МӨНХИЙН ГЭРЭЭ БҮҮ МАРТААРАЙ

МӨНХИЙН ГЭРЭЭ БҮҮ МАРТААРАЙ

Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Иохан 16:5

Америкийн нэрт яруу найрагч Эдгар Алберт Гэст “Байшинг орон гэр болгоё гэвэл түүндээ амьдралаа зориулах хэрэгтэй” хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл зүгээр нэг байр байшин, бидний зүрхэнд ойр орон гэр хоёр ялгаатай. Магадгүй та Лондонгийн Бүкингэмийн ордон шиг эсвэл Эдинбургийн Холирүд ордон шиг эсвэл Умард Калифорниагийн Хэрт цайз шиг сүрлэг сайхан байшин барилгуудад орж үзсэн байж болох. Тэр том ордонг харахад сүрдмээр, дотор нь амьдардаг хүмүүсийг нь биширмээр санагдаж болох ч ихэнх жирийн хүмүүс “Уучлаарай, би одоо амьдарч байгаа газартаа амьдарсан нь дээр байх” гэж хэлэх байх. Учир нь тэрхүү сүртэй том ордонгууд харахад сайхан ч дотор нь амьдрахад тийм ч таатай биш ээ. 
Нэг найз маань надад саяхан худалдаж авсан 12 хоёр өрөөтэй, бүрэн тавилгатай байраа үзүүллээ. Тэрхүү гайхамшигтай байшин Европын үзэсгэлэнтэй том орднуудаас ч дутахааргүй үзэсгэлэнтэй байв. Усан сан, цэлгэр гал тогоо, дээрээс нь 12 саруулхан өрөөтэй. “Эхнэр бид хоёр гурван сар болоод унтлагын өрөөгөө сольдог юм” гэж найз маань хэлж билээ. Та бодоод үз дээ, гэрийн шаахайгаа орон доороо мартаад явлаа гэхэд 3 жилийн дараа олох нь байна шүү дээ.
Тэгээд би найзаасаа эхнэрт нь мэдэгдэлгүйгээр “Тэгээд чи энд гэртээ байгаа юм шиг байж чадаж байна уу?” гэж асуухад найз маань “Үгүй ээ, тавилгын дэлгүүрт байгаа юм шиг л байдаг” гэж шивнэж билээ.
Тэгвэл байшинг юу бидний гэр болгон хувиргадаг вэ? Энэ бол гэр бүл, хайртай дотны хүмүүс, биднийг алдаатай оноотой, байгаагаар маань хүлээн авдаг тэр л хүмүүс. Тэр газарт хайр байгаа учраас бид тэр газар бидний хувьд чухал байдаг. “Сиймхий ч гэсэн гэр минь” гэж ярьдаг даа...
Энэ дэлхийг орхин одох цаг нь ойртсоныг мэдээд Есүс зүрх сэтгэлээ нээн дагалдагч нартаа тэднийг юу хүлээж буй тухай өгүүлсэн. Ингэхдээ Тэр “Эцэгийнхээ гэр”-ийн тухай хэлсэн. Тэрээр Эцэгтээ очиж Өөрийн хүмүүстээ зориулан орон байр бэлдэх тухай ярьсан. “Эцэгийн маань гэрт, орон байр олон бий” гэж Тэр хэлсэн. 
Цаашилбал Есүс “Би Өөрөө ч тэнд хамт байх болно” хэмээсэн. Дэлхий дахинд Бурханы төлөө гайхамшигтай үйлчлэлүүдийг хийсэн Двайт Л.Мүүди нэгэн удаа номлолоо бэлдээд завгүй сууж байв. Гэтэл жаахан хүү нь өрөөнд орж ирээд дэргэд нь шалан дээр суугаад тоглож эхэлж. Мүүди хүү рүүгээ ширүүн хараад “Тодд, чамд юу хэрэгтэй вэ?” гэж асуухад хүү нь “Ааваа, надад юу ч хэрэггүй. Би зүгээр л таны дэргэд байх гэсэн юм” гэж хариулсан гэдэг. 
Үнэхээр мөнхийн улс бол Бурхан Эцэгийн маань оршихуй бидэнтэй мөнхөд хамт байх тийм газар. Үүнээс илүү сайхан нь үгүй. 
Абрахам Линкольн “Гэртээ ирэх үед бүх аялал дуусдаг. Амьд бүхэн орон гэртэй байдаг. Тэнгисийн загас, огторгуйн шувууд, ой мод, хээр талын араатан амьтад, газраар мөлхөгчид бүгд өөрийн гэсэн орон гэртэй. Өдөр өнгөрч орой болоход бүгд тийшээгээ явцгаадаг. Гэртээ харих хүсэл амьд бүхний дотор оршин байдаг. Нөгөөтэйгүүр бид энэ дэлхий дээрх гэрээ орхин одох үед биднийг хаа нэгтээ илүү сайхан гэр хүлээж байх болно. Тэр цагт бид жинхэнэ гэртээ харих болно. Тэр бол бүх аяллын маань төгсгөл байна. Энэ бол та бидэнд өгөгдсөн гайхамшигтай бэлэг, юугаар ч орлуулшгүй үнэтэй орон гэр билээ” хэмээн өгүүлсэн.
Эхнэр бид хоёр залуу байхдаа ажлын шаардлагаар маш олон газар уруу аялах ёстой болдог байлаа. Бид хуучирсан хүрэн Самсонит цүнхнийхээ дотор талын халаасанд гэрийнхээ түлхүүрийг сайтар бэхэлж хадгалдаг байсан юм. Аяллын туршид цүнхээ нээх бүрт эцэст нь гэртээ хариад энэ түлхүүрээрээ үүдээ нээгээд орно доо гэсэн бодол намайг тайвшруулдаг байж билээ.
Мөнхийн улс буюу бидний Эцэг Бурханы гэрийн үүдийг нээх түлхүүрийн тухай Есүс бидэнд өгүүлсэн. Ингэхдээ Тэрээр “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) хэмээн айлдсан. 


ӨНӨӨДӨР ТАНЫ ЦҮНХЭНД МӨНХИЙН ГЭРИЙН ТҮЛХҮҮР ТАНЬ ХАДГАЛААСТАЙ БАЙГАА ЮУ?