НАЙДВАР БОЛОН БУРХАНЫ АЛДАР ХОЁР ЮУГААРАА ХОЛБООТОЙ ВЭ?

НАЙДВАР БОЛОН БУРХАНЫ АЛДАР ХОЁР ЮУГААРАА ХОЛБООТОЙ ВЭ?

Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй агаад хөшигний дотуур нэвтрэн ордог. Еврей 6:19

Пастор зохиолч Фрэнцис Чан хэлэхдээ “Өнөө үед бид итгэж найдахдаа тун тааруу болон хувирчээ. Би маш олон удаа урам хугарснаасаа болоод аливааг ихэнхдээ муугаар төсөөлж хүлээдэг болсон байна. Хэрвээ ямар нэг зүйл бүтэлгүйтчихгүйхэн шиг өнгөрвөл бид тэр өдрийг үнэхээр сайхан өдөр байлаа гэж дүгнэдэг болсон байна” гэсэн байдаг. Энэ үг таны амьдралыг тодорхойлж байгаа юм биш биз?
Сургаалт үгс 13:12-т хэлэхдээ “Найдвар сунжирваас зүрхний өвчин” гэсэн байдаг. Үнэндээ бүтэлгүйтэл, урам хугаралт, сэтгэлийн шаналал болон өвдөлт зовлон нь хүмүүн бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Магадгүй таны амьдралд эдгээр зүйлс бусдынхаас илүү тохиолдоод байгаа юм шиг санагдаж байж ч болох юм. Та байдгаараа хичээсэн ч таны амьдрал нэг л өөдөлж өгөхгүй байгаа юм шиг санагддаг уу?
Гэвч үнэндээ энэ амьдралд бидний хадгаламжийн дэвтэр, бидний амжилт бүтээл, бидний харж, хүрч, мэдэрч болох бүхэн, бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн аль нь ч бидэнд итгэл найдвар өгөхийн тулд оршдоггүй. Эдгээр зүйлс нь хэзээ ч бидэнд жинхэнэ итгэл найдварыг өгч чадахгүй. Харин жинхэнэ итгэл найдварын тухай өгүүлэхдээ Библи “Найдвар нь биднийг гонсойлгодоггүй” (Ром 5:5) гэсэн байдаг. Түүний бидний төлөө хийсэн үйлс бидний энэ амьдрал дахь итгэл найдварын эх сурвалж болох учиртай. Тиймээс ч элч Паул хэлэхдээ “Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг” (Ром 5:2) гэсэн байдаг. Харамсалтай нь Фрэцис Чаны хэлсэнчлэн “Бурханы алдрын найдварыг бид зүрхэндээ хүлээн авч чаддаггүй”.
Бурханы алдрын найдварыг бид зүгээр л нэг чихэнд чимэгтэй шашны үг хэллэг гэж бодвол энэ нь бидэнд ямар ч нэмэргүй юм. Тэгвэл Бурханы алдар гэж юу юм бэ? Энэ нь бидний хувьд ямар утга учиртай юм бэ?
Бурханы алдрыг бид Сайнмэдээний номуудаас харж болно. Есүс Христ бидний төлөө амиа өгч, үхлээс амилж, биднийг золин, бидний Бурхантай харилцах харилцааг сэргээж өгсөн. 2 Коринт 4:4-т хэлэхдээ “Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ” гэсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр таны амьдрал Бурханы алдраар дүүрэн байна уу? Эсвэл таны амьдрал бүтэлгүйтэл, урам хугаралтаар дүүрэн байна уу?
Бидний амьдралд Сайнмэдээ ямар хэрэгтэй болохыг бид мартах үед Бурханы алдрыг ч мөн харж чадахаа больдог. Бид Бурханы үгийг сонсож, Түүний үгийг унших цагаа хойш тавих үедээ Бурханы алдрыг харж чадахаа больж эхэлдэг.
Бид Бурхантай хамт байх цагийг хэдий чинээ гаргана, төдий чинээ Бурханы алдрыг мэдэрдэг. Иохан 1:14-д хэлэхдээ “Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм” гэсэн байдаг.
Энд гарч буй “бидний дунд оршсон” гэдэг үгийг зарим Библид “бидний дунд нутагласан” гэж орчуулсан байдаг. Тэгвэл өнөөдөр Есүс таны амьдралд нутагласан байна уу? Учир нь Есүсийг мэднэ гэдэг нь Бурханы алдрыг мэднэ гэсэн үг юм. Гол нь бид Бурханы алдар болох Есүсийг таньж мэдэхэд хангалттай цаг гаргадаг билүү?
Бид Библид цаг гаргах үед Библийн үгс бидний оюун санааг шинэчилж, биднийг найдвар луу хөтөлдөг. Учир нь үүгээр дамжуулан бид Бурхан бидний амьдралд юу хийж байгааг олж харж чаддаг. Тийнхүү бид найдвар тасарсан байдлаас итгэл найдвар луу урагшилдаг.
Тиймээс ч Еврей 6:19-т тунхаглахдаа “Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй агаад хөшигний дотуур нэвтрэн ордог” гэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр бидний зүрх сэтгэл Бурхан алдраас зангуу мэт зуурсан байна уу? Хэрвээ үгүй бол хамтдаа Эзэнд хандан залбирцгаая. Бурхан бидний харааг нөхцөл байдлаасаа минь дээш өргөж бидний мөнхийн найдвар, Бурханы алдар болсон Есүс Христийг бидэнд харуулах болтугай.