АЖИЛ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ 4 АЛХАМ

АЖИЛ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ 4 АЛХАМ

Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой. Иаков 4:17

Та өөрийн ажил болон гэр бүлээ хэрхэн баланстай авч явдаг вэ? Хүү чинь танд “Ааваа, та яагаад миний тэмцээнийг ирж үздэггүй юм бэ? Бусад хүүхдүүдийн аавууд дандаа л ирдэг шүү дээ?” гэж асуух үед юу гэж хариулдаг вэ? Та ажлынхаа араас цухуйж чадахгүй байгаагаа тайлбарлаж, ямар их ажилтай болохоо учирладаг уу? Гэхдээ хүүгийн чинь хувьд та чухал үйл явдал дээр нь очоогүй гэдэг нь л хамгийн чухал байдаг.
Еил Их Сургуулийн хуулийн тэнхимийн профессор Стефен Картер хэлэхдээ бидний гаргаж буй ёс суртахууны шийдвэрүүд нь бүгд “Таны хувьд юу хамгийн үнэ цэнэтэй вэ?” гэсэн асуултаас шалтгаалж байдаг гэсэн. Тиймээс таны хувьд хүүгийнхээ тэмцээн дээр, эсвэл охиныхоо илтгэл дээр очих эсэх нь угтаа бол үнэ цэнэ, үнэлэмжтэй холбоотой шийдвэр байх нь. 
Хүүгийнхээ тоглолтон дээр очно гэж хэлээд очихгүй байгаа эцэг хүн өөрийнхөө үйлдлээрээ хүүдээ өөрт нь юу хамгийн чухал болохыг хэлж байдаг. Тиймээс Стефен Картер бидэнд зөвлөхдөө хүүдээ хуурамч амлалт өгөх биш харин хүүгийнхээ оролцох үйл ажиллагааг өөрийнхөө чухал ажлуудын жагсаалтад оруулах нь чухал гэдгийг зөвлөж байна.  
Деннис Реинид ч бас үүнтэй адил зүйл тохиолджээ. Тэрээр өөр хотод очиж илтгэл тавих ёстой болоод байтал яг тэр үеэр охиных нь төгсөлтийн баяр давхардсан байна. 
Мэдээж тэр энэхүү чухал үйл явдалд нь аавыгаа хамт байгаасай гэж хүссэн. Учир нь Деннис Реинигийн хувьд байнга өөр хотод очиж илтгэл тавьж байдаг бол охиных нь хувьд сургуулиа төгсөнө гэдэг амьдралд нь ганц тохиолдох зүйл шүү дээ. 
Гэр бүлдээ өгсөн амлалт болон ажилтай холбоотой үүрэг хариуцлагуудыг тэнцвэржүүлэхэд дараах дөрвөн алхам шаардлагатай хэмээн Реини зөвлөсөн байна. Нэгдүгээрт, Нөхцөл байдлын төлөө залбирах. 
Хоёрдугаарт, эрэмбэ дарааллыг тогтоох. 
Гуравдугаарт, Шаардлагатай төлөөсийг төлөхдөө бэлэн байх. 
Дөрөвдүгээрт, Төлөвлөгөөтэй байх. 
Нөхцөл байдлын төлөө залбирах тухайд бол та өөртөө нэг зүйлийг сануулах хэрэгтэй. Бурханы хувьд ч гэнэтийн биш юм. Хайртай хүү чинь мэндлэхээс ч өмнө, түүний чухал тоглолттой таны ажлын аялал давхцана гэдгийг Бурхан мэдэж байсан. “Аргаа барсан эцэг эхийн залбирлыг Бурхан хайрладаг” хэмээн Реини хэлсэн байна. Та Бурханаас мэргэн ухааныг гуйн залбирахынхаа хажуугаар та “Эзэн минь, энэ мөчид юу нь чухал болохыг надад ойлгуулж өгөөч” хэмээн гуйгаарай.
Дараа нь та эрэмбэ дарааллаа тогтоогоорой. Таны хувьд нь юу нь хамгийн чухал вэ? Хүүхэдтэйгээ харилцах харилцаа чухал уу? Ажлын уулзалтаа хойшлуулахаас зайлсхийх нь чухал уу? 
Гуравдугаарт, та гаргасан шийдвэртэй чинь холбоотой шаардлагатай төлөөсийг төлөхдөө бэлэн байх хэрэгтэй. Зөрчилдөөнийг шийдвэрлэх гол арга зам бол тохиролцож, буулт хийх явдал юм. Гэхдээ та бүх хүмүүсийг нэгэн зэрэг баярлуулах шийдвэрийг тэр бүр гаргаж чадахгүй гэдгээ ойлгоорой. Тиймээс та шаардлагатай төлөөсийг төлөхдөө бэлэн байх ёстой. Бүх хүмүүсийг баярлуулсан шийдвэрийг гаргах гэж оролдох нь биднийг бүтэлгүйтэл рүү хөтөлдөг гэдгийг битгий мартаарай. 
Дөрөвдүгээрт, та төлөвлөгөө боловсруул. Деннис Реинигийн хувьд тэрээр өөрийн илтгэл тавих үйл ажиллагаагаа нэг хоногоор хойшлуулж, холбогдох бүр зардлыг өөрөө төлсөн байна. Энэ нь мэдээж бүх хүнд таалагдаагүй. Гэхдээ энэ шийдвэр охиныг нь хязгааргүй ихээр баярлуулсан. Тэр энэ үйлдлээрээ охиндоо хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдлийг үлдээсэн. 
Эцэст нь хэлэхэд, хожим нь та Бурханы өмнө очих үед Бурхан таныг ажил дээрээ хэр олон удаа танилцуулга хийснийг чинь асуухгүй. Харин таны хэр сайн аав байсан бэ? гэж асуух болно. Би үүнд үнэхээр итгэлтэй байна. Тиймээс дүгнээд хэлэхэд, хэрвээ та хүнд хэцүү шийдвэрийн өмнө ирэх юм бол... 


ЗАЛБИР, ЭРЭМБЭ ДАРААЛЛЫГ ТОГТОО, ТӨЛӨӨСИЙГ ТӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛ.