ТАМЫН ТАЛААР БИБЛИД ЮУГ ӨГҮҮЛДЭГ ВЭ?

ТАМЫН ТАЛААР БИБЛИД ЮУГ ӨГҮҮЛДЭГ ВЭ?

"Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа" (Матай 25:46)

Та бүхний сайн мэддэг байж магадгүй нэг түүхийг ярья. Нэгэн үл бүтэх эр байжээ. Тэр архи ууж, эхнэр хүүхдээ зодож зовоож, хүүхэн шуухантай холбогдож, шөнө дөл хүртэл наргиж цэнгэж, үл бүтэх амьдралаар амьдарсаар цагаасаа эрт өөд болж гэнэ. Харин түүний оршуулгын ёслолыг хөтөлсөн пастор түүнийг сайн хүн байсан хэмээн магтаж, одоо мөнхийн улсад байгаа хэмээн ярив. Харин үүнийг сонссон эхнэр нь том болсон хүү рүүгээ ойртож “Авсан дотор арай өөр хүн байгаа юм биш биз дээ?” хэмээн шоглонгуй асуусан гэдэг.
Өнөөдөр бид зүй бусыг үйлдэж, гэм зэмгүй, сул дорой эмэгтэйчүүд хүүхдүүдэд хүч хэрэглэж, тэдэнд хэлэх нь бүү хэл бодохоос ч аймшигтай зүйлийг үйлдсэн араатнаас ч дор хүмүүсийн тухай мэдээг олж сонсоод “Энэ ч ёстой тамд шатаж баймаар адгийн амьтан байна даа” гэж боддог. Тэгсэн хэрнээ эгэл жирийн нөхцөлд бид тамын тухай бодохыг ч хүсдэггүй. Бид өөрсдийгөө тамд биш харин диваажинд очно гэж бодон тамын тухай бодлыг толгойноосоо таягдан хаядаг. Тэгвэл там гэх энэхүү таагүй ойлголт хаанаас эхтэй вэ? 
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л тамын тухай ойлголтыг тээн ирсэн. Тэгвэл энэ тухай тодорхой бичсэн нэгэн ном бол Библи юм. Библид бидэнд тамын тухай маш тодорхой ойлголтуудыг өгсөн. Магадгүй та Библид итгэдэггүй байж болно. Эсвэл Библийн утга санааг зүгээр нэг зүйрлэл төдий хэмээн ач холбогдлыг нь бууруулан авч үздэг байж болно. Эсвэл та Библийн утга санааг орчин үеийн ойлголтын дагуу тайлж ойлгодог байж болох. Тэр утгаараа та магадгүй “там” гэдэг газар бодитойгоор байхгүй гэж боддог байж ч болох. 
Тэгвэл тамын тухай Библид юу гэж өгүүлдэг вэ? Хэдийгээр хүмүүс тамын талаар янз бүрийн ойлголттой байдаг ч Хуучин Гэрээ болон Шинэ Гэрээнд тамыг бузар муу хүмүүсийн Бурханаас тусгаарлагдан зовж тарчлах бодит газар гэдгийг маш тодорхой өгүүлсэн байдаг. Магадгүй та энэ тухай өмнө нь сонсож байгаагүй ч байж болох юм. Шинэ Гэрээнээс харвал Есүс тамын тухай өгүүлэхдээ тухайн үеийн хүмүүст ойлгогдохоор, бодитой орших газар гэдэг утгаар өгүүлсэн.
Хэрвээ бид орчин үеийн Иерусалим хот руу очвол Сионы дааман хаалга өнгөрөөд “Сион уул” зочид буудлын харалдаа нэгэн хөндий байгаа. Хэдийгээр Иерусалим хотод барилгажилт маш эрчимтэй явагдаж байгаа ч энэ хөндийд төдийлөн барилга баригдаагүй байдаг. Учир нь энэ хөндийг Хинномын хөндий гэж нэрлэдэг. Есүсийн амьдарч байсан тэр цагт үед энэ хөндий нь хотын хог хаях цэг байжээ. Энд хотын хогийг цуглуулан хоногийн 24 цаг шатааж устгалд оруулдаг байв. Тиймээс энэ хөндийгөөс үргэлжид гал дүрэлзэж, утаа суунаглаж харагддаг байж. 
Тиймээс ч Марк 9:43 эшлэлд Эзэн Есүсийг “Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр” хэмээн айлдах үед хүмүүс энэ газрын дүр зургийг дотроо төсөөлж байсан юм. Эзэн Есүс мөнхийн амьдралын тухай ярихдаа мөнхийн тамын тухай мөн өгүүлсэн. Ингэхдээ Тэр аион буюу “мөнхийн, дуусашгүй, үүрдийн” гэсэн үгийг хэрэглэжээ. 
Тэгвэл таны аион хаана өнгөрөхийг та мэдэх үү? Бурхан таны мөнхийн хувь тавиланд санаа тавьдаг учраас Тэр Өөрийн хамгийн үнэ цэнтэй, цорын ганц Хүү Есүс Христийг аймшигтай зовлон шаналал, үхлийн шийтгэл рүү илгээсэн. 
Магадгүй зарим хүмүүс “Өөрийн бүтээсэн бүтээлүүдээ там руу илгээдэг Бурханд би итгэж чадахгүй” гэж хэлж байхыг та сонсож байсан биз. Гэхдээ Библиэс харвал Бурхан там байдгийг хэлэхдээ таныг тэнд ороосой гэж хүсдэггүй тухайгаа ч мөн илэрхийлсэн. Тиймдээ ч Тэр таны төлөө эцсийн төлөөсийг төлсөн. Харин энэхүү төлөөсийг хүлээж авах эсэх сонголтыг Бурхан танд үлдээсэн. 


МӨНХИЙН МӨНХӨД ТҮҮНТЭЙ ХАМТ ДИВААЖИНД БАЙХ СОНГОЛТЫГ ХИЙГЭЭРЭЙ.