Есүсийн хөлийг тосолсон эмэгтэй

Өнөөдрийн дугаараараа бид “Эзэнтэй уулзсан” хүмүүсийн нэг болох Есүсийн хөлийг тосолсон нэгэн эмэгтэй түүхийг хүлээн авч сонсох болно. Энэ түүхийг бид Библийн Лук номоос унших боломжтой юм. Энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ туршид Есүс газар сайгүй явж, уулзсан бүхэндээ Бурханы үнэнийг тунхаглаж, зааж, сургаж, өвчтэй хүмүүсийг эдгээж байсан юм. Маш олон хүн Түүнд итгэж Түүнийг дагаж байлаа. Мөн тогтсон хатуу дэг жаягийг нь үл тоон Бурханы хүслийг биелүүлж байсан Есүст дургүйцэж, Түүнийг үзэн ядах шашны удирдагчид ч олон байсан юм. Есүс Өөрт нь итгэсэн хүн бүрийг ялгаварлалгүйгээр хүлээн авч, тэдэнд хайр энэрлийг зааж сургаж байв. Тэр бүү хэл Есүс бусдын ялгаварлан гадуурхдаг гэм нүгэлтнүүдтэй ч ялгаварлалгүйгээр харилцаж, хатуу уламжлалаас илүү гэмшил уучлал чухал болохыг амьдралаараа харуулж байсан юм. Тиймээс хатуу уламжлалыг баримтлагчид Есүсийг дургүйцэн үзэн ядах болсон юм. Тэд Есүсийг замаасаа зайлуулахын тулд янз бүрийн арга заль хэрэглэдэг байв. Тэд шууд болон шууд бус байдлаар Есүсийг эсэргүүцэж, Түүний бүдрүүлэхийн тулд хичээдэг байв. 
    Нэгэн удаа Симон хэмээх нэгэн фарисай Есүсийг гэртээ оройн зоогонд урьсан байна. Түүний энэ урилга өнгөн дээрээ ямар ч гэм зэмгүй, харин ч зочломтгой өнгө аястай байв. Гэвч Симон тухайн үед гэрийн эзний зүгээс зочдодоо үзүүлдэг наад захын зочломтгой байдлыг үзүүлээгүй юм. Тэрээр Есүсийг тухайн үеийн уламжлалын дагуу үнсэж угтаагүй бөгөөд Түүний толгойг тосоор тослох нь бүү хэл гар хөлөө угаах ус ч өгөөгүй юм. 
    Ингээд зочид Симоны гэрт тухлах үед хүмүүст танигдсан нэгэн биеэ үнэлэгч эмэгтэй Симоны гэрт орж ирэн Есүсийн хөлийг нулимсаараа угааж, үсээрээ арчиж өгсөн байна. Тэгээд тэр үнэт тосоор Есүсийн хөлийг тосолсон байна. 
    Түүнийг Өөрт нь ийнхүү хүрэхийг Есүс зөвшөөрсөнд Симон гайхан цочирджээ. Тэрээр Есүс ийм эмэгтэй Өөрт нь хүрэхийг яагаад зөвшөөрснийг ойлгохгүй байв. Харин Есүс түүнд сургаалт зүйрлэлээр хариу өгсөн юм. Аливаа хүн хэдий чинээ их өр нь уучлагдана төдий чинээ талархах сэтгэлтэй байдаг гэдгийг Есүс түүнд сануулсан юм. Тэр эмэгтэй Есүст итгэж, Есүсийн уучлал болон мөнхийн авралыг хүлээн авсан юм. Тиймээс ч Есүс түүнийг амар тайван яв хэмээн тайвшруулсан билээ. 
    Ингээд уг үйл явдал хэрхэн өрнөснийг Иулиа хэмээх тэр эмэгтэй өөрөө өгүүлэх болно.