Хатингар гартай эр

Өнөөдрийн дугаараар бид “Эзэнтэй уулзсан” хүмүүсийн нэг болох хатингар гартай эрийн тухай түүхийг хүлээн авч сонсох болно. Энэ түүхийг бид Библийн Матай, Марк, Лук зэрэг номуудаас унших боломжтой. Энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ туршид Есүс газар сайгүй явж, уулзсан бүхэндээ Бурханы үнэнийг тунхаглаж, зааж, сургаж, өвчтэй хүмүүсийг эдгээж байсан юм. Маш олон хүн Түүнд итгэж Түүнийг дагаж байлаа. Зарим нь сониуч зандаа хөтлөгдөн Түүнийг дагаж байсан бол зарим нь Түүнээс ямар нэгэн зүйлийг хүлээн авах хүсэлдээ хөтлөгдөн Түүнийг дагаж байсан юм. Харин зарим нь Есүсээс болгоомжилж байв. Учир нь Есүс Бурханы хүсэл зоригийг эн тэргүүнд тавьж, хүмүүсийн бий болгосон хатуу дэг жаягуудыг зөрчихөөсөө буцдаггүй байв. Есүс хүмүүсийн нийгмийн байр суурийг биш харин тэдний хэрэгцээг чухалчлан үздэг байлаа. 
    Ингэхдээ Есүс гэм нүглийг уучлах эрх мэдэлд нь эргэлзсэн шашны удирдагчидтай хэд хэдэн удаа тулсан юм. Учир нь тэд Есүсийг Бурханыг доромжилж байна хэмээн үзэж байлаа. Есүс Саббат буюу Амралтын өдөр хэвтрийн өвчтэй хүнийг эдгээсэн нь шашны удирдагчдын дунд Есүсийг үзэн ядах галыг өрдсөн хэрэг болсон юм. Есүс Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн тунхаглаж, Амралтын өдөр төдийгүй бүх өдрийг Бурхан захирдаг гэдгийг тэдэнд сануулсан боловч үүнээс нь болоод Түүнийг шашны удирдагчид улам бүр үзэн ядах болж, Түүнийг хөнөөхөөр хуйвалдах болжээ. Гэвч тэдний ямар ч эсэргүүцэл хуйвалдаан Есүсийг Бурхан Эцэгийнхээ хүсэл зоригийг гүйцэлдүүлэхэд нь саад болж чадаагүй юм. 
    Өөр нэгэн Амралтын өдөр Есүс сүмд орох үед тэнд нэгэн хатингар гартай эртэй тааралдсан байна. Шашны удирдагчид Өөрийнх нь алхам бүрийг ажиглаж байгаа гэдгийг Есүс сайн мэдэж байсан учир Тэр олон түмэнд хандан Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэхийн аль нь зохилтой болохыг асуусан байна. Гэвч хэн ч Түүнд хариулсангүй. Харин Есүс тэр хүнд гараа сунга хэмээн айлдаж түүний гарыг эдгээсэн байна. Гэвч шашны удирдагчид тэр хүний эдгэрэлд баярлахын оронд Есүсийг хөнөөх хуйвалдаанаа улам бүр лавшруулсан байна. 
    Тэгвэл уг үйл явдал хэрхэн өрнөснийг хатингар гартай байсан Амон хэмээх эр өөрөө бидэнд өгүүлэх болно.