Бетзада дахь ХЭВТРИЙН ӨВЧТӨН

Өнөөдрийн драм бидэнд “Эзэнтэй уулзсан” өөр нэгэн хүн болох Бетзада дахь хэвтрийн өвчтөний тухай өгүүлэх болно. Энэ түүхийг бид Библийн Иохан номоос унших боломжтой юм. Иерусалимын Хонины дааман хаалганы дэргэд Бетзада хэмээх нэгэн цөөрөм бий. Тэр цөөрмийг тойрон өвчтэй зовлонтой хүмүүс хэвтдэг байжээ. Ус хөдлөх үед цөөрөм рүү орсон эхний хүн өвчнөөсөө эдгэрнэ хэмээн тэд итгэдэг байв. 
    Есүс тэрхүү Бетзада хэмээх цөөрмийн дэргэд 38 жилийн туршид хэвтсэн хэвтрийн өвчтөнтэй уулзсан байдаг. Тэгээд Есүс тэр хүнээс эдгэрэхийг хүсэж байна уу хэмээн асуужээ. Тэр хүн ус хөдлөх үед өөрийг нь цөөрөм рүү оруулах хүн нэг ч байхгүй хэмээн тайлбарлах үед Есүс тэр хүнд босч, дэвсгэрээ аваад яв хэмээн хэлжээ. Тэр даруйд хэвтрийн өвчтөн цоо эрүүл болж босч явсан байна. 
    Харин түүнийг цоо эрүүл болоод явж байгааг харсан шашны удирдагчид түүний эдгэрэлд баярлахын оронд түүнийг Амралтын өдөр дэвсгэрээ барин явж байна хэмээн буруутгасан байна. Харин тэр хүн хариуд нь өөрийг нь эдгээсэн үл таних хүн өөрийг нь босоод дэвсгэрээ аваад явахыг тушаасан хэмээн хэлжээ. Дараа нь тэр хүнийг сүмд байхад нь Есүс тэр хүнтэй дахин уулзсан байна. Есүс түүнийг 38 жилийн туршид амссан тэр зовлонгоос ч дор зовлонг амсахгүйн тулд гэм нүгэл үйлдэхээ болих ёстой хэмээн сануулсан байна. Тэр хүн өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг таниад шашны удирдагчдад хэлсэн байна. 
    Есүс уг хүнийг Амралтын өдөр эдгээсэн тул шашны удирдагчид Есүсийг буруутгах болжээ. Харин Есүс Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн тунхаглаж, Амралтын өдөр төдийгүй бүх өдрийг Бурхан захирдаг гэдгийг тэдэнд сануулсан юм. Гэвч үүнээс нь болоод Түүнийг шашны удирдагчид улам бүр үзэн ядах болж, Түүнийг хөнөөхөөр хуйвалдах болжээ. Хэдийгээр Есүс тэдэнтэй ойлголцож, Өөрийгөө Бурханаар илгээгдсэн, Иоханы тунхаглаж байсан, Мосе болон бусад эш үзүүлэгчдийн эш үзүүлж байсан Нэгэн мөн гэдгийг ухааруулахыг оролдсон ч талаар болсон юм. 
    Тэгвэл уг үйл явдал хэрхэн өрнөснийг хэвтрийн өвчтэй байхдаа Бетзада цөөрмийн дэргэд Есүсээр эдгээгдсэн Елиас өөрөө бидэнд өгүүлэх болно.