ЕГЗӨР ЗАНГ ЭДГЭЭХ ЭМ

ЕГЗӨР ЗАНГ ЭДГЭЭХ ЭМ

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.  Иеремиа 6:16
Хэн нэгэн хүн гэнэтийн хямрал эсвэл гай гамшигт хэрхэн хариу үзүүлж байгаагаар нь бид тухайн хүний талаар маш олон зүйлийг мэдэж болно. Бүх зүйл буруугаар эргэж эхлэх үед зарим хүмүүс, тэр дундаа зарим ахимаг настнууд егзөр зан гаргаж, насаар дүү хүмүүсийг буруутгаж гоочилж эхэлдэг. Амьдралын олон жилийн туршлагад тулгуурлаад тэд хэн буруу болохыг, юу нь болохоо байчихаад байгааг маш амархан харж, өөрсдийнх нь үед тийм байгаагүй талаар, хэрэв зээ бүх зүйл тэднээс шалтгаалдаг сан бол тийм байж болохгүй байх байсан талаар үглэж эхэлдэг.
Удирдах зөвлөлийн байр сууриа алдсан Гүйцэтгэх захирлаас эхлээд дараагийн залуу үедээ халаагаа өгсөн пастор, тэтгэвэртээ гарсан хичээлийн эрхлэгч, цомхотголд орсон менежер гээд ямар ч хүн халааг нь авсан дараагийнхаа хүмүүсийг шүүмжилж, буруутгахдаа амархан байдаг. Тэдний хувьд өөрийнх нь байр суурийг хүлээж авсан хүмүүсийн алдааг олж харахдаа ч маш гярхай. Ялангуяа цаад хүн нь өөрөөс нь залуу, боловсролоор дутуу, асуудалд биднээс өөрөөр ханддаг бол тэднийг шүүж шүүмжлэхэд бүр ч хялбархан болдог.  
Хэрвээ танд ийм егзөр зан байдаг бол, тэгээд энэ чинь танд таалагдахгүй байгаа бол та Хуучин Гэрээний Иеремиа номыг уншаарай. Эш үзүүлэгч Иеремиа Хуучин гэрээнд Иеремиа болон Гашуудал хэмээх хоёр номыг бичсэн. Эш үзүүлэгч Иеремиагийн үед түүний эргэн тойрны юм бүхэн нуран унасан. Бурхан түүнд үндэстнийхээ эсрэг эш үзүүлэх үүрэг соёрхсон. Ингэхдээ тэднийг Бурханаасаа нүүр буруулсан хэмээн зэмлэж, тэднийг гинжлэгдэн Вавилон руу цөллөгт явна хэмээн эш үзүүлэхийг Иеремиад даалгасан байдаг.
Хэдийгээр ард түмнийхээ алдаа дутагдлыг бүгдийг нь илэрхий харж байсан ч Иеремиад тэднийг буруутгах, шүүх хандлага байгаагүй. Тиймээс ч Иеремиа “Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн. ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн” (Гашуудал 3:25,26) хэмээн хэлсэн буй.
Мөн тэрээр “ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй.  Өглөө бүр энэ нь цоо шинэ Таны итгэлт байдал юутай аугаа вэ. “ЭЗЭН миний хувь” гэж амин сэтгэлээсээ би өгүүлдэг. “Түүнд л хамаг найдлага минь буй” (Гашуудал 3:22-24) хэмээн тунхагласан.
Хэрвээ та хуучны цагаа санагалзаж, “бүх зүйл өмнө нь илүү сайхан байж дээ” гэж гашуудан цөхөрч суугаа бол Бурхан өөрчлөгдөшгүй гэдгийг өөртөө сануулаарай. Мөн Өөрийнхөө зорилгын төлөө Бурханы хэрэглэж буй багт та багтсан эсэхээс үл шалтгаалаад Бурханы зорилго биеллээ олно гэдгийг ч өөртөө сануулаарай.  
Бурууг үйлдэгчдийн дээр тохирох шийтгэлийг буулгагч нь та биш харин Бурхан гэдгийг Иеремиагийн нэгэн адил өөртөө сануулаарай. Иеремиагийн хувьд эргэн тойрондоо буй буруу бүхнийг тод томруунаар харж байсан. Тиймээс ч Иеремиа “Учир нь тэд багаасаа том хүртэл бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна. Тэд амар амгалан нь үгүй атал, “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн ард түмний минь бэртлийг өнгөцхөн эдгээв. Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ” (Иеремиа 6:13-15) хэмээн өгүүлсэн. 
Тэгээд эцэст нь та хамгийн чухал нэгэн зүйлийг хийгээрэй. Тэр нь таны дургүйцлийг төрүүлж байгаа зүйл рүү биш харин Эзэн рүү хараагаа чиглүүлээрэй. Эзэн таны итгэлийг алдсан удаа бий гэж үү? Бурхан үгээ биелүүлэхээ мартаж байсан удаа юу? Таны чин сэтгэлийг залбирлыг Тэр үл тоож байсан билүү? Үгүй гэж та хариулах байх. Тийм ээ, мэдээж үгүй! Үүнийг ойлгох үедээ та Иеремиагийн нэгэн адил “Таны итгэлт байдал юутай аугаа вэ?” хэмээн тунхаглах биз ээ.


БУРХАН БИДНИЙГ МЭРГЭН УХААНААРАА ДҮҮРГЭХ БОЛТУГАЙ. БИДЭНД БОЛОН ЭНЭ ДЭЛХИЙД ХАНДСАН БУРХАНЫ ЗОРИЛГО БИЕЛЛЭЭ ОЛОХ ХҮРТЭЛ АМЬДРАЛ БИДЭНТЭЙ, БИДЭНГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА ГЭДГИЙГ БИД ОЙЛГОХ БОЛТУГАЙ. АМЬДРАЛЫГ ӨӨРСДИЙНХӨӨРӨӨ БИШ ХАРИН БУРХАНЫ МЭЛМИЙГЭЭР, ТҮҮНИЙ БАЙР СУУРИНААС ОЛЖ ХАРАХАД МИНЬ ТЭР БИДЭНД ТУСЛАХ БОЛТУГАЙ!