ЗӨВ БУРУУГ ТОДОРХОЙЛОХ ГУРВАН АРГА ЗАМ

ЗӨВ БУРУУГ ТОДОРХОЙЛОХ ГУРВАН АРГА ЗАМ

Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй. Матай 7:12

Зөв буруугийн шугамыг та хаагуур татах вэ? Нэг удаа би Эндрью ах хэмээн алдаршсан Эндрью ван дер Бийл болон хэсэг найзуудынхаа хамт өдрийн хоол идсэн. Гэтэл Хезболлагийн дайчдад хүрч Израильчуудтай эвлэрүүлэх оролдлого хийснийх нь төлөө түүнийг найзууд нь буруутгав. “Израилийн дайсантай нөхөрлөж байгаа бүхэн Израилийн дайсан мөн” гэж тэд түүнийг буруутгаж байлаа.  
“Passion and Purity” хэмээх номдоо Элизабет Эллиот Аукачуудын гарт амиа алдсан нөхөр Жимтэй анх хэрхэн үерхэж байсан тухайгаа дурсан бичсэн. Жимийг өөрийнх нь дэргэд сууж, гарнаас нь зөөлөн атгахад тэдний үерхлийн харилцаа хэтэрхий хол яваад байх шиг түүнд санагдаж байсан гэдэг. Харин өнөөгийн залуус 50-аад оны үеийн тэр залуустай харьцуулахад хэдэн бээр хол явчихсан атлаа үүнийг хол явсан гэж бодохгүй байх жишээтэй. Эндээс бид “Шугамыг хаагуур татах вэ?” гэдэг асуулт гарч ирнэ.
Нэгэн бизнесмэнтэй ярилцаж байхад компанид нь үүнтэй төстэй асуудал тулгарсан тухай ярьсан юм. Тэдний өрсөлдөгч компаниуд нь хууль зөрчөөгүй боловч зүй бус арга ашиглаж байгаа талаар хэлэлцлээ. Тэдний салбарт өрсөлдөж буй зарим компаниудын хувьд мөнгө олохын төлөө бусдын хийхээргүй зүйлийг хийдэг байна. Ийм компаниудын хувьд зөв буруугийн шугам тэдэнд огт хамаагүй юм. 
Имэлда Маркос хэлэхдээ “Өнөө үед үнэнээс илүүгээр үнэнийг яаж харж байна вэ гэдэг илүү чухал болжээ” гэдгийг онцолсон байдаг. Гэхдээ зарим тохиолдолд бид үнэн худлын шугамыг тодорхой татаж “Үгүй ээ, би мэдсээр байж чамайг худал зүйлд итгүүлвэл чамайг санаатайгаар хуурч байгаатай адил шүү дээ” хэмээн хэлж чаддаг байх ёстой. Хэрвээ үнэн гэдэг хүссэн хүн нь өөрчилж болдог уян хатан үйл юм бол, хэн чанга дуугарсан нь үнэнийг тодорхойлж болдог юм бол үнэн хэрэгтээ үнэн худлын шугам өдөр бүр нааш цааш хөдөлж байдаг тогтворгүй зүйл болж хувирна. 
Эцэг эхчүүд ч бас хүүхдүүддээ шугам татаж “Энэнээс цааш гарч болохгүй” гэдгийг хэлж өгдөг байх хэрэгтэй. Тэгвэл бид энэхүү шугамыг хэрхэн татах вэ? Мөс чанартаа тулгуурлах уу? Нийгэм соёлын онцлогт тулгуурлах уу? Эсвэл Бурханы үгээр шалгах уу?
Юуны түрүүнд Библийн шалгуурыг баримтлах ёстой. Та амьдралаа Бурханы Үг буюу Библийн сургаалд захируулж эхлэх үед таны амьдрал одоогийнхоос тэс өөр болно. Учир нь Библид маш олон асуудлын талаар зөв ба буруугийн шугамыг тодорхой зурж “Энэ нь зөв”, “Энэ нь буруу” гэдгийг их нарийн заадаг. Гэхдээ нэг талаас Библид ихэнх асуудлыг хар цагаан болгон хувааж өгсөн байдаг ч зарим нэг нөхцөл байдлуудын талаар тодорхой шугам байдаггүй.
Хоёр дахь шалгуур нь шугам татах эсэх асуудал. Учир нь бидэнд огт шугам татахгүй байна гэдэг нь өөрөө “Би энэ хэсгээр шугам татмаар байна” гэсэн байр суурийг илэрхийлдэг. Ротари клубын гишүүд өөрсдийн хэлэх үгээ дараах гурван асуултаар “филтерддэг” гэдэг. Үүнийг хэлэх хэрэгтэй юу? Үүнийг хэлэх нь эелдэг хэрэг үү? Энэ үг үнэн үү? гэж тэднийг өөрсдөөсөө асуухыг сануулдаг. Бидний хувьд зарим зүйл дээр шугам татахгүй, дуугарахгүй байснаараа тухайн зүйлийг зөвшөөрөх буюу тухайн зүйлийнхээ нэг хэсэг нь болж байдаг. 
Гэхдээ энд нэг асуудал гарч ирнэ. Хэрвээ та шугамын нөгөө талд байвал шугамын эсрэг талд байгаа хүмүүст хэрхэн хандах вэ? Есүс “Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй” (Матай 7:12) хэмээсэн.
Гурав дахь шалгуур нь мөс чанар. Та өөрөөсөө “Юуг хийх нь зөв бэ?” гэж асуух хэрэгтэй. Гэхдээ мөс чанартаа тулгуурлан шугам татахын тулд таны үнэлэмж өөрөө Бурханы хүлээлттэй нийцэж байх ёстой. Хэрвээ та зөв бурууг ялгаж салгах тал дээр өсөж төлөвшсөн нэгэн бол та зөв гэж бодсон зүйлээ хийх нь үргэлж таныг асуудлын зөв талд зогсоох болно.
Эцэст нь хэлэхэд, хэрвээ та хаагуур шугам татахаа мэдэхгүй байвал тухайн асуудалд илүү нухацтай хандаарай. Ийм асуудалд хайхрамжгүй хандаж болохгүй. 


ТА ШУГАМЫГ ХААГУУР ТАТАХ ВЭ ГЭДГЭЭ ОЛЖ МЭДЭХЭД ТУСЛААЧ ГЭЖ БУРХАНААС ГУЙЖ, ДАРАА НЬ ТҮҮНИЙХЭЭ ДАГУУ ШУГАМЫГ ТАТААРАЙ.