ХАЙР ХӨРӨХ БОЛОМЖТОЙ ЮУ?

ХАЙР ХӨРӨХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй... 1 Коринт 13:4

Таны хайр хөрсөн мэт санагдаж байна уу? Хамтын амьдралаа эхлээд удаа ч үгүй байтал хайр нь хөрчихсөн мэт санагддаг хүмүүс цөөнгүй. Тэр бүү хэл бие биедээ үнэхээр хайртай байсан эсэхээ ч мэддэггүй хүмүүс бий. Энэ бүхнээс ургаад хайр гэж яг юу юм бэ гэдэг асуулт урган гарч ирнэ.
Хүн бүрийн дотор хайрын тухай өөрийн гэсэн төсөөлөл бий. Хайраас болж бидний зүрх хурдтай цохилж, бидний дотроос халуун хүсэл дүрэлздэг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ үнэндээ хайр болон хүсэл тачаал хоёр адил зүйл гэж үү? Хайр гэдэг үнэндээ нэг унавал гарч болдоггүй гүн нүх юм уу? Эсвэл тэнцвэрээ алдаад уначихвал сэлж чадахааргүй том усан сан юм уу? Хайр гэдэг ихсээд л эсвэл багасдаг сэтгэл хөдлөл гэж үү?
Сэтгэл судлаачид хэлэхдээ бидний толгойг эргүүлж, дааврыг ихэсгэж байдаг романтик хайр нь гэрлэлтээс цааш дунджаар хоёр жил орчим үргэлжилдэг гэдэг.
Олон жилийн турш ганц бие амьдарсан Си.Эс.Льюис хожим нь гэр бүлтэй болж, улмаар хайрын тухай ойлгож ухаарсан зүйлийн талаар “Христэд итгэхийн учир” номдоо өгүүлжээ. “Хайрлаж дурлана гэдэг сайн зүйл. Гэхдээ хамгийн сайхан зүйл гэж би хэлж чадахгүй. Үүнээс дор зүйл олон бий ч үүнээс дээр зүйл ч бий. Та үүнийг бүх амьдралынхаа үндэс суурь болгож болохгүй. Учир нь хэдийгээр энэ нь таатай сайхан мэдрэмж боловч мэдрэмж бол мэдрэмж шүү дээ. Ямар ч мэдрэмжид бид эцсээ хүртэл итгэж найдах аргагүй юм... Гэхдээ хайрлах “мэдрэмж” үгүй боллоо гэдэг нь хайрлахаа болино гэсэн үг биш. Хайр бол гэрлэлтийн хөдөлгүүрийг ажиллуулж байдаг түлш. Харин “хайр дурлал” бол энэхүү хөдөлгүүрийг асааж өгдөг тэсрэлт юм” хэмээжээ.
Гэр бүлийн харилцааг аюулд учруулж байдаг зүйл бол сэтгэл хөдлөл, дур хүсэл, мэдрэмжид автсан хандлага. Учир нь бид ийм мэдрэмжийг удаан тээж амьдарч чадахгүй. Харин жинхэнэ хайр эр хүнийг гэртээ эрт ирж, өөрийн болон эхнэрийнх нь сэтгэл хөдлөл ямар байхаас үл шалтгаалаад хоорондын харилцаагаа батжуулж, ямар ч үед гэр бүлийнхээ төлөө бат зогсоход хүргэдэг.
Дэлхийн олон оронд одоо ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хайр сэтгэлээр биш харин зохион байгуулалттайгаар гэрлүүлдэг. Энэ тухай анх сонсох үедээ би “Хүмүүс хайр сэтгэлгүйгээр гэр бүл болбол гэр бүл нь бат бэх байж чадна гэж үү?” хэмээн эргэлздэг байлаа. Гэтэл цаг хугацааны уртад ийм гэр бүлүүд салалгүй тэсээд зогсохгүй харилцаагаа улам бүр хүчирхэгжүүлж чаддаг байна. Ийм гэр бүлүүдийн хувьд зөвхөн гадаад гоо үзэсгэлэнд татагдан гэр бүл болсон хүмүүсийн гэр бүлээс илүү бат бэх байх нь ч бий. 
Тэдэнд асуудал тулгардаг уу гэвэл мэдээж тийм. Гэвч асуудалгүй гэр бүл гэж угаасаа байхгүй. Харин асуудал тулгарах үед хамтдаа байж, бие биедээ урам зориг өгч, бие биеэ дэмжин тууштай байхад нь тусалж чаддаг байх нь чухал. Хамгийн хачирхалтай нь ингэж зохион байгуулалттайгаар гэр бүл болгосон хосууд цаг хугацааны явцад бие биедээ хайртай болж, тэдний харилцаа бүр илүү батжих тохиолдол олон байдаг байна.
Мэдээж би ийм гэрлэлтийг сурталчилж байгаа юм биш. Гол нь хайрлаж дурлаад, гэр бүл болчихоод дахиад өөр нэг хүнд хайртай дуртай болоод явчихдаг байдлыг л шүүмжлэх гэсэн юм. Хүчтэй салхи шуургыг даван гарч чадсан хүчирхэг царс мод шиг гэр бүлийн харилцаа ч бас амьдралын аливаа салхи шуургыг даван гарч байж хүчирхэгждэг. Тиймээс бид гэр бүлийн харилцаандаа сэтгэл хөдлөл, мэдрэмжийн салхи шуурганд автах биш харин амьд, тэвчээртэй тэр л хайрыг баримтлах нь чухал.


ХАЙР БОЛ БИДНИЙ ЗҮРХНИЙ ХЭМ ЯМАР БАЙХААС ҮЛ ШАЛТГААЛАН ХЭВЭЭРЭЭ БАЙЖ ЧАДДАГ.