БИ БУРХАНЫ ХААНЧЛАЛЫГ ХЭРХЭН ХАЙХ ВЭ?

БИ БУРХАНЫ ХААНЧЛАЛЫГ ХЭРХЭН ХАЙХ ВЭ?

Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Матай 6:33

Бурханы мутар таны амьдралд хүрэх үед та хэн ч бай, хаана ч бай ялгаагүй таны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөнө. Есүс дагалдагчдаа тойруулаад сургаал зааж байсан тэр үед ч гэсэн ийм л байсан. Түүний сургаал зарим хүмүүст таагүй санагддаг байв. Тэр дайснуудаа хайрлах, энэ дэлхий дээр эд баялаг хураахгүй байх, амьдралдаа санаа зовохгүй байх, бусдыг шүүхгүй байх тухай сургадаг байлаа.
Түүний сургаал ихэнх хүмүүсийн үйлддэгээс тэс эсрэг байсан. Гэхдээ Түүний “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” (Матай 6:33) гэсэн сургаал хүмүүсийн логикоос хамгийн зөрүүтэй сургаал байсан юм.
Түүний сургаалыг сонсож байсан хүмүүс загасчид, тариачид, жижиг бизнес эрхлэгчид байв. Хэрвээ загасанд явахгүй бол загас барихгүй, үр суулгахгүй бол ургац хураахгүй, ажил хийхгүй бол цалин авахгүйг тэд хамгийн сайн мэддэг байсан. Энэ бол тарих ба хураах ургацын зарчим. Энэ зарчим Адам Евагийн үеэс одоог хүртэл үйлчилсээр ирсэн. Гэтэл Есүс тэдэнд “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” хэмээн сургасан. Өөрөөр хэлбэл “Бурханы хаанчлалыг нэгдүгээрт тавибал торонд чинь загас, агуулахад чинь үр тариа, түрийвчид чинь цалин орох болно” хэмээн юм.
Үнэндээ Есүс тэднийг загас барихаа боль, ур суулгахаа бол, худалдаа наймаа эрхлэхээ боль хэмээн айлдаагүй. Харин амьдралдаа юуг эн тэргүүнд тавихыг л зааж өгсөн. Бурханыг болон Түүний хаанчлалыг эн тэргүүнд тавибал тэдний бусад хэрэгцээ хангагдана гэдгийг Тэрээр айлдсан.
Эндээс нэг асуулт гарч ирнэ. Есүсийн энэ сургаал 21-р зуунд ч хүчинтэй хэвээр гэж үү? Технологийн эрин үед, эм тариа өндөр хөгжсөн, олон шинэ нээлт хийгдсэн энэ цаг үед ч ийм сургаал хүчинтэй хэвээр юу? Тийм бол үүнийг бид өнөөдрийн амьдралдаа хэрхэн хөрвүүлж ойлгох вэ?
Үнэндээ зарим зүйлс хэзээ ч өөрчлөгддөггүй. Зарим зарчмууд цаг хугацаа, хөгжил дэвшлээс үл хамааран хүчинтэй хэвээрээ. Тэгвэл 2000 жилийн тэртээ дагалдагч нартаа сургаж байсан Есүсийн сургаал одоо ч үнэн хэвээрээ юм. Хэрвээ та Бурханыг амьдралынхаа эн тэргүүнд тавибал хариуд нь Тэр таны бүх хэрэгцээг хангана.
Энэ нь та амьдралынхаа цаг хугацаа, боломж бололцоо, үнэт зүйлс, харилцаа хандлагадаа Бурханыг нэгдүгээрт тавих ёстой гэсэн үг. Мэдээж гэр бүлээ орхиж өдөр бүр цуглаан руу гүйгээд байхын нэр биш. Эсвэл хийж байгаа ажил бизнесээ орхиод зүгээр сууна гэсэн үг биш. Харин та Бурханыг өөрийнхөө гол хамтрагчаа болгож, юуг ч хийсэн бүх зүйлийг Есүс Христийн удирдамжаар хийнэ гэсэн утга юм.
Үүнийг сонсоод магадгүй та бага зэрэг барьц алдаж болох. Мэдээж Бурхан бизнесмен биш. Гэхдээ тэр энэ дэлхийн бүхий л эдийн засгийг хянаж байдаг Нэгэн. Мэдээж Бурханы таныг эзгүй үед таныг гэрт чинь орлохгүй. Гэхдээ та Түүнийг нэгдүгээрт тавих үед та үр хүүхдүүддээ илүү хайраар ханддаг, эхнэртээ илүү халамжтай нэгэн болж өөрчлөгдөнө.
Есүсийн энэ сургаал бидний мэдэх зүй тогтлоос тэс эсрэг мэт санагдавч бид үнэхээр Бурханыг нэгдүгээрт тавих үед Бурханы биднийг хэрэгтэйгээс ч илүүгээр хангадаг болохыг сая, сая хүн амьдралаараа амталж мэдэрсээр байна. 
Есүсийн хэлсэн “энэ бүхэн” гэдэгт юу багтаж байгаа бол? Та Шинэ гэрээний Матай номын 6-р бүлгийг уншаарай. “Энэ бүхэн” хэмээн Есүсийн хэлсэн нь бидний амьдралынхаа туршид олохоор зүтгэдэг хоол хүнс, хувцас хунар, орон байр.
Хамгийн чухал нь та Есүсийн хэлсэнчлэн Бурханы хаанчлалыг нэгдүгээрт тавибал та маргаашдаа санаа зовох шаардлагагүй болно. Учир нь Хаан бүхнийг хяналтдаа байлгаж байх болно.


МАРГААШ НЬ ӨӨРТӨӨ САНАА ТАВИХ ТУЛ МАРГААШИЙН ТӨЛӨӨ САНАА БҮҮ ЗОВ. МАТАЙ 6:33