж байсан тэр асуулт одоо ч та бидэнтэй хамаатай. “Тэр ер нь хэн юм бэ?”. Та хэнд итгэлээ тавьж байна вэ? Хэрвээ миний ярьсан түүх танд үлгэр домог мэт санагдаж байгаа бол та амьдрал нь сүйрлийн ирмэг дээр байх үед Бурхан руу хандан хашхирч, Бурханаар амьдралынхаа салхи шуургыг намдаалгасан тэдгээр хүмүүсийн гэрчлэлийг сонсоорой. Бид Христ рүү хандан хашхирах үед Тэр хүчит давалгаа, аймшигт шуургыг намдаасан шигээ бидний айдас хүйдсийг намжааж, тэвдсэн зүрхийг тайвшруулдаг. Өмнө нь ийм л байсан. Одоо ч хэвээрээ. 


ЕСҮС ТАНЫ ХУВЬД ХЭН БЭ?