ХЭЗЭЭ ЯРЬЖ, ХЭЗЭЭ ДУУГҮЙ БАЙХАА МЭДДЭГ БАЙХ НЬ

ХЭЗЭЭ ЯРЬЖ, ХЭЗЭЭ ДУУГҮЙ БАЙХАА МЭДДЭГ БАЙХ НЬ

"Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй." (Номлогчийн үгс 3:1)

Танхим 30 хэм хол давж хүн тогтохын аргагүй бүгчим халуун болов. Харин цугларсан олны өмнө нэгэн залуухан улс төрч зогсохоо мэдэхгүй ярина. Байсхийн алчуураа гаргаж хөлсөө арчих тэр залуугийн яриа өндөрлөх шинжгүй. Эцэст нь тэр дуугаа өндөрсгөн өөрийг нь арай ядан сонсож буй хүмүүст хандан “Би энэ үеийнхний төлөө биш хойч үеийнхний төлөө ярьж байгаа юм” хэмээн тунхаглав. Гэтэл нэгэн эх тэсгэл алдан босоод хаалга руу алхав. Ийнхүү алхах зуураа тэр эмэгтэй “Хэрвээ та энэ эрчээрээ ярьсаар байвал хойч үеийнхнээ иртэл ярих юм байна” гэж дуу алдсан гэдэг.
Товч бөгөөд тодорхой ярина гэдэг их чухал. Бурхан 10 хуулиа 136-хан үгэнд багтаан өгсөн. Эзэний заасан гуйлт, Дуулал 23-р бүлэг, Эмчийн тангараг, Шекспирийн сонат, Скаутын тангараг, Линкольний алдарт Гетисбургийн илтгэл бүгд нийлээд 1000 үг ч хүрэхгүй. Гэтэл эсрэгээрээ жирийн хүмүүс өдөр бүр дундажаар 18 мянган үг хэлдэг байх юм. 
Надад нэгэн залбирал онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Би хувьдаа “энэ залбирлаар маш олон хүн залбирдаг байх нь зүйтэй юм даа” гэж бодсон. Тэр залбиралд ийнхүү өгүүлсэн байдаг. “Эзэн минь, намайг чалчаа нэгэн байхаас хамгаалж өгөөч. Толгойд орсон бүхнээ ярих ёстой гэсэн ойлголтоос намайг чөлөөлж өгөөч. Хүмүүсийн асуудал нэг бүрийг шийдэж чадна гэж өөртөө итгэхээс хамгаалж өгөөч. Бусдад дээрэлхүү биш харин тусархуу хандахад туслаач. Хичнээн мундаг мэргэн ухаантай байсан ч хүн болгонд түүнийгээ гайхуулдаг нэгэн байхаас хамгаалж өгөөч. Амен” гэсэн байна. 
“Дуугүй байх хийгээд ярих цаг бий” гэдгийг Номлогчийн үгс ном өгүүлсэн байдаг. Хэзээ ярих, хэзээ дуугүй байхаа мэддэг хүнд жинхэнэ мэргэн ухаан бий. Хэзээ бусдад зөвлөгөө өгөх, хэзээ амаа хамхиад дуугүй суух хоёроо ялгаж салгаж чаддаг байна гэдэг нь маш олон хүнд хэрэгтэй мэргэн ухаан. Бурхан бидэнд ярих чадвар өгсөн шигээ мөн сонсох чадварыг ч өгсөн. Үнэхээр ярих хийгээд дуугүй байх цаг гэж бий.
Нэгэн найз маань “Би тухайн хүний үнэнийг хэлэхдээ биеэ барьж чаддаггүй сул талтай. Заримдаа би хэтэрхий шулуухан хэлчихээд байдаг. Үнэн үг хатуу гэдгийг би мэднэ. Гэхдээ л би тухайн хүний алдаа дутагдлыг нүүрэн дээр нь шулуухан хэлчихдэг. Энэ нь итгэгч хүнд тохирох үйлдэл биш гэж үү?” гэж захидалдаа бичсэн юм.  
Та дараагийн удаа хэн нэгэнд хөндлөнгөөс зөвлөгөө өгөхдөө эхлээд өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. Та өөрийнхөө алдааг өөрөө мэддэг үү? Эсвэл заавал хүнээр хэлүүлэх шаардлагатай байдаг уу? Таныг асуугаагүй байхад хүн хөндлөнгөөс зөвлөх үед та дуртай байдаг уу? Үгүй юу? Таны аль хэдийн мэдэж байгаа зүйлийг танд хөндлөнгөөс хүн хэлж өгөхөд та дуртай юу? Та эхлээд эдгээр асуултуудад хариулаарай. 
Ефес номд Паул “хайр дотор үнэнийг хэлэх” тухай өгүүлсэн байдаг. Гэхдээ энд “хайр дотор” гэсэн үг байгааг бид мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл бид хэрэгтэй үед дуугаа хурааж чаддаг байх ёстой гэсэн үг. Таны хэлж байгаа үг үнэн байж болно. Гэхдээ та хайр дотроос тэр үгийг хэлэх гээгүй бол дуугүй байсан нь дээр. Та аливаа үгийг хэлэхээсээ өмнө дараахь үнэн үгийг санаарай. Эзэн Есүс “Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана” (Матай 12:37) хэмээн айлдсан. 


ЭЗЭН БИДЭНД ХЭЗЭЭ ЯРЬЖ, ХЭЗЭЭ ДУУГҮЙ БАЙХАА ЯЛГАЖ МЭДЭХ МЭРГЭН УХААНЫГ ӨГӨХ БОЛТУГАЙ.