ТАМ БОДИТОЙ ГАЗАР МӨН ҮҮ?

ТАМ БОДИТОЙ ГАЗАР МӨН ҮҮ?

Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой" (Илчлэл 20:14)

Там гэж яг ямар газар байдаг талаар эрдэмтэн мэргэд, эгэл жирийн хүмүүс, шашны бүлгүүд бүгд янз бүрийн үзэл бодол байр суурьтай байдаг. Зарим хүмүүс үүнийг бодитой орших газар гэж үздэг бол зарим нь таагүй амьдралаа тамтай зүйрлэх нь ч бий. Харин зарим нь там байдаггүй гэж үздэг бол зарим нь там бол Бурханаас ангид орших газар хэмээн үздэг. 
Тэгвэл би танаас асууя. Та там байдагт итгэдэг үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад? Үнэндээ бүхий л түүхийн турш аливаа соёл ахуй, шашин шүтлэгт там оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэр бүү хэл Библийн Бурханы тухай огт сонсож байгаагүй эртний соёл иргэншлүүдэд ч там байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл сайн хүмүүст зориулсан диваажин болон муу муухайг хийдэг хүмүүст зориулсан там байдаг гэдэгт хүмүүс үеийн үед итгэж иржээ. 
Амьдралд сайн муу, сайхан муухай, үхэл амьдрал, гэрэл харанхуй, хүйтэн халуун холилдон оршдгийн нэгэн адил там диваажин ч мөн байдаг гэдэгт олон хүн итгэж ирсэн. 18-р зууны үеийн нэрт номлогч Жонатан Эдуардс тамын талаар ийнхүү номлосон байдаг. “Харанхуй нүх хэдийнэ зэхэгджээ. Гал дөл нь ч бэлэн болсон байна. Галт зууханд халуу шатаж нүгэлтнүүдийг хүлээн авахад бэлэн болов. Галын дөл нь аймшигтайгаар дүрэлзэж байна. Тэдний дээр галт илдийг далайж, харин доор нь харанхуй нүх хүлээнэ... Нүгэлт хүн чи сонс! Өөрийг чинь ямар аймшигтай хувь тавилан хүлээж байгааг бод!”.
Өнөөдөр бид ийм номлолыг тэр бүр сонсохгүй. Яагаад? Учир нь хэрвээ чуулганы индрээс ингэж номловол энэ нь хүмүүст таалагдахгүй. Хүмүүст таатай санагдахгүй бол тэд чуулганд ирэхгүй. Тэд чуулганд ирэхгүй бол өргөл өргөхгүй. Өргөл өргөхгүй бол пасторууд цалин авахгүй. Гэтэл хүмүүс хараал ерөөл урсгах болохоороо тамын тухай дурддаг эсрэгээрээ чуулган дээр энэ тухай ярьдаггүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр тамын тухай ярих ёстой газар нь ярихаа болчихсон байдаг.
Судалгаанаас үзвэл, үл итгэгчдэд тамын тухай ярих нь тохиромжгүй гэж Библийн сургуулийн оюутнуудын тал нь хариулсан байна. “Мөнхийн улсын тухай ярьж болно. Харин тамын тухай хэрэггүй” гэж тэд үзжээ. Чуулганы түүхч, нэрт судлаач Мартин Марти “Там аажим аажмаар бүдгэрсээр одоо хэн ч тамын тухай санахаа байсан байна” хэмээсэн байдаг. “Хүмүүс там гэдэг ойлголтыг тэнгэрлэг хайр гэдэг ойлголтын цаана халхлахыг оролдож байна” хэмээн Дэнвэрийн Библийн сургуулийн доктор Дуглас Грутхуис хэлсэн байдаг. Тамын тухай ойлголт сүүлийн жилүүдэд улам бүр суларч, хүмүүс үүнийг бодит зүйл гэж бодох нь тэр чинээгээр багассаар. 
Өнөөдөр хүмүүс тамын тухай ноцтой, нухацтайгаар бодож үзэхээ больжээ. Тэр бүү хэл Католик чуулган хүртэл тамын тухай ойлголтоо орчин үеийнхээр шинэчилсэн байна. Ватикантай ойр холбоотой ажилладаг нөлөө бүхий Иузет сэтгүүлд тамыг бодит газар биш харин “Бурханаас хол байгаа хүний нөхцөл байдал” хэмээн тодорхойлсон. Дараахан нь үүнийг II Иоан Паул батлан хэлсэн. Энэ бүхнээс үзвэл Библид гарч буй тамыг шууд утгаар нь биш харин бэлэгдлийн чанартайгаар тайлбарлах үзэгдэл улам бүр газар авсаар. Харин та тамын талаар ямар бодолтой байна вэ? Учир нь энэ бол маш чухал асуулт. 


ЭНЭ АМЬДРАЛДАА ГАРГАХ ТАНЫ ШИЙДВЭР ТАМД ЭСВЭЛ ДИВААЖИНД БАЙХЫГ ТАНЬ ШИЙДНЭ.