БИ АВРАЛЫГ АВСАН ГЭДГЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

БИ АВРАЛЫГ АВСАН ГЭДГЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

"Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд" (Иохан 3:3)

“Сайн байна уу, би 26 настай.Амьдрал маань хөндий хоосон санагдах боллоо. Би өөрөө Баптист чуулганы гишүүн хүн. Гэхдээ сүүлийн хэдэн сар цуглаандаа яваагүй. Би юу гэдгийг нь мэдэхгүй ямар нэгэн зүйлд л хүрэхээр тэмүүлээд байх юм. Би сүнсээр маш сул дорой байгаагаа  л мэдэрч байна. Бидний амьдралд хаашаа явахаа мэдэхээ больчихдог ийм үе заавал тулгардаг юм уу? Та энэ асуултад минь хариулж чадах бол яаралтай хариулж өгнө үү?”
“Би Бурханаас “намайг авраач” гэж залбирч гуйсан. Гэхдээ миний итгэл сул болохоор санаа маань маш их зовж байна. Би заримдаа Бурханд итгэдэг эсэхээ ч итгэлтэй хэлж чаддаггүй. Итгэл минь дэндүү сул болохоор Бурхан намайг авраагүй юм шиг надад санагдах боллоо. Ийм өчүүхэн итгэлтэй байхад Бурхан намайг аврах болов уу? Надад асуудал тулгарах бүрт би Бурханд итгэж чадахаа больчих юм. Надад туслаач!”.
Магадгүй та энэ хоёр хүний зовлонг маш сайн ойлгож байж болох юм. Зүрхнийхээ угт итгэхийг хүсэж байгаа ч өөрт чинь тохиолдсон олон зүйлээс болоод итгэхийг хүсэж байгаа зүйлдээ итгэж чадахгүй эргэлзчихсэн явж байж ч болох. 
Өнөөдөр хичнээн хүн эргэлзэж амьдарч байгааг ганцхан Бурхан л мэдэх байх. “Миний итгэл хангалттай хүчтэй болов уу?”, “Би яагаад уруу татлагыг даван гарч чадахгүй байгаа юм бол оо?”, “Бурхан яагаад надтай бусад хүмүүстэй ярьдаг шигээ ярьдаггүй юм бол оо?” гэх зэрэг олон асуулт бидний дотор эргэлдэж байдаг. 
Ийм асуултууд наанадаж бидний амгалан тайван байдлыг алдагдуулж, цаашилбал биднийг авралын баталгаанд эргэлзэхэд хүргэдэг. Энэ дэлхийн амьдралыг орхиод Бурханы өмнө очих үед Тэр таныг хүлээж авах эсэхийг та итгэлтэй мэдэхгүй бол яаж амар тайван байх билээ?
Дээрх хоёр захидлаас үзвэл Бурхан тэдний залбирлыг сонсож байгаа гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Яагаад гэж үү? Би Бурханы үгийг болон амлалтуудыг санаж байна. Хэрвээ та өөрийн авралд итгэлтэй байхыг хүсвэл дараах зүйлсийг мэдэж байхад хангалттай.
1. Нэг зүйлийг нэг тийш нь болгоё. Бурхан танд худлаа хэлэх болов уу? Эсвэл Бурхан амлалтдаа хүрэх болов уу? Бурхан эрт цагт эш үзүүлэгчдээрээ дамжуулан хэлсэн амлалтуудаа үнэхээр биелүүлэх болов уу? Энэ бол маш энгийн хэрнээ нэн чухал асуулт. Тооллого 23-р бүлэгт “Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?” хэмээн Мосе бичсэн. Өөрөөр хэлбэл Бурханы үг бол үнэн, Түүний амлалт гарцаагүй биелэх болно гэсэн үг. 
Шинэ Гэрээнд хэлэхдээ Ром 10:9 эшлэлд “Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно” хэмээсэн. Тэгвэл эндээс нэг асуулт гарч ирнэ. Та энд бичигдсэнчлэн зүрхэндээ Есүсийг Аврагч хэмээн итгэж, Түүнийг амаараа Аврагч хэмээн тунхагласан уу? 1Иохан 5:12 эшлэлд элч Иохан “Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй” хэмээн айлдсан. 
Тэгвэл бид яагаад эргэлзээ тээнэгэлзэлд автдаг юм бэ? Олон тохиолдолд бид Бурханы үнэн үгэнд бус харин өөрийн дотор төрж буй мэдрэмждээ захирагддаг. Бидний нөхцөл байдлаас хамаарч бидний сэтгэл хөдлөл янз бүр болно хэлбэлзэж байдаг. Үнэндээ бидний сэтгэл хөдлөл маш тогтворгүй. Тэгвэл бид ийм тогтворгүй зүйлд итгэж найдаж болохгүй. Заримдаа Сатан бидний дотор эргэлзээ тээнэгэлзэл, зүсэн бүрийн асуултуудыг өгч биднийг төөрөгдүүлдэг. Заримдаа бид Бурханы үгийг сайн ойлгоогүйгээсээ болоод “Би ийм асуудалтай байж яаж Бурханы хүүхэд байх юм бэ?” гэж эргэлздэг. Тэгвэл та миний түрүүний асуултанд хэрхэн хариулснаасаа үүдээд өөрийгөө авралыг авсан хүн мөн үү, биш үү гэдгээ мэдэх боломжтой боллоо. 


ТА БУРХАНЫ ХҮҮХЭД БОЛСОН БОЛ БУРХАНЫ ҮГЭНД БАТ ИТГЭЖ, АЛИВАА ЭРГЭЛЗЭЭ ТЭЭНЭГЭЛЗЭЛ БҮХНИЙГ ХОЙШ ТАВИАРАЙ.