АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ТА ЯМАР ТӨЛӨӨС ТӨЛӨХ ВЭ?

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ТА ЯМАР ТӨЛӨӨС ТӨЛӨХ ВЭ?

Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Марк 8:36

“Та бизнесийн ертөнцөд амжилтад хүрэхийн тулд ямар төлөөсийг төлөх вэ? Энэ нь таны гэр бүл, үр хүүхдээ зөнд нь хаяад ч болов амжилтын оргил өөд зүтгэх үү?” Гэтэл тийнхүү бүхнээ хойш тавин зүтгэсээр амжилтын оргилд хүртэл тэр нь таны хүрэхийг хүссэн зүйл биш байвал яах вэ?
Нэгэн бизнесмэн залуу оффист маань ирээд зүрх сэтгэлээ уудлан ярьж байсныг нь би сайн санаж байна. “Др.Сала, би бизнесийн талбарт маш амжилттай ажилласан” гэж тэр хэлсэн. Энэ нь ч түүний өмссөн хувцас, унасан машин, биеэ авч яваа байдлаас нь илэрхий харагдаж байсан. Амжилтын оргилд хүрсэн хүмүүс ямагт бусдыг өөрийнхөөрөө байлгах сэтгэл зүйтэй байдаг. Тэд хойморт заларч биеэ авч яваа байдлаараа бусдад өөрийгөө тулган зөвшөөрүүлдэг. Тэр залуу ч бас яг л тийм залуу байв.
“Манай компани 2000 ажилтантай. Би маш их мөнгөтэй” гэж тэр хэлсэн. Гэхдээ үүнийгээ хэлснийхээ дараа түүний харц гунигтай болж “Гэхдээ эхнэр хүүхэд болон гэр бүлийн тал дээр би маш том бүтэлгүйтсэн хүн” гэлээ. Өнөөдөр бидний эргэн тойронд ийм хүмүүс цөөнгүй. Тэгвэл эдгээр хүмүүсээс нэг зүйлийг асуумаар надад санагддаг. “Бизнесийн талбарт амжилт гаргасан ч амьдралын хамгийн чухал нь болох гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаандаа бүтэлгүйтсэн хүнийг үнэхээр амжилтад хүрсэн хүн гэж үзэх үү?”
Есүс “Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” (Марк 8:36) хэмээн хэлсэн. Энэ үгийг өнөөдрийнхөөр тайлж ойлговол Есүс бидэнд хандан “Хүн томоохон компанийн Гүйцэтгэх захирал болж, удирдах зөвлөлийн тэргүүн болсон ч үүнийхээ төлөө гэр бүл, эхнэр хүүхдээ золигт гаргах юм бол үүнд ямар үр ашиг байх билээ?” хэмээн хэлж буй адил.
Бид амьдралаа ийм байдлаар алдсан хүмүүсийн тухай сонсохдоо төдийлөн сэтгэл сэрдхийдэггүй. Цэвэрхэн хувцаслаад гартаа цүнх барьсан, дараагийнхаа уулзалтанд яаран гүйж буй хүмүүсийг харахдаа бид энэ тухай төдийлөн боддоггүй. Гэтэл бид толинд өөрийгөө хараад “Залуу минь, энд чиний тухай ярьж байна. Чи хүүхдүүд рүүгээ агсарч, эхнэртээ ажлынхаа стрессийг гаргадаг. Чи дандаа завгүй байдаг. Хүүхдүүдтэйгээ тоглож, эхнэрээ халамжлах зав чамд хэзээ ч гардаггүй шүү дээ” гэж хэлэх үед энэ бүхэн тэс өөр сонсогдох болно.
Олон хүн амьдралд нь хямрал нүүрлэж бүх зүйл оройтсон хойно гэнэт ухаардаг. Тэгээд өмнө нь хийх ёстой байсан зүйлсээ бодож дэмий харуусдаг. Маш олон хүн өөрийг нь ямар хямрал хүлээж байгааг огт мэдэлгүй бизнесийн амжилтын хойноос улайрдаг. Тийм нэгэн хүний тухай Есүс өгүүлсэн байдаг. Тэр хүн агуулах саваа томруулахыг төлөвлөж байсан ч үхэл хаяанд нь ирчхээд байгааг мэдээгүй. Харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?”  (Лук 12:20) хэмээн хэлсэн.
Бурхан хэн нэгэн хүнийг мунхаг гэж дуудаж байгаа бол энэ маш ноцтой хэрэг. Гэтэл бид бизнесийн амжилтын төлөө гэр бүл, хувийн харилцаагаа нураах үедээ яг л ийм мунхаг алхам хийж байдаг. Төөрсөн хүү гэнэт ухаан орж “Би босож Эцэгийнхээ гэрт очъё” хэмээн хэлдэг шиг ухаалаг хүн өөртөө “Одоо бага зэрэг оройтсон байж болох ч гэртээ харихад бүрмөсөн оройтоогүй байна” гэж хэлээд гэр бүлдээ санаа тавьдаг. Миний эхнэр үргэлж “Зарим зүйлсийг чамаас өөр хэн ч хийж чадахгүй. Чиний хувьд юу чухал болохыг ганцхан чи л шийднэ” гэж хэлдэг.
Түүний зөв өө. Таны амьдралд юу нь чухал вэ гэдгийг тодорхойлж, тэр зүйлийнхээ төлөө бусад зүйлсийг хойш тавих нь таны хувьд амьдралдаа гаргах хамгийн хүнд хэцүү шийдвэрүүдийн нэг байж болох. Гэхдээ бүх зүйл оройтох хүртэл бүү хойш тавь. Эхнэр чинь хүүхдүүдээ аваад гэрээсээ явах хүртэл бүү алгуурла. Таны шийдвэрүүдээс таны юуг чухалчилдаг болох нь харагддаг юм шүү.


ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛСДЭЭ ЦАГ ЗАВАА ЗОРИУЛ.