АЖЛЫН СТРЕСС ГЭРЛЭЛТИЙГ ЧИНЬ СҮЙРҮҮЛЭХИЙГ БҮҮ ЗӨВШӨӨР

АЖЛЫН СТРЕСС ГЭРЛЭЛТИЙГ ЧИНЬ СҮЙРҮҮЛЭХИЙГ БҮҮ ЗӨВШӨӨР

“Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. ... харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ”. Лук 12:18, 20

Майкл Гордон бол амжилттай яваа өмгөөлөгч хүн. Тэрээр ихэвчлэн үүрийн 3 цагт босч, тахиа донгодохоос ч өмнө оффис дээрээ очин “чухал хуралд” бэлтгэж эхэлдэг юм. Түүнийг ажлын хэнээтэй, амжилтад хүрэхээр тууштай зүтгэдэг нэгэн болохыг нь мэдэх ах нь түүнд барилгын хамгаалалтын малгай, хамгаалалтын нүдний шил хоёр бэлэглэж, “Гэр бүлийн амьдрал болон ажил хоёрыг хослуулна гэдэг маш хэцүү. Гэхдээ хэрвээ чи үүнийг тэнцвэртэй байлгахаар хичээнгүйлэн зүтгэх юм бол үр дүн нь гайхалтай байх болно” хэмээн захисан юм.
Гэр бүл болон ажил төрлийг хооронд нь тэнцвэржүүлэхийн тулд юу нь чухал болохыг тодорхой харах шил, гадны дарамт шахалтыг зөөлрүүлж байх хамгаалалтын малгай хэрэгтэй юм. Үнэндээ ажил болон гэр бүлийг тэнцвэртэйгээр авч явах нь таны амьдралын хамгийн хэцүү даваануудын нэг байх болно. Яагаад? Яагаад гэвэл үүний тулд бид амьдралдаа юу нь үнэ цэнэтэй, юу нь чухал болохыг тодорхойлох ёстой болдог.
Бидний өмнө тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь ажлын шаардлагаас болж хувийн харилцаагаа хохироохгүй байх явдал юм. Жишээ нь, Жейк бол амжилттай яваа бизнесмен хүн. Гэтэл түүний бизнест хүчтэй өрсөлдөгч гарч ирснээр түүний захиалга 50 хувиар буурсан байна. Гэвч түүний бизнесийн зардал хэвээрээ байлаа. Ажлын талбар дээрх энэ бүх дарамт аажимдаа түүний гэр бүлийн харилцаанд нөлөөлж эхэлсэн байна. Улмаар түүний ажил ч, гэр бүл ч аль аль нь асуудалтай болж хувирсан байна.
Тэгвэл ажлаас үүдэлтэй стресс таны гэр бүлд нөлөөлөхөөс та хэрхэн зайлсхийх вэ? Үүнийг шийдэх амархан шийдэл гэж үгүй. Гэхдээ Уолл Стрийт сэтгүүлийн нийтлэлд өгүүлэхдээ үүнийг шийдэхэд шаардлагатай алхмуудыг нэгтгэн дөрвөн алхам болгож боловсруулсан байна.
Нэгдүгээрт, ач холбогдлоор нь жагсаах. Зохиолч Сью Шалленбаргер хэлэхдээ “Амжилттай яваа хосуудын хувьд өөрсдийн бүх ажлыг зориудаар ач холбогдлоор нь жагсаасан байдаг бөгөөд жагсаалтынхаа эн тэргүүнд гэр бүлийг тавьсан байдаг” гэсэн байна. Зарим хосууд энэхүү жагсаалтаа ухаалгаар цаасан дээр буулгаж, аливаа шийдвэрийг гаргахдаа тэрхүү жагсаалтынхаа дагуу гаргадаг байна. Ийм хосуудын нэг нь хэлэхдээ “Хэрвээ тухайн үйл явдал эсвэл арга хэмжээ бидний жагсаалттай нийцэхгүй байвал бид түүнээс зайлсхийхийг хичээдэг” гэсэн байна.
Дараа нь, өөрсдийнхөө харилцааг сүнслэг зүйлсээр бэхжүүлэх. Үүнд хамтдаа залбирах, хамтдаа Библи уншиж, цуглаандаа болон Библи судлалын бүлэгт хамтдаа хамрагдаж, сургалт семинар, конференцид хамтдаа оролцох зэрэг нь багтдаг байна. Тэд ямар ч үнээр хамаагүй амжилтад хүрэх гэж оролдохын оронд дотоод хүмүүсээ тэтгэхийг илүүд үздэг байна.
Гуравдугаарт, өөрчилж чадах зүйлсээ өөрчилж, өөрчилж чадахгүй зүйлсээ хүлээн зөвшөөрөх. Мэдээж бид ажлын цагаа хүссэн хугацаагаараа богиносгож чадахгүй. Гэхдээ бид гэртээ байхдаа гэрийнхэндээ хандах хандлагаа өөрчилж чадна. Гэртээ ирэхдээ ажлын стрессээ зориуд ардаа үлдээж, ажлаас үүдэлтэй уур бухимдлаа гэрийнхэндээ гаргахгүй байж чадна. Өндөр технологийн чиглэлийн нэгэн компанийн захирал эхнэртээ өөрийнхөө компанийн хамгийн чухал үйлчлүүлэгч мэт хандах шийдвэр гаргасан тухайгаа гэрчилсэн байдаг. Тэрээр хэлэхдээ “Энэ нь романтик сонсогдохгүй байж болох ч энэ нь намайг эхнэр хүүхдүүддээ илүү ач холбогдол өгөхөд гарцаагүй тус болсон” хэмээн хэлсэн байдаг.
Дөрөвдүгээрт, гэр бүлийнхэнтэйгээ хамт ажлын стресс болон өдөр тутмын асуудлаас хол байх цагийг гаргаж хэвших. Нэгэн завгүй бизнесийн зөвлөх залуу бичихдээ “Би завиар зугаалах дуртай. Эхнэртэйгээ хамт завиар зугаалах үедээ бид нар жаргахыг хамтдаа харж, хамтдаа амарч, ямар ч сэдвээр тайван, нээлттэйгээр ярилцаж чаддаг” гэсэн байна.
Өөр нэгэн залуугаас эхнэр нь Бямба гарагт хамтдаа кино үзье гэж гуйжээ. Залуу ч зөвшөөрч, эхнэртэйгээ хамт кино үзэхийн тулд байгууллагынхаа зугаалгыг тасалсан байна. Дараа нь тэр үүнээсээ болоод ажлаасаа халагдах дээрээ тулжээ. Гэсэн ч тэр залуу харамсаагүй юм. “Би тэр шийдвэрийг дахин дахин гаргасан ч чадна. Учир нь ажлаас болж миний гэрлэлт хохирох ёсгүй” хэмээн шийдэмгий хэлсэн юм.
Бид гэр бүл болон ажлаа тэнцвэртэйгээр авч явах бүрэн боломжтой юм.


ЮУ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ БОЛОХЫГ НУХАЦТАЙ БОДОЖ ТУНГААЖ ЧАДАХ ЮМ БОЛ БИД ЭНЭ ХОЁР ТАЛБАРЫГ ХОЁУЛАНГ НЬ АМЖИЛТТАЙ АВЧ ЯВЖ ЧАДНА