Капернаум дахь ЗУУТЫН ДАРГА

Өнөөдрийн дугаараараа бид “Эзэнтэй уулзсан” хүмүүсийн нэг болох Капернаум дахь Ромын зуутын даргын түүхийг хүлээн авч сонсох болно. Энэ түүхийг бид Библийн Матай болон Лук номуудаас унших боломжтой юм. Энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ туршид Есүс газар сайгүй явж, уулзсан бүхэндээ Бурханы үнэнийг тунхаглаж, зааж, сургаж, өвчтэй хүмүүсийг эдгээж байсан юм. Мөн Тэрээр Капернаум дахь гэртээ дахин дахин эргэж ирдэг байлаа. Ийм нэгэн удаа Тэрээр 100 цэрэг захирдаг Ромын нэгэн захирагчтай уулзсан байна. Тэр зуутын дарга хүндээр өвчилж үхлийн ирмэг дээр ирээд байгаа зарцынхаа төлөө Есүстэй уулзаж, эдгээж өгөхийг хүссэн байна. Тэрхүү зуутын дарга тухайн нутгийн хүмүүст сайнаар танигдсан, олны хүндэтгэл хүлээсэн хүн байсан юм. Эрх мэдэлтэй бусад хүмүүсээс ялгаатай нь тэрээр зарц боолууддаа хүртэл сайнаар ханддаг байжээ. Мөн тэрээр Ромын захиргаанд байсан Израилийн ард түмэнд тусалж, тэднийг олон талаар дэмждэг байсан юм. Тэр бүү хэл тэрээр Израильчуудад Бурхандаа мөргөл өргөх синагог хүртэл барьж өгсөн байжээ. Тиймээс түүнийг зарцаа эдгээж өгөхийг Есүсээс гуйсан тухай нь хүмүүс сонсоод хүсэлтийг нь биелүүлж өгөхийг Есүсээс хүсчээ. 
    Гэтэл мөнөөх зуутын дарга агуу итгэл, гайхамшигтай даруу занг харуулсан байна. Тэрээр зарцаа эдгээлгэхээр Есүсийг гэртээ аваачихыг хүссэнгүй. Тэрээр Есүсийг гэртээ аваачих зохисгүй хүн хэмээн хэлж, харин Есүсийг хаа байгаа газраасаа тушаахад л зарц нь эдгэх болно шүү дээ хэмээн гуйсан байна. Эрх мэдэл, шатлан захирах ёсыг нэвт шувт мэддэг зуутын дарга тэр эр Есүсийн хүч чадал эрх мэдлийг гүнээ хүндэтгэж, Түүнд бүрэн итгэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн юм. 
    Есүс ч тэрхүү зуутын даргын хүсэлтийг хүлээн авч зарцыг нь эдгээсэн байна. Нөгөөтэйгүүр Есүс энэхүү үйл явдлаар дамжуулан эргэн тойронд байгаа хүмүүстээ чухал зүйлийг ойлгуулсан юм. Тэрээр зуутын даргын итгэлийг сайшааж, Израиль даяар ийм агуу итгэлийг үзээгүй гэдгээ ч онцолсон юм. 
    Ингээд уг үйл явдал хэрхэн өрнөснийг тэрхүү зуутын даргын зарц болох Феликс хэрхэн өгүүлэхийг хамтдаа сонсоцгооё.