ТАМ ОРШИН БАЙДГИЙГ БАТЛАХ ТАВАН ШАЛТГААН

ТАМ ОРШИН БАЙДГИЙГ БАТЛАХ ТАВАН ШАЛТГААН

"Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог" (Матай 7:13)

Би чуулган дээрээ номлол хийснийхээ дараа үүдэнд зогсоод хүмүүстэй ярилцаж байтал нэгэн зочин над руу ойртож ирээд “Та ч Бурхан хүмүүсийг там руу илгээдэг гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг бололтой” гэж хэлсэн юм. Тэр хүн зориуд надад хандан ингэж хэлж байгаа нь илэрхий байв. Харин би хариуд нь “Үгүй ээ, Бурхан хүмүүсийг там руу илгээдэг гэдэгт би итгэдэггүй. Харин ч биднийг тамаас аврахын тулд Хүүгээ илгээсэн тэр амьд Бурханы бидэнд санал болгож буй амьдралаас татгалзсанаараа бид өөрсдийгөө там руу илгээдэг гэж би боддог” гэж хэллээ. Үнэхээр бидний мөнхөд хаана байх вэ гэдэг асуудал энэ амьдралын маань хугацаанд шийдэгддэг. 
Харин одоо би танд там байдаг гэдэгт яагаад итгэдэг болохоо хэлж өгье. Надад таван шалтгаан бий.
1. Библи бидэнд ингэж хэлсэн учраас би там байдаг гэдэгт итгэдэг. Библийн үгийг би ойлгож байна уу үгүй юу, тэр үг надад таалагдаж байна уу үгүй юу гэдгээс үл хамаараад Библийн үгийг итгэлээр хүлээж авах ёстой. Тэр утгаараа Библид хэлсэн Бурханы үгийг би Бурханы үг л гэж хүлээж авна. Бурхан надад ч юм уу өөр хэнд ч байцаалт өгөх албагүй. Библид хэлсэн үгсийг үл тоох, ач холбогдлыг нь үгүйсгэх, утга санааг нь сарниулах нь Бурханы хэлсэн үгсийг байгаагаар нь дамжуулахын тулд амиа зориулсан тэр олон ариун хүний итгэл бишрэл, хичээл зүтгэлийг доромжилсон хэрэг болно. 
2. Там байхгүй бол Бурхан шударга Бурхан байж чадахгүй. Тийм учраас би үүнд итгэдэг. Жишээ нь: 14 сая энгийн хүний амийг хөнөөсөн Адольф Гитлер гэх зэрэг хүмүүс, Тереза эх ч юм уу эсвэл Бурханд итгэх итгэлийнхээ төлөө амиа өгсөн итгэлийн баатруудтай яг адилхан газарт мөнхийн мөнхөд хамт байна гэвэл би лав төсөөлж чадахгүй. Бузар мууг үйлдэгсдэд төлөөсийг нь төлөх өдөр байх ёстой. Тэгж байж Бурхан шударга Бурхан байж чадна. Би хувьдаа тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ.
3. Хүмүүсийн гэрчлэлээс үүдээд би там байдаг гэдэгт итгэдэг. Үхэлтэй нүүр тулаад амилсан хүмүүсийн гэрчлэлүүдийг та олонтаа сонсож байсан байх. Тэд хонгилын үзүүр дэх хурц гэрэл харснаа, Есүс тэднийг Өөртөө авахаар хүлээж байсан тухай гэрчилдэг. Бид ийм гэрчлэлийг сонсож, итгэхдээ дуртай байдаг. Тэгвэл нөгөөтэйгүүр үхэлтэй нүүр тулсан хүмүүс диваажинг биш тамыг харан тухайгаа ч мөн гэрчилдэг. Тэгвэл бид ийм гэрчлэлүүдийг ч бас хүлээж авах ёстой биш үү? “Там руу яваад эргэж ирсэн нь” хэмээх номдоо доктор Маурис Роулингс ийм маш олон гэрчлэлийг тэмдэглэн үлдээсэн байдаг. “Бид яагаад хүмүүсийн мөнхийн улсад очоод ирсэн тухай түүхийг олонтаа сонсдог хэрнээ там руу яваад ирсэн тухай түүхийг тэр бүр сонсдоггүй юм болоо? Учир нь үхэлтэй нүүр тулсан хүмүүс өөрсдийн бардам зан болон ичгүүрээсээ болоод энэ тухайгаа гаргаж ярьдаггүй. Хэрвээ тэд энэ тухайгаа ярьвал өөрсдийнх нь амьдрал бүтэлгүйтсэн, буруу замаар явж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж тэд боддог. Жирийн эмч хүн гаргасан алдаагаа биш харин хамгийн өндөр амжилтаараа цоллуулах дуртай байдаг бол жирийн өвчтөн ч гэсэн үүнтэй адилхан байх биш үү?” гэж тэрээр бичсэн байдаг. 
4. Есүс Христийн үхлийг утга учиртай болгож байгаа учраас би там байдаг гэдэгт итгэдэг. Хэрвээ там байхгүй байсан бол Бурхан цорын ганц Хүүгээ илгээх шаардлагагүй байх байсан. Христ биднийг мөнхийн улсад оруулахын тулд доромжлогдон гутаагдаж, зодуулж нүдүүлж, загалмай дээр цовдлогдсон. Бурхан ямар нэгэн тэнгэрэлчээ биш харин ганц Хүүгээ бидний төлөө загалмай дээр үхүүлсэн. Юуны төлөө ингэсэн байх вэ? Та бодоод үзээрэй. 
5. Биднийг Өөрийн хүүхдүүд болгосон Бурхан Эцэгийн хайрыг гэрчилдэг учраас там байдаг гэдэгт би итгэдэг. Та Иохан 3:16 эшлэлийг мэднэ биз дээ? Гэхдээ үүний дараах эшлэл дээр юу гэж бичигдсэн байдгийг мэдэх үү? “Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ” (Иохан 3:17) гэж бичигдсэн байдаг. Мөн Лук 19:10 эшлэлд “Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ” хэмээсэн. 
Биднийг аварч, мөнхийн гэр лүү минь хөтлөн дагуулах нь сайнмэдээний гол зорилго. Тийнхүү бид ёрын муу замуудаасаа эргэж, тэнгэрийн улс өөд ширтэн харж чаддаг. 


ТАМЫН ТАЛААРХ МЭДЛЭГ НЬ БИДНИЙ МӨНХИЙН УЛСЫН ШАГНАЛЫГ ИЛҮҮ УТГА УЧИРТАЙ, ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛГОДОГ.