БИБЛИД ХОЁР ӨӨР БУРХАН БАЙДАГ УУ?

БИБЛИД ХОЁР ӨӨР БУРХАН БАЙДАГ УУ?

Юу нь сайн болохыг, Хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ? Мика 6:8

Манай нэвтрүүлгийн нэгэн сонсогч бидэнд хандан захидал бичсэн юм. “Хүндэт Сала, надад нэг асуулт байна. Хүмүүсийг эр эм, хүүхэд хөгшид гэж ялгалгүй алж устгахыг зөвшөөрдөг Хуучин Гэрээний Бурхан болон дайснаа хайрла гэж сургадаг Шинэ Гэрээний Бурханаас яагаад ийм ялгаатай юм бэ? Бурхан бодол санаагаа өөрчилсөн юм уу? Эсвэл бид энд хоёр өөр Бурханы тухай яриад байна уу? Нэг том хөдөлгөөнийхөн Библид хоёр өөр Бурхан байдаг гэж зааж байна. Та энэ талаар бодлоо хуваалцаач”.
Гэхдээ хэрвээ та өнгөн талыг биш Библийг нухацтай уншиж судалбал тэнд хоёр өөр бурхад биш харин ганц л Бурхан байгааг олж харах болно. Энгийнээр хэлбэл Хүү Есүс Христээр дамжуулан Өөрийгөө илчилсэн ганцхан Бурхан бий. Нарийн яривал Шинэ Гэрээ, Хуучин Гэрээн дэх Бурханы илчлэл өөр хоорондоо тийм ч ялгаатай биш.
Зарим хүмүүс Бурханы уур хилэнг Хуучин Гэрээнээс харин Бурханы хайр энэрлийг Шинэ Гэрээнээс харж болно гэж ярьдаг. Гэхдээ өнгөн дээрээ Хуучин болон Шинэ Гэрээ хоёр өөр хоорондоо ялгаатай мэт харагдавч бид Хуучин Гэрээнээс Бурханы агуу хайр энэрлийг, Шинэ Гэрээнээс Бурханы аймшигт уур хилэн шүүлтийг олж харах боломжтой.
Гашуудал 3:22-24 мэтийн хэсгүүдэд Иеремиа Бурханы итгэмжит байдал, хувиршгүй хайрын тухай өгүүлдэг. Энэ нь Иохан 3:16 эшлэлд Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн гэдэгтэй утга ижил. Тэр бүү хэл Шинэ Гэрээнээс бид Хуучин Гэрээний нэгэн адил Бурханы зөвт уур хилэн, шударга шүүлтийг харж болно. Есүс Фарисайчуудыг хорт могойтой зүйрлэж, тэднийг цагаанаар будсан булш хэмээн зэмлэж байсныг та уншаад үзээрэй (Матай 16, 23).
Өөрийг нь хүлээж авахаас татгалзсан хотуудыг Есүс хэрхэн хатуу үгээр зэмлэж байсныг санаарай. Тэрээр тэдгээр хотуудад хандан “Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан” (Лук 10:13) хэмээн хэлсэн.
Мөн Шинэ Гэрээний сүүлийн ном болох Илчлэл номд Бурханы уур хилэн Түүний Хүүг хүлээж авахаас татгалзсан хүмүүсийн дээр хэрхэн аймшигтайгаар бууж байгаа тухай өгүүлдэг. Тэнд Хуучин Гэрээний 39 номыг нийлүүлснээс ч илүү аймшигтай үйл явдал гардаг. Тиймээс Шинэ Гэрээнд хайрын Бурхан, Хуучин Гэрээнд уур хилэнгийн Бурхан гардаг гэж ойлговол маш өрөөсгөл ойлголт болно гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд Шинэ Гэрээнд гарч буй маш олон гайхалтай хэсгийг Хуучин Гэрээнээс эш татсан байдаг. Жишээ нь: Есүс хөршөө өөрийн адил хайрлах тухай сургасан байдаг бол Леви 19:18-д “Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН.” хэмээн бичигдсэн.
Хуучин Гэрээнд Бурхан хүмүүсээ хатуугаар сахилгажуулж байсан нь үнэн. Гэхдээ энэ нь Бурхан тэднийг ариун байлгаж, тухайн цаг үеийн бузар муу бүхнээс холдуулахын тулд байсан. Бурхан хиймэл шүтээн шүтэгсэдтэй харьцуулахад Өөрийн хүмүүсээс илүү ихийг шаарддаг байсан. Тэгвэл өнөөдөр ч Бурхан Христийн нэрийг дуудагч Өөрийн хүүхдүүдээс илүү ихийг шаарддаг гэдгийг бид мартах ёсгүй.
Тиймээс та Библийн Бурхан бол хоёр өөр бурхан биш харин цор ганц Бурхан гэдэгт итгэлтэй байж болно. Тэр бол хайр энэрлээ шударга ёс, шударга шүүлттэй хамтатгадаг Бурхан. Учир нь Тэр бол Бурхан. Түүний үйлсийг хэмжиж, цаг хугацаа, цар хүрээг тогтоох нь бидний хэрэг биш. Харин бидний хувьд Түүнийг дуулгавартай дагаж, Түүний тушаалуудыг сахих нь хамгийн чухал. Угтаа бол энэ нь маш энгийн.


БИД БУРХАНЫГ БУРХАН ЧИГЭЭР НЬ БАЙЛГАЖ, ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ АНХААРАХ ЁСТОЙ ЗҮЙЛД АНХААРАХАД Л ХАНГАЛТТАЙ.