ХОВ ЖИВ ЯМАР ҮР ДАГАВАРТАЙ ВЭ?

ХОВ ЖИВ ЯМАР ҮР ДАГАВАРТАЙ ВЭ?

"Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг ярь, амар амгалан ба үнэний шүүлт нь үүд хаалгануудад чинь байг." (Зехариа 8:16)

Энэтхэгт үйлчилж байсан шилдэг илгээлтийн эздийн нэг Эми Кармайкл үүсгэн байгуулсан “Дохнавурын нөхөрлөлд” нэгэн чухал зарчмыг баримталдаг тухай өгүүлсэн. Тэд “Дэргэд хамт байхгүй байгаа хүний талаар сөрөг зүйл ярихгүй” гэдэг зарчмыг баримталдаг байжээ. Өөрөөр хэлбэл энэ нь тэр хүнийхээ нүүрэн дээр нь хэлж чадахааргүй зүйлээ араар нь ярихгүй гэх зарчим.
Энэ чухал зарчмыг анзаарсан хүн Эми Кармайклаар дуусахгүй. Түүнээс 1500 жилийн өмнө амьдарч байсан Гэгээн Августин ширээн дээрээ “Дэргэдээ байхгүй байгаа хүний талаар дэл сул зүйл ярьсан хүн энэ ширээнд суух зохисгүй” гэсэн бичгийг тавьдаг байсан гэдэг. Учир нь Августин Есүсийн айлдсан “Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно” гэсэн үгийг үргэлж санадаг байсан юм. 
Дэл сул үгс гэдэг нь бидний амнаас бодлогогүй гарч байдаг үгс. Судалгаанаас үзвэл, жирийн хүмүүс дундажаар амьдралынхаа 13 жилийг ярьж өнгөрөөдөг гэсэн байдаг. Мэдээж арай яриа хүмүүс бол бүр ч илүү хугацааг зарцуулдаг байх. Өдөрт хүмүүс дундажаар 18 мянган үг хэлдэг бөгөөд эдгээрийг цаасан дээр буулгавал 54 хуудастай ном болно. Таны жилд хэлсэн нийт үгсийг ном болговол тус бүр нь 300 хуудас бүхий 66 ном болно гэсэн үг. Гэтэл үнэндээ тэр олон үгээс цөөнгүй нь бусдын тухай, дээрээс нь ярьснаас яриагүй нь дээр үгс байдаг.
Хүмүүс бидэн дээр ирээд “Чи тэрний тухай сонссон уу?” гэж ирээд асуудаг шүү дээ. “Үгүй ээ, тэр яасан юм бэ?” гэхээр тэд хариуд нь өөрсдийнхөө сонссон зүйлсийн тухай ярьдаг шүү дээ. Тэр бүхнийг нь бид хөдлөшгүй баримт мэтээр хүлээж авдаг. Хэрвээ бид тэднээс “Чи үүнийг үнэн гэж яаж мэдэж байгаа юм бэ? Чамд баримт байгаа юм уу?” гэхээр тэд “Би тэрнээс сонссон юмаа” гэж хэлдэг. Гэтэл тэр хүн нь өөр нэг эмэгтэйгээс, тэр эмэгтэй нь хөршөөсөө, хөрш нь найзаасаа сонссон байдаг. Гэтэл энэ бүх дамжлагын явцад тэр мэдээний утга санаа бүхэлдээ өөрчлөгдөж, үнэн нь худал болон хувирсан байдаг.
Жишээ нь хоёр бизнесмэн ингэж ярилцана. Нэг нь нөгөөгөөсөө “Чи өнгөрсөн амралтын өдөр юу хийв дээ?” гэтэл нөгөөх нь “Өө, би нарийн бичигтэйгээ уулаар аялсан” гэж хариулав. Нөгөө хүн нь “Эхнэр чинь мэдсэн үү?” гэж асуухад наадах нь инээмсэглээд “Өө, манай эхнэр миний нарийн бичиг хийдэг шүү дээ, чи мэддэггүй билүү?” хэмээн хариулсан юм. Хэрвээ бид энэ яриаг бүтэн сонсолгүй зөвхөн эхний өгүүлбэрээр дүгнэвэл ямар буруу дүгнэлт хийж болохыг та төсөөлж байгаа байх. 
Итгэгч биш залуу нэгэн пастортай хамт ажилладаг байжээ. Гэтэл тэр залуу мөнөөх пастортай муудалцсанаас болоод хариугаа авахаар шийдэж гэнэ. Тэгээд тэр залуу нөгөө пасторын цуглааны нэг ахлагчтай уулзаад тэр пасторыг ажил дээрээ ёс суртахуунгүй зүйл хийдэг тухай худлаа хов ярьсан байна. Гэтэл тэр үг цуглаан дотор нь яг л түймэр мэт хурдан тархаж улмаар гэм зэмгүй пастор маш хүнд байдалд оржээ. Цуглааных нь итгэгч нар бүгд л “Би түүнийг ийм өөдгүй хүн гэж мэдээд байсан юм аа!”, “Тэр ч яг тэгж л таарна” гэх мэтээр хүлээж авч. Гэтэл үнэндээ тэр пастор ямар ч гэм зэмгүй байсан! 
Ингээд тэр пастор хэдийгээр олны өмнө өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотолсон боловч хов жив нэгэнт хэтэрхий хол явчихсан байсан учир тэр пастор өөр хотын ондоо цуглаан руу шилжихээс аргагүй болсон гэдэг. 


ТАНД ХОВ СОНСОХ, ЦААШ НЬ ДАМЖУУЛАХ ХҮСЭЛ ТӨРВӨЛ ЭМИ КАРМАЙКЛЫН ХЭЛСЭН “ДЭРГЭД ХАМТ БАЙХГҮЙ БАЙГАА ХҮНИЙ ТАЛААР СӨРӨГ ЗҮЙЛ ЯРИХГҮЙ” ГЭСЭН ЗАРЧМЫГ САНАЖ МӨРДӨӨРЭЙ.