БИД УУЧЛААД ЗОГСОХГҮЙ ЭВЛЭРЭХ ЁСТОЙ

БИД УУЧЛААД ЗОГСОХГҮЙ ЭВЛЭРЭХ ЁСТОЙ

"Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлэв. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ." (2 Коринт 5:18)

Япон цэрэг Хироо Онодаг 1941 онд анх дайнд явах үед ах нь түүнд “Хүчтэй байгаарай!” хэмээн захижээ. Хироо Онода ч 30 жил хүчтэй тэмцсэн. Тэр тулаанаа зогсоохоос татгалзсан. Тэр бүү хэл дайн дуусчихаад байхад ч тэрээр нуугдаж, зугтаж, дайснуудын ар талд хорлон сүйтгэх ажиллагаа хийж, дайчин эрийнхээ хувьд хүчтэй байхыг бүх талаараа хичээсэн.
Юу болсныг би ярьж өгье. Онодаг Филиппин рүү илгээж түүний харьяалагдаж байсан анги нэгтгэл өмнө зүгийн Лубанг арал дээр байрлажээ. Тэндэхийн ширэнгэн ой нь өнгөлөн далдлалт, нуувч хийж бэлтгэхэд тун тоХироомжтой газар байв.
Дайн дуусахын алдад Японы тал маш их хоХироол амссан байна. Онодагийн анги нэгтгэл бараг юу ч үгүй устгагдав. Ингээд 1945 онд Онода гурван найзын хамт ширэнгэн ойд нуугдсан байна. Удалгүй нэг цэрэг оргож, харин үлдсэн хоёр цэрэг нь алагджээ. Харин Онода ганцаараа үлджээ. Дарга нь түүнд “Үхэл гэдэг өд мэт хөнгөн. Харин үүрэг даалгавар гэдэг уул мэт хүнд” хэмээн захисан юм. Тиймээс тэрээр хэзээ ч бууж өгөлгүйгээр тэрхүү уул мэт үүрэг даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлэхээр хатуу шийджээ. 
Тэр цагаас хойш олон жил өнгөрөв. Тэрээр дайн дууссан гэдэгт итгэхийг хүссэнгүй. Нэг Япон цэрэг ширэнгэд нуугдаж байгаа гэдгийг нутгийнхан бүгд мэддэг байв. Онода хааяа сэмхэн тариалангийн талбай дээрээс одос үхэр хулгайлж махыг нь нөөцөлж авдаг байлаа. Тэрээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж будааны агуулахуудыг шатаадаг байв. Нутгийн иргэд битгий хэл Япончууд өөрсдөө ч түүнийг буулгаж авч чадсангүй. Дайн дууссан гэдгийг түүнд мэдэгдэхийн тулд Японы сонин хэвлэлүүдийг ой дотор үлдээж байсан ч Онода түүнийг нь дайны суртал ухуулга хэмээн бодож итгэхээс татгалзлаж байв. Тэр бүү хэл өөрт нь “хүчтэй бай” гэж захиж байсан ах нь хүртэл арал дээр ирж чанга яригчаар түүнийг бууж өгөхийг ятгасан ч Онода түүнийг “хууран мэхлэгч байна” гэж боджээ. 
Түүний гэр бүлийнхнийх нь зургийг авчраад ч нэмэр болсонгүй. Зургийн эвлүүлэг гэж Онода бодсон байна. Бүтэн 30 жилийн туршид ямар ч арга нэмэр болсонгүй. Эцэст нь түүнд тушаал өгч ой руу илгээсэн офицерийг Японы хөдөө нутагт номын санч хийж байхад нь олж авчирсан байна. Ингээд тэрхүү офицерийн тушаалаар Онода буун өгч, гэртээ буцсан юм. Энэ үйл явдал 1974 оны гуравдугаар сарын есний өдөр болсон бөгөөд дайн дуусаад даруй 30 жил өнгөрсөн байлаа.  
“Старс энд страйпс” нэртэй Америкийн цэргийн сэтгүүлд түүний тухай “Онода хортон шавьж, өмхий намгаар дүүрэн аймшигтай ширэнгэн ойд орогнож, зэргэлдээх тосгоноос өмсөх хувцас, идэх хоолоо хулгайлан авч, хүний хөл шиг бүдүүн могойнуудтай зэрэгцэн мөлхөж, музейд тавихаар болсон хуучин буу хэдхэн ширхэг сумтайгаар бүтэн 30 жил тэссэн байна” хэмээн бахдан бичжээ. Тэрээр дайн дууссан гэдэгт итгэхийг үл хүсэн, бууж өгөлгүй тэмцэлдсээр байсан. 
Бид нэг талаасаа Хироо Онодаг онцгой, өвөрмөц, хачин жигтэй хүн мэтээр харж болох ч нөгөөтэйгүүр түүнтэй адилхан хүмүүс дэндүү олон. Бидний олонх нь тэмцлээ зогсоож, уучилж, эвлэрч, найрамдахыг хүсдэггүй. Бурхан биднийг уучлахыг хүсдэг гэдгийг бидний ихэнх нь мэддэг боловч бид уучлаад зогсохгүй цааш дахин нэг алхаж үл ойлголцсон ахан дүүстэйгээ эвлэрэх ёстойг сануулдаг. Эхнэртэйгээ, нөхөртэйгөө, үр хүүхдүүдтэйгээ, эцэг эхтэйгээ тэр бүү хэл Бурхантай эвлэрэх учиртайг бидэнд сануулдаг. 
Та дараагийн удаа хайртай дотны хүнтэйгээ муудалцсанаасаа болоод шөнийг ганцаардан өнгөрүүлэх ёстой болвол, оройн хоолоо ганцаархнаа идэх болвол, ханхай хоосон гэрт гиеүрэн суух болвол айдас хүйдэс дунд 30 жил нуугдан амьдарсан Япон цэргийг санаарай. Тэгээд “Уур уцаар, гомдол тунирхал, үл уучлалаа тээн ингэж явах нь надад үнэхээр хэрэгтэй гэж үү?” хэмээн бодоод үзээрэй. 


УУЧЛАЛ ЭВЛЭРЭЛ БОЛ БУРХАНЫ АРГА ЗАМ. БИД БУСДЫГ УУЧИЛЖ, УУЧЛААД ЗОГСОХГҮЙ ЭВЛЭРЧ БАЙЖ БИДНИЙ ЗҮРХ СЭТГЭЛД ЖИНХЭНЭ АМАР ТАЙВАН ИРДЭГ.