ТА ҮХЛИЙН ТУХАЙ ЯРИХААС АЙДАГ УУ?

ТА ҮХЛИЙН ТУХАЙ ЯРИХААС АЙДАГ УУ?

"Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй" (Эхлэл 5:24)

Өөрөөс нь үхлийн тухай асуух үед хошин шогч Вүди Аллен “Би үхлээс айдаггүй л дээ. Зүгээр л үхэлтэй нүүр тулахыг хүсдэггүй юм” гэж хариулсан байдаг. Тэгвэл түүнийг ийнхүү хэлэхээс 100 жилийн өмнө Марк Твейн ч мөн үүнтэй адил зүйлийг хэлсэн. Тэрээр “хаана үхэхээ мэдчихвэл хэзээ ч тэр газраар явахгүй” гэж хэлсэн гэдэг. 
Хэдийгээр бид үхэл хагацал, өвчин зовлон, өлсгөлөн ядуурал, нийгмийн бузар муу бүхэн ор мөргүй алга болоосой гэж хүсдэг ч энэ бүхэн байсаар л байна. Бид ямар нэгэн зүйлийг байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь биднийг тухайн зүйлд бэлтгэж эхлэх эхний алхам болдог. Эс тэгвээс бид тухайн зүйлтэйгээ нүүр тулах үед хүнд цохилтод орох болно. 
Хачирхалтай нь бид энэ амьдралдаа үхлийн дараахь амьдралын тухай тэр бүр бодоод байдаггүй. Тийм зүйл огт байхгүй мэт санаж амьдардаг. Сүүлийн үед Билл Моерс болон Жудит Моерс нарын дэвшүүлсэн “сүүлчийн хорио цээр” хэмээх асуудал хүмүүсийн анхаарлыг татах болсонд би хувьдаа их баяртай байгаа. Тэдний хувьд олон жилийн турш хүмүүстэй ярилцлага хийж, үхлийн тухай болон хүмүүсийн эрт орой хэзээ нэгэн цагт зайлшгүй нүүр тулах ёстой болдог тэр шийдвэрийн талаар бичсээр ирсэн. 
Миний хувьд би энэ сэдвээр ярихдаа таатай байдаг. Учир нь манай эцэг эхийн үеийнхэн бол үхлийн тухай дурсахыг ч хүсдэггүй байсан. Аав маань өөд болох үед би түүнтэй хэдэн долоо хоног хамт байсан юм. Эхнэрийн маань ээж аав хоёр ч үнэхээр мундаг, бурханлаг хүмүүс байсан. Гэвч ажил явдал болж өнгөрснөөс хойш эцгийн маань үхлийн тухай болон бидэнд тохиолдсон гарз хохирлын талаар хүмүүс нэг ч үг дурдахгүй байлаа. Эцэст нь эхнэр маань гайхаж надаас “Бид яагаад энэ сэдвээр ярихаас ингэтлээ цэрвэдэг юм бэ?” гэж асууж байж билээ. Хүмүүс үхлээс айдаг учраас үхлийн тухай ярих үед аягүйцдэг. Тиймдээ ч хүмүүс үхлийн тухай ярихаас зайлсхийдэг. 
Гэтэл эсрэгээрээ бид үүний тухай ярих ёстой. Би ажлын шугамаар гадаад дотоод руу аялах хэрэгцээ цөөнгүй гардаг. Ингэхдээ би өмнө нь очиж үзээгүй газрууд руу ч олон удаа аялах ёстой болдог. Тэр бүрт би очих гэж байгаа газраа ямар байх бол гэж урьдчилан судалж мэдэхийг хичээдэг. Цаг агаар нь ямар бол? Хүмүүс нь яаж угтах бол? Юунд итгэж үнэмшдэг бол? Гэх зэргээр би урьдаас мэдэхийг хичээдэг. Тэгж байж миний аялал амжилттай болно шүү дээ. 
Гэтэл бидний хүн нэг бүр үхэлтэй нүүр тулах нь гарцаагүй атал маш олон хүн үхэлд ямар ч бэлтгэлгүй байдаг. Мэдээж зарим хүмүүс гэрээслэл бичдэг. Гэхдээ үхлийн дараа хаана очих вэ гэдгээ мэддэг байх нь бидний хувьд мөнхийн улсын тухай бусдад гэрчлэх гайхамшигтай урам зориг, итгэл найдвар, амар тайвныг өгдөг. Ойр дотны хүн нь өөд болсны дараа зарим хүмүүс Библи барьж аваад “Энэ номд мөнхийн улсын тухай бичсэн байдаг. Гэхдээ яг хаана гэдгийг нь би мэдэхгүй байна” гэж ярьдаг. Та урьдаас мэдэх хэрэгтэй. Бурханы үгийг уншиж судал. Өнгөрсөн, одоо, ирээдүйгээ эргэцүүлэн бод.  
Үхэлтэй нүүр тулах цагт та ямар шийдвэрүүдийг гаргасан байхыг хүсэж байна, гэрийнхэндээ ямар үнэнийг мэдүүлсэн байхыг хүсэж байна, та амьдралдаа юуг амжуулсан байхыг хүсэж байна тэр бүхнээ эргэцүүлэн тунгаа. Тэгээд гаргах ёстой шийдвэрүүдээ оройтохоос нь өмнө яг одоо гарга. 
Дуулал 116:15 эшлэлд хэлэхдээ “Итгэлтнүүдийнх нь үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнтэй” хэмээсэн. Хэрвээ энэ нь Бурханы мэлмийд үнэ цэнтэй юм бол, бидний хувьд тэр тусмаа утга учиртай байх ёстой биш гэж үү? Бурханы хүүхдүүд болсон бидний хувьд мөнхийн гэртээ очно гэдэг үнэхээр гайхамшигтай бөгөөд нууцлаг хэрэг. Тиймээс та энэ онцгой үйл явдлын талаар урьдаас эргэцүүлэн бодож үзээрэй.


ТӨРСӨН НЬ ҮНЭН ШИГ ҮХЭХ НЬ ҮНЭН. ХАРИН ҮХЭХ ТӨРӨХИЙН ХООРОНД БИД ХЭРХЭН АМЬДАРЧ БАЙГААГАА ЭРГЭЦҮҮЛЭН БОДООД ҮЗЬЕ.