БУРХАНЫГ ТАНЬЖ МЭДЭХ НЬ

БУРХАНЫГ ТАНЬЖ МЭДЭХ НЬ

"Есүс —Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?" (Иохан 14:9)

Хүүхдүүд томчуудын санаанд оромгүй зүйлсийг асуудаг. Заримдаа тэд биднийг хөгжилтэй асуултуудаараа баясгадаг бол заримдаа балчир наснаасаа хэтэрсэн мэргэн ухаантай зүйлсийг өгүүлэх нь ч бий. 
Нэгэн пастор хүүхдийн цуглаан дээрээ хүүхдүүд юу хийж байгааг харахаар очжээ. Гэтэл дөрвөн настай хүүхдүүд Библийн сэдэвтэй зураг зурж байгаатай таарч гэнэ. Нэг хүү Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж байгаа тухай зурсан байсан бол өөр нэгэн охин Есүс олон мянган өлсгөлөн хүнийг хооллож байгаа тухай зурж байв. Тэгээд тэр пастор нэг охин дээр очоод юу зурж байгааг нь асуухад тэр охин “Би Бурханыг зурж байна” гэж хариулсан байна. “Ямар сайхан санаа вэ? Гэхдээ Бурхан ямар харагддагийг хэн ч мэдэхгүй шүү дээ?” гэж тэр пасторыг асуухад тэр охин урамтайгаар инээмсэглээд “Намайг зураад дуусахаар Бурхан ямар байдгийг хүмүүс мэддэг болно оо” хэмээн хариулсан гэдэг. 
Дөрвөн настай охины хувьд энэ нь арай ахадсан хариулт байж болох. Харин Есүс Христийн хувьд тийм биш. Тэрээр энэ дэлхий дээрх амьдрал, загалмайн үхэл, амилалт болон тэнгэрт одсоноороо хүн төрөлхтөнд Бурханыг таниулан харуулсан. Учир нь Тэр Өөрөө Бурхан байсан. 
Библи “Бурхан дэлхийг Христийн дотор Өөртэйгөө эвлэрүүлсэн” хэмээдэг. Бурханы Хүүг Библи дээр “Эммануэл” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ нэрийн утга нь “Бидэнтэй хамт байгаа Бурхан” гэсэн утгатай. 
Есүс энэ дэлхийд мэндэлснээр Бурхан энэ ертөнцөд хүмүүн болон ирсэн. Есүс өвчтэй хүмүүсийг эдгээх үед Бурхан тэднийг эдгээсэн. Есүс гэм нүгэлтнүүдийг уучлах үед Бурхан тэднийг уучилсан. Учир нь Есүс бол Бурхан. Хуучин Гэрээний цаг үе буюу Христийг дэлхийд мэндлэхээс өмнө Бурханы тухай илчлэл хэзээ ч ийм илэрхий байгаагүй. Мосег Израильчуудыг чөлөөлөхөөр илгээх үедээ Бурхан түүнд ““Би байгаа” намайг илгээлээ гэж хэлээрэй” хэмээн хэлсэн байдаг. 
“Би байгаа...” гэдэг бол дутуу өгүүлбэр. Өөрөөр хэлбэл Бурхан энд Өөрийгөө бүрэн дүүрэн илчлээгүй байна. Тэгвэл одоогоос 2000 жилийн өмнө Бурхан энэхүү дутуу өгүүлбэрээ Есүс Христээр дамжуулан гүйцээсэн. Тийнхүү хүмүүс бид Бурханыг бүрэн дүүрэн ойлгох боломжтой болсон. Есүс дэлхийд хандан “Би бол Үүд... Би бол Сайн Хоньчин... Би бол Амийн Талх” хэмээн Өөрийгөө бүрэн дүүрэн илчилсэн. Тийнхүү Есүс хүн төрөлхтөнд маш ойлгомжтойгоор Бурханыг илчилж өгсөн. Сайн хоньчин хонин сүргээ хайрлан халамжилдаг шиг Бурхан ч бас төөрсөн биднийг хайрлан энэрдгийг Есүс ийнхүү илэрхийлсэн.
Талх бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ. Хүн бялуу, жигнэмэггүйгээр амьдраад байж чадах ч талхгүйгээр амьдарч чадахгүй. Энэ бол бидний амьдралын салшгүй хэрэглээ. “Үүний нэгэн адил Бурхан та нарт хэрэгтэй” гэх санааг Есүс бидэнд илэрхийлсэн. Учир нь Бурхан бол бидний сүнсний талх. Тэр бол Амийн Талх.
Тэгвэл энэ бүх тодорхойлолтыг би хаанаас гаргаж ирсэн бэ? гэвэл мэдээж, Библиэс. Библи бол Бурханы амьд үг болох Есүс Христийг илчилсэн Бичмэл үг. Хэрвээ та Библийг өмнө нь уншиж байгаагүй бол би танд Иохан номыг уншиж эхлэхийг зөвлөе. Энэ нь ойлгоход амархан, бас илэрхийлэл нь ч уран яруу ном. Мөн Иохан номын 3-р бүлэг дээр бидний сайн мэдэх эшлэл бий. Мартин Льютер энэ эшлэлийг сайнмэдээний жижигрүүлсэн хувилбар хэмээн нэрлэсэн байдаг. Энэ бол Иохан 3:16. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно”. Та энэ эшлэл болон Иохан номын бусад хэсгийг унших үедээ Бурхан яг ямар Бурхан юм бэ гэдгийг илүү сайн ойлгоно. 


ТҮҮНИЙГ ТА БУРХАНЫ ХҮҮГИЙН АМЬДРАЛААС ТАНЬЖ МЭДЭХ БОЛНО.